Тэмдэглэл хөтөлсөн цагдааг хамгаалалтад авсан гэв
УИХ-ын гишүүн X. Тэмүүжин 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд холбогдох баримтыг дэлгэсэн. Энэ нь олны анхаарлыг эрхгүй татаж байна. Түүнчлэн тус хэрэгтэй холбоотойгоор янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Харин үүнд албаныхан ямар хариулт өгч байгааг сонирхлоо.
Нэр нь дурьдагдсан цагдаа нар хаана байгааг бүгд мэдэж байгаа
УИХ-ын гишүүн Т.Тэмүүжин:
-Таны дэлгэсэн долдугаар сарын 1 -ний үймээндхолбогдох мэдээллийг “Цагдаагийн ажилтны ар гэрийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Атгангэрэл үгүйсгэж мэдээлэл хийлээ?
-Яг юу гэж үгүйсгэж байна.
-Таны үзүүлcэн тэмдэглэлийн дэвтэр дээр нэр нь дурьдагдсан цагдаа нар тухайн үед Ганц хутагт хоригдож, зарим нь үймээний үеэр хүнд гэмтэл авч гэртээ сувилуулж байсан гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэр тэмдэглэл дээр бичигдсэн зүйл ор үндэсгүй гэж хэлсэн?
-Тэмдэглэлд нэр нь дурьдагдсан цагдаа нар тухайн үед хаана байсан, одоо хаана байгааг бүгд мэдэж байгаа. Үүнийг мэдээлэл хийх үед тодорхой ярьсан.
-Танд тэмдэглэлийн дэвтрээ өгсөн цагдаагийн аюулгүй байдал талаас нь анхаарч байгаа юу. Түүңд ямар нэгэн дарамт ирэхэд хэн хариуцах вэ?
-Тухайн албан хаагчийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байгаа.
Х.Тэмүүжин долдугаар сарын 1 -ний хэргээр шоудаж байна
“Цагдаагийн ажилтны ар гэрийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж. Алтангэрэл:
-Та УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн мэдээллийг үгүйсгэлээ. Энэ талаараа тодруулаач?
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн танилцуулж буй тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн зүйл шиг юм огт болоогүй. Түүнчлэн Эргүүл хамгаалалтын газрын подвалийн бие засах өрөөний суултуурыг авахуулж, гурван метр орчим гүн нүх ухуулж, нүхэнд нэлээн зузаан бүдүүн труба авчирч суулгаад буудлага хийж, долдугаар сарын 1-нд хэрэглэсэн буунуудын цохилуур болон бусад зүйлийг өөрчилсөн. Нүх ухсан Ганболд, Батболд, Төмөрбаатар гэх цагдаа нарын нэрийг дурьдаж байгаа. Гэтэл тухайн үед дээрх, цагдаа нарын зарим нь Ганцхудагт хоригдож байсан. Харин нэг нь үймээний үеэр хөлөө бэртээгээд гэртээ сувилуулж байсан.
-Үүнийг юугаар батлах вэ?
-Би үймээнд оролцсон цагдаа нарын ар гэрийнхэнтэй холбоотой байдаг. Тэд үүнийг батална. Харин Х.Тэмүүжин гишүүний хувьд долдугаар сарын 1-ний хэргийг улстөрийн шоу болгож байна гэж ойлгож байгаа. Тиймээс бид Х.Тэмүүжинд Ш.Батсүх, Ш.Мягмарсүрэн, Н.Ариунболд, Д.Мандах нарын 15 цагдаагийн албан хаагчийн гарын үсэгтэй захидал хүргүүлж байгаа. Захидалд ‘Таны хийсэн мэдээлэл үнэнд нийцэхгүй байна” гэдгийг тусгасан.
Х.Тэмүүжин гишүүнд тэмдэглэлийн дэвтэр өгсөн цагдаагаас мэдүүлэг авсан
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа:
-Танай алба долдугаар сарын 1-ний хэргийг гардан шалгасан. Х.Тэмүүжин гишүүний ярьсан зүйлтэй санал нэгдэх үү?
-Манай Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Хүний эрхийн дэд хороонд хүсэлт гаргаж байж тэр цагдаагийн тэмдэглэлийг авсан. Хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулсан.
-Тэмдэглэл бичсэн цагдаагаас мэдүүлэг авч байсан уу?
-Тэмдэглэл бичсэн цагдаагийн албан хаагчаас мэдүүлэг авч байсан. Сая хэлсэн. Х.Тэмүүжин гишүүний яриад байгаа өдрийн тэмдэглэл хавтаст хэрэгт нотлох баримт болж орсон гэж.
-Тэмдэглэлийн дэвтэр баттай нотолгоо болох болов уу?
-Хэрэг хяналтын шатандаа байгаа. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Албаныхан ийм хариу өгч байгаа бол тэмдэглэлийн дэвтэр хөтөлсөн цагдаагийн ар гэрийнхэн ‘Тэмдэглэл хөтлөх нь хүний эрхийн асуудал. Болсон зүйлийг болоогүй мэтээр ярьчихдаг бусармаг хүмүүсийн эсрэг хэлэх үгтэй байх хэрэгтэй. Энэ тэмдэглэлийг хөтлөөгүй бол өөрөө ч гэмт хэрэгтэн болох байсан юм бил үү. Ийм итгэл найдваргүй хамт олны дунд байхад юунд ч өртөж болно. Тиймээс тэмдэглэл хөтөлсөн юм. Цагдаагийн ар гэрийн холбооны дарга Ж.Алтангэрэл энэ сарын 24-ний 20.00 цагийн үед 9302…. дугаараас утсаар ярьж “Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн байна. Яахаараа тэмдэглэл хөтөлдөг юм бэ. Ноцтой асуудал болоод байна. Уулзаж тохирьё” гэсэн. Бид хүсэлтийг хүлээж аваагүй” хэмээн ярьсан юм.
Д.Сүхбаатар
URL: