Монголчуудын маань бахархал, өв соёлын өвөрмөц нэгэн төрөл болсон олон мянган жилийн зузаан түүхтэй үндэсний бөхийн маань хувь заяа, ирээдүйн хөгжлийн зам юу болох нь энэ вэ, XX зууны монгол бөхчүүдийн маань ноён оргилуудын нэг болсон дархан аварга, хориннэгдүгээр зууны шилдэг бизнесменүүдийн манлайд яваа нэг тэрбумтан, олон үйлд хушуу дүрж явдаг нэг сэтгүүлч нарын цөөнх шударга ариун дүр эсгэн “Бид бөхийн өргөөний байшинд шунаагүй, тэр байшин бидний энэ үйл ажиллагаанд огт хамаагүй, бид гагцхүү Монгол бөхөд бий болсон шудрага бус явдлууд, цолны найраа, улсын цолыг мөнгөөр худалдаж авдаг бусармаг явдлыг үгүй хийж, Монгол бөхөө жинхэнэ өв уламжлалаар нь хөгжүүлнэ” гэцгээж гарч ирсэн. Гарч ирсэн ч гэж дээ хууль бус, хуйвалдааны хэлбэртэй ИХ ЭЕ гэх юмыг одоогоос бараг хоёр жилийн өмнө хийж, шудрага бусын нүүр царайгаа илчилж байгаа гэж олон түмэн ил далд ярьдаг болсон. Тэгэхдээ бас шат шатны шүүхээр “Энэ бол жинхэнэ Үндэсний холбоо мөн” гэсэн утгатай шийдвэр гаргуулж, заргалдаж эхэлсэн түүхтэй. Энэ хооронд эдгээр нөхдүүд Монгол бөхийн хөгжлийн төлөө юу ч хийгээгүйг Монголын найман настай балчраас, 80 настай буурлууд бүгд мэдэх болсны дээр маш сайн хэрүүлч, заргач, түүгээр ч барахгүй тэдний гар хөлүүд нь олон нийтийн хэв журмыг сахьдаггүй, бусдын эд хөрөнгийг эвдэн бусниулдаг хүмүүс юм гэдгийг мэддэг болчихлоо доо. Ийм ч учраас Бөхийн өргөөний дугуй байшинг Монголын цагдаа, хүчний байгууллагууд удаа дараа хамгаалалтандаа авч үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа билээ. Тэгэхээр одоо та нар болиочээ, бусдын хөрөнгө рүү битгий шунан дайраачээ гэж хэлмээр байна.
Эдгээр нөхдийн ингэж аашлаад, улангасан дайраад байгаагийн үндсэн зорилго, маргааны төв цэг нь Бөхийн өргөөний дугуй байшин юм байна гэдэг нь уг “өргөөг улсын мэдэлд авах талаар судалж шийдвэрлэ” гэсэн бичиг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газрын Ерөнхий сайдад очсоны дараа ухаан алдталаа сандарч эсэргүүцэл илэрхийлсэн нөхөд бол өөр хэн ч биш, зөвхөн эдгээр нөхөд байснаар өөрийн зорилгоо бүрэн илчилчих шиг болсон.
Бөхийн өргөө нээгдсэн үү? Намрын нээлтийн барилдаан болох нь уу? Бөхийн барилдаантай газар байна уу? гэж сурагласан бөх сонирхогчид хэдэн арваараа тааралдах болсоор удаж байна. Бөх сонирхогчид ийнхүү бөхийн барилдаанаар “цангаж” байхад, ид сайхан барилдаж, өдрөөс өдөрт бяр тэнхээ нь нэмэгдэж, арга мэх нь сайжирч яваа бөхчүүд маань бөхийн барилдаанаа үгүйлэн, амжилтаа ахиулах, арга мэхээ сайжруулах алтан үе минь өнгөрч хохирч байна гэцгээж байна.
Түүнчлэн тус өргөөний сул чөлөөтэй зарим өрөө тасалгаа, хонгилд үйл ажиллагаа явуулж, амьжиргаагаа залгуулж байсан цөөнгүй хүн ажлын байргүй болж амьдралын эх сурвалжаасаа салаад 4-5 сар болов. Энэ их хохирлуудыг хэн хариуцах юм бэ. Яахав уг холбооны тэргүүн гэгч баян бизнесмен, хохирлыг төлчихдөг юмаа гэхэд ид сайхан, ид хав нь тэгшрэн өндөр амжилттай барилдаж байгаа залуу аварга, арслан, гарди, заан, харцага, начингууд, улсын цолонд ойрхон байгаа аймаг, цэргийн цолтнууд, үндэсний бөхийнхөө ирээдүйг тодорхойлох нүүр царай нь болон гарч ирж байгаа залуучуудын барилдааны амжилт ахих, улам ихийг сурч мэдэх алтан үе, олон зуун мянган үзэгчид, бөх сонирхогчдын бөхийн барилдаан үзэх хүслийн хоосон орон зайг хэн хариуцаж, юугаар нөхөн төлөх юм бэ?
Бөхийн өргөөнд болдог нэг удаагийн барилдаанаас 64-200 гаруй бөх тухайн өдөр гаргасан амжилтынхаа хэрээр бай шагнал авч бэлтгэл сургуулилалт, амьдрал ахуйдаа хэрэглэдэг. Энэ тасалдсан нь бас л их хохирол. Эдгээр хохирлуудын тооцоог гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрх бөхчүүд, бөх сонирхогчид, хэн бүхэн нэхэмжлэх эрх бий. Нөгөө гэвэл Монголын шүүх гэм буруутай этгээдийг үнэн зөвөөр нь тогтоож чадахгүй бололтой. Манай шүүх засаглал ингэтлээ дампуурчихсан юмуу? Арай үгүй байлгүй дээ. Буруутай нь хэн бэ гэдгийг ард түмэн бараг бүгдээрээ шүүхтэй шүүхгүй ойлгочихлоо шүү дээ. Монголын бүх шатны шүүх иймхэн юмны үнэн мөнийг шудрагаар олж чадахгүй байгаа юм бол энэ хэргийг ард түмэндээ даатгаад өгчихмөөр юм даа. Ард түмний санал асуулгаар маргааныг шийдье л дээ.
Бөхийн өргөө МҮБХ-ны дансанд бүртгэлтэй тул холбоог нь өөрийн болгочихвол өргөө биднийх болно гэсэн гаргалгааг дээрх нөхдүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас ийнхүү хууль бус холбоо гэгчийг бий болгочихоод заргалдаад байгаа хэрэг шүү дээ. Ер нь энэ гурван эрхэмд юу дуглаа гээд энэ нэг өчүүхэн хөрөнгөнд шунана вэ? Эд нарт өмч хөрөнгө, нэр хүнд, алдар гавъяа хангалттай байгаа шүү дээ. Энэ гурван хүний хоёр нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, мөн хоёр нь гавъяат цол хэргэмтэй. Өөр юу горьдоно вэ? Сүүлийн хэдэн сарын турш цахим ертөнцөөр энэ нөхдийн үйл ажиллагааг есөн шидээр муулж, шүүмжилж байна. Эдгээр шүүмжлэл дотор үнэний углуургатай зүйлс давамгайлж байгааг би, хувьдаа дэмжиж байгаа юм.
Эцэст нь, асуудлыг нэг тийш болгохын тулд дор дурдсан гаргалгаа хийж болохоор байгааг хэлье гэж бодлоо.
Нэгэн зүйл: Дархан аваргын хувьд 50 жил ганцаардаж яваад өөрөө ялсан юм чинь энэ сайхан ялалтаа хамгаалсан шиг хамгаалж жаргаж суусан нь дээр гэж бодохын ялдамд одоо цөөнх болж, тэмцэгчийн дүр эсгээд хэрэггүй. Тэгвэл дахин 50 жил ганцаардаад ялж чадахгүйгээр өндөрлөж мэднэ шүү гэж зөвлөе. Түүний оронд өөрийнхөө түүхэн үед ноён оргилд нь гарчихсан үндэсний бөхөө хөгжүүлэх үйлсэд номтой эрдэмтэй, настай намбатай, дархан аварга хүний бууриар хамтран ажиллаач ээ гэж хүсье.
Нэгэн зүйл: Хөдөлмөрийн баатар бизнесмений хувьд дуслуулсан хөлс, бүтээсэн үйлс, нөр их хөдөлмөр зүтгэлээрээ босгож чадсан, хувийн бизнесээ улам хөгжүүлж өргөн түмний төлөө гэсэн ариун цагаан үйлсээсээ бүү хазай гэж захихын ялдамд бөхийн өргөөний тэр жижигхэн дугуй барилгаас савраа татаач гэж хэлье.
Нэгэн зүйл:
Сэтгүүлч нөхрийн хувьд чиний энэ үйлдэл тун болчимгүй агаад цэвэр хувийн өс хонзонгийн илэрхийлэл гэж хэлье. Таныг МҮБХ-ны тэргүүлэгч гишүүнээс зохих дүрмийн дагуу хөөгдсөн гэж бөхийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Ийм болохоор та хувийн өс хонзонгоо олон мянган жилийн түүхтэй, Монголын ард түмний баяр цэнгэлийн манлай болсон үндэсний бөхтэй хутгаж буй бохир үйлдлээ нэн даруй зогсоо гэж зөвлөхийн ялдамд олон зуун бөхчүүд, олон мянган бөх сонирхогчдоос уучлал гуйхийг шаардаж байна. Тунгаан бодоцгооно уу.
Уринхан овогт ИШЦЭДЭНДАЛАЙ
Багадаа барилдаж явсан, бөхийн жирийн хорхойтон