С.Ганбаатар: Том төсөвтэй засгийн газар бус их орлоготой иргэнтэй л улс байя
2012 оны улсын төсвийг өмнөх жилийнхээс гурав орчим их наяд төгрөгөөр нэмж батласан ч төсвийн ажилчиддаа нэмж олгохоор тооцсон цалингийн хугацааг хойшлуулснаас 126.8 тэр бум төгрөгийг танаж баталсан нь багш нарыг ажил хаяхад хүргэжээ. Одоогоор 160 орчим сургууль цэцэрлэгийн 10 мянга гаруй багш ажил хаяад байгаа юм байна.
Энэхүү ажил хаялтыг орон даяар боловсролынхон төдийгүй эрүүл мэнд, төр, соёлын гээд олон салбарынхан дэмжиж байгаа учраас багш нарын ажил хаялт үндэсний хэмжээний тэмцэл болж өрнөх магадлалтай болоод байгаа ажээ. Ажил хаялтыг зохион байгуулж байгаа түр хорооныхон хэвлэлийн бага хурлын үеэрээ Засгийн газрыг хэлэлцээрийн ширээнд урьж, багш нарын ажил хаялт улс төрийн зорилгогүй гэдгийг албан ёсоор мэдэгсэн юм.
Багш нарын ажил хаялтыг МҮЭХ хэрхэн дэмжиж байгаа талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас тодрууллаа.
-МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд энэ тэмцлийг үндэсний хэмжээний томоохон тэмцэл болгон манлайлах ажлын чиглэлийг аймаг салбарын холбоодоос надад үүрэг болголоо. Монголын багш нарын ажил хаялт гэж нэрлэж байгаа боловч боловсролын салбарын ажилтнуудын хүчтэй тэмцлийн үр дүнд Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, баян хоосны ялгааг арилгах, баялгийг тэгш хуваарилах зарчмыг шаардсан шударга ёсны нийгмийн тэмцэл юм.
Төрийнхний увайгүй шийдвэрийг эсэргүүцэж боловсролынхон маань нийгмийг тэргүүлэгч хүч гэдгээ нотлон харуулж байна. Эрүүл мэнд, соёл, цагдаа, онцгой байдал гээд олон байгууллага мэргэжлийн бусад салбарууд энэ тэмцлийг дэмжиж байгаа. 2011 онд улсын төсөв 3,8 их наяд төгрөг байсан. Харин 2012 онд улсын төсвийг 6.2 их наяд төгрөг болгож баталлаа.
Энэ нь төсвийг өнгөрсөн оныхоос гурав орчим их наяд төгрөгөөр нэмж баталсан хэрэг. Гурав орчим их наяд төгрөгөөр ажлын байр нэмэгдүүлж, ажилтан хүний цалинг нэмж өрх бүр, иргэн бүрийн орлогыг нэмэгдүүлж эдийн засгийн бодит өсөлтийг нэмэгдүүлэхгүй нь. Тэд тендер нэртэйгээр сонгуулийн зардлаа төсвөөс гаргах арга замаа л хайж байна шүү дээ. Бид том төсөвтэй Засгийн газртай байх биш их орлоготой ард түмэнтэй улс орон байхыг хүсч байна.
-Цалин нэмчихвэл инфляци өснө. Тийм болохоор багш нарыг асуудал тавина гэж мэдэж байсан ч ийм шийдвэр гаргасан гэдгээ төрийнхөн хэлж байгаа шүү дээ.
-Инфляцийг тогтоон барьж байх нь төрийн үүрэг шүү дээ. Нэг килограмм цагаан будаа, элсэн чихэр 420-480 төгрөгөөр хилээр оруулж 2000 төгрөгт хүргэж зарж байна. Энэ бол мөлжлөг, энэ бол үнийн зохиомол хөөрөгдөл. Хот хөдөөгүй хүмүүс амьдрах гэж, ажиллах гэж өндөр түрээс төлж, банкнаас өндөр хүүтэй зээл авч байна.
Энэ бүхэн инфляцийг өсгөж байна. Энэ бүгдийг төр л зохицуулах үүрэгтэй шүү дээ. Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхгүй байна. Сангийн яамны үндсэн үүрэг дотор төгрөгийн худалдан авах чадварыг хамгаална гэсэн байдаг.
Монгол банкны үндсэн функц дотор ч төгрөгийн гадаадын валюттай харьцах харьцааг тогтвортой барина гэсэн байдаг. Төр ажлаа хийхгүй байна. Төрийнхөн багш нараа та нарын цалинг нэмчихвэл, чи арай дээр гайгүй шиг амьдарчих юм бол инфляци өснө. Ядуу байж өөрийгөө золиосолж, хүүхдээ өлсгөж, дааруулж, байж инфляцийг барь л даа гэж байна шүү дээ. Нэртэйгээр нь багш нар инфляцийг барьж байна гээд хуульчилчих.
Өнгөрсөн жилд 300 мянган төгрөгийн цалинтай байсан хүний цалин одоо 206 мянган төгрөгтэй тэнцэхээр болж 94 мянган төгрөгөөр худалдан авах чадвар нь буурсан. Бид төгрөгийн худалдан авах чадварыг үнийн хөөрөгдлийг гүйцүүлэхийн тулд л цалин нэмэх шаардлага тавьж байна. Нэг үгээр хэлбэл, цалин нэмэх биш бүтэн талхаа авахын тулд цалингийн тохируулга л хийлгэх гэж байгаа шүү дээ.
Эх сурвалж: “Хөдөлмөр”
URL: