УИХ-ын гишүүн Д.Мурат Монгол төрийн сэнтийг бузарлаж дууслаа

857b7f046f490c7bec8e74a1e88ee361УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой хормой хотны асуудал дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр нэгэн бүсгүйд дотно харилцаатай болох санал тавьж, элдэв ёс бус зургаа илгээж, дарамталж, бүр гар хүрсэн гэж хохирогч шүүхэд гомдол гаргасан юм.

Түүгээр ч зогсохгүй хохирогч бүсгүй энэ тухайгаа хэвлэлд ярьж, түүнд илгээсэн зургуудийг нийтэд дэлгэсэн билээ. Харин хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүхээс Д.Муратад холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож, цатгаатгасан тухай мэдээлэл цацагдсан. Ямартаа ч хохирогч болох хөдөөний 30 гаруй насны хүүхнийг тэрбээр аргалаад өнгөрөв бололтой. Шүүхээс Д.Мурат гишүүнийг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь бүх зүйл дууссан гэсэн үг биш юм. Тэрбээр ийм ёс зүйгүй асуудалд орооцолдож, хэл үг үүсгэснийхээ төлөө ёс суртахууны хариуцлагаас зугатах учиргүй. Төрийн өндөр дээд албыг хаших эрхэм чанарыг уландаа гишгэсэн гишүүн гуай шүүхээр нэрээ цэвэрлүүлээд авлаа гэж маадгар алхаж байж мэднэ. Тэгвэл Монгол төрийн эрхэм дээд сэнтийд ийм ёс зүйтэй хүн суух эрхгүй. Ёс зүйн хариуцлага хүлээж суудлаа тавьж өгөх ёстой. Ардчилсан намынхан ч хаацайлж үлдэлгүй УИХ-аас явуулах ёстой. Ёс зүйн хэм хэмжээг давж, төрийн хар хүний мөн чанар, нэр хүндийг шаварт хутгасан ийм гишүүдийг хаацайлах нь хэтэрхий утгагүй, увайгүй, ичгүүргүй үйлдэл болно. Монгол төрийн жолоог ийм хүмүүс барьдаггүй.

МАН-ын залуу гишүүн Д.Гантулгыг хар. Хэрэв ёс зүй ярих юм бол түүнийг залуу насны алдаа гэж зөөлрүүлж болох. Мэдээж, Д.Гантулга гишүүний асуудалд Ерөнхийлөгчийн сонгууль, элдэв улс төр нөлөөлсөн байх. Гэхдээ л тэр ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-аас яваад өглөө. Д.Гантулга нь ч бай, Д.Мурат нь ч бай ийм хэрэг хийгээгүй байж болно. Гэхдээ ичгүүргүй хэл аманд орсныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээх ёстой.

Үйл явдлыг харж байхад Д.Мурат гишүүн ёс зүйн хариуцлага хүлээх нь бүү хэл өөрийнх нь булай явдлыг мэдээллээ гэж сэтгүүлчийг шоронд хийхээр хөөцөлдөж явна. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ” гэгчээр өөрсдөө анхнаасаа ёс зүйтэй амьдарсан бол хэн тэднийг илчилж бичих билээ. Бүх зүйл өөрөөс нь эхлэлтэй атал бусдыг буруутгах гэж зүтгэж буй Д.Мурат гишүүнээс ёс зүйтэй байхыг шаардах эрх сэтгүүлчид бий. Үүнийх нь төлөө “миний бузар булайг дэлгэлээ” гэж сэтгүүлчийг шүүхэд өгөх нь гишүүний өөрийнх нь ёс суртахууны хэм хэмжээг илчлээд өгөв.

Д.Мурат гишүүнийг шүүхээс цагаатгажээ гэдэг нь нөгөө талдаа хохирогч эмэгтэй худлаа ярьсан болж таарах нь. Харин өөрийн биеэр яриад, зураг сэлтийг нь үзүүлээд байгаа тэр эмэгтэйн яриаг нийтэд хүргэсэн сэтгүүлчийг шоронд хорих нь хэтэрхий биеэ өмөөрсөн хүний үйлдэл юм.

Бидний жишээ болгон ярьдаг өндөр хөгжилтэй орнуудад ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө огцрох явдал энгийн үзэгдэл болсон байдаг. Өөрөө төдийгүй гэр бүлийнхэн нь авлига хээл хахууль зэрэг хууль бус үйлдэлд орооцолдсон бол ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгдөг нийтлэг жишигтэй. Дэлхийн улстөрчид хэрхэн ёс зүйн хариуцлага хүлээдэг талаар доктор Ц.Мөнхцэцэг “Дэлхийн улс орнуудын парламентад дэг зөрчсөн гишүүнд тооцох хариуцлагыг нарийн тодорхой томьёолсон байдаг. Тухайлбал, Герман, Их Британи, Франц зэрэг ихэнх улсуудад дэг зөрчвөл сануулга өгөх, үг хэлэх эрхийг нь хасах, танхимаас гаргах, ноцтой зөрчилд 5-30 хүртэл хоногоор парламентын чуулганд оролцох эрхийг нь хасах арга хэмжээ авдаг юм. Грект дэгийг ноцтой зөрчсөн гишүүнийг буруутгах тухай тогтоолыг нийслэлийн гурав, тухайн гишүүний сонгогдсон тойргийн хоёр сонинд нийтэлж олон нийтэд танилцуулдаг нь өвөрмөц бөгөөд үр дүнтэй шийтгэл гэж тооцогддог байна. Мөн Испанид дэг зөрчсөн гишүүдэд мөнгөн торгууль ногдуулдаг юм. Харин манайд чуулганы хуралдаанаас хоцорсон, тасалсан, өөр гишүүний өмнөөс санал өгсөн зэрэг дэг зөрчсөн үйлдлүүдэд ямар нэг хариуцлага тооцохгүй байна” хэмээжээ. Гэтэл манай Д.Мурат гишүүн маань УИХ-ын чуулганы дэг байтугай улстөрчийн ёс зүйг уландаа гишгэчихээд, бусдыг буруутгасан шиг хээв нэг алхаж явна. Ц.Мөнхцэцэг судлаачийн онцолсноор “АНУ зэрэг Өрнөдийн олон оронд улстөрчийг улс төрийн тавцнаас холдуулдаг, улс төрийн замналыг нь үгүй хийдэг зүйл бол гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байдаг. Олон улстөрч, сенатын гишүүд энэ асуудлын улмаас огцорч байсан. Ийм ёс зүйн алдаа гаргаж огцорсон бол тухайн улстөрчийн карьер эгнэгт дуусч улс төрийн тавцангаас арчигддаг”.

Дэлхийн улстөрчид ёс зүйгүй үйлдэлд холбогдоод хэрхэн хариуцлага хүлээсэн тухай олон жишээ байдаг. Тухайлбал, Олон улсын валютын сангийн Ерөнхийлөгч Стросс Кан зочид буудлын үйлчлэгч бүсгүйг оролдсон хэмээн Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ алдаж байв. Дэлхийн банкны ерөнхийлөгч дотно харилцаатай эмэгтэйдээ илүү цалин өгсөн хэмээн албан тушаалаасаа огцорч байсан. Эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг Америкт өрнөсөн “Би ч бас” хөдөлгөөнд дэлхийн олон улс нэгдэн орсон бөгөөд энэ үеэр хэд хэдэн улстөрч ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээсэн талаар мэдээлж байсан. Соёлт хүн төрөлхтний ёс зүйн хариуцлага ийм тов тодорхой.

“Хууль зөрчихөөсөө ёс суртахуун зөрчих нь илүү гутамшигтай” гэж манай сонин бичиж байсан. Ес зүйгүй үйлдэлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат монгол төрийн ариун сэнтийд суух эрх байхгүй. Монголын төр бол үе үеийн эх орончдын амь насны төлөөсөөр үлдэж хоцорсон ариун дагшин сэнтий. Хэн дуртай нь юу ч хамаагүй хийдэг явуулын газар биш билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих