Төсөв тарамдуулдаг тойргийн хуваарилалт
Парламентын танхимд жил бүрийн намар хэрүүлийн алим болдог сэдэв гэвэл Улсын төсвийн хэлэлцүүлэг гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй. 2019 оны төсөв ч ялгаагүй тэр л жишгээр эхэлж байна.
Парламентад суугаа гишүүдийн хувьд дараа сонгуулиар хэн байхыг шийддэг газар нь тухайн сонгогдсон тойрог нь. Тойргоо хэн сайн “усалж” чадна тэр дараагийн сонгуулиар дахин торолзох магадлалтай. Тойргоо тордохын тулд мөнгө санхүү хэрэгтэй.
Тойрог руугаа аль болох ахиухан мөнгө чангаах шалтгаан нь энэ. Төсөв хэлэлцэж буй ийм үеэр хэн эр хүн шиг эрвэлзэж чадна тэр чулуу атгаж чадах учраас эрхэм гишүүдийн хувьд их хариуцлагатай өдрүүд ирчихээд байгаа нь энэ.
Нэг намын, нэг фракцын гишүүд хүртэл хусмаа чамалсан хүүхдүүд шиг аяглацгааж байна. Зарим нэгэнд нь “Манай хонины сүүлнээс айлын ямааны сүүл том байна” гэдэг шиг юм болж байж мэднэ. Төсвийн хуваарилалт шог байна гэдгийг олон гишүүд илэрхийлж байна.
УИХ-ын гишүүдийн тойрог дахь хөрөнгө оруулалттай холбоотой хуваарилалт задаргаа одоогоор тодорхой биш байна. Гэхдээ гишүүдийн тойргуудыг нэгтгээд харахад нэг тойрогт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан гэдгийг гишүүд хэлж байна. Одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулиар Монгол улс 76 тойрогтой байгаа. Энэ жишгээр тооцож үзэхэд 380-532 тэрбум төгрөг тойрогт хуваарилах болж байна. Гэвч зарим тойрогт, тухайлбал Увс аймгийн тойрогт 52,8 тэрбум төгрөг тэр дундаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тойрогтоо 26 орчим тэрбум төгрөг хуваарилахаар төсөвлөсөн байна гэх хэл үг дэгдээд байна. Төсвийн хэлэлцүүлэг дөнгөж эхэлж байгаа ч гишүүдийн зүгээс ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдсөн төсөв хэмээн шүүмжилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат төсвийн хуваарилалтаас шалтгаалан ангийнхаа нөхөр Ч.Хүрэлбаатарыг “Сангийн сайд тооны хулгайгаар амташч гаршсан байна” хэмээн хэлжээ.
Өчигдөр МАН-ын бүлэг хуралдах үеэрээ бас энэ төсвийн хуваарилалтыг хэлэлцэж, гишүүд “…Манай тойрогт зам тавьсангүй”, “…Миний саналыг хасчихаж”, “…Сангийн сайд итгэл эвдлээ”, “…Улсын төсвийг хэн нэгэн сайд өөрийн дураар, хувийн ашиг сонирхолдоо зориулж хуваарилах ёсгүй” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн байна.
Тойргийн мөнгө… Энхбаярын үеэс эхэлж хуваарилагдсан энэ мөнгийг тойрсон эргэлзээ одоо хүртэл үргэлжилж байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ мөнгийн төсвийн авлигал хэмээн нэрлэж байв.
Өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Маш олон жил давтагдаж байгаа сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна. 2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсчээ” гэж онцлов. Түүнчлэн гишүүдийг аргаддаг энэ мөнгөө “жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх” гэсэн сайхан нэрээр халхавчилсан байна гэжээ.
Тойргийн мөнгөний тухайд ийм зөрүүтэй байр суурь явдаг нь иргэдийн дундах эргэлзээ,хар сэрийг улам дэврээгээд байгаа юм.
Ямартай ч төсөв хэлэлцэх үеэр гишүүд тойрог руугаа аль болох ахиухан хөрөнгө мөнгө чангаах гэж сургуулийн засвар, эмнэлгийн дээвэр, цэцэрлэгийн шал гэхчлэн түмэн зовлон тоочдог. Тэр бүхэнд мөнгө хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.
Гэхдээ нөгөө талаасаа төсөв үр ашигтай, өгөөжтэй, үлдэх мөртэй байх ёстой. Харамсалтай нь манай төсөв “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэсэн зарчмаар хуваарилагддагт асуудал байгаа юм. Ингэснээр төсөв хэт тарамдаж, аманд ч үгүй хамарт ч үгүй гэдэг шиг замхардаг. Энэ л асуудал. Төсвийн үрэлгэн оновчтой бус хуваарилалт энэ мэтээр үүл мэт замхарч барих барьцгүй, харагдах бараагүй үлддэг нь олонтаа.
Төсвийн үр ашиг, зохистой хуваарилалт гэсэн ойлголт бол бараг шинжлэх ухаан юм. Монгол Улсын төсөв хэдэн их наядаар тооцогддог болсон. Энэ хэрээр боломж нэмэгдэж байгаа. Тэгэхээр төсвийг тарамдаж сарниулах бус улс орны хэмжээний том асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө мөнгөний хүчийг төвлөрүүлээд явбал улс орны хөгжилд хэрэгтэй.
Ерөнхийлөгч “Засгийн газрын өргөн барьсан төсвөөс шинэчлэлийн үнэр, эрмэлзэл харагдахгүй байна” гэсэн нь ийм учиртай биз.
М.Нэргүй
Zaluu.com
URL: