Олимпийн хороо болон П.Орхон одоо болтол яагаад чимээгүй байна вэ

olloo_mn_1539653614_93Тамирчны ялалт хямдхан олдоггүй гэдэг. Тив дэлхийд өөрийнхөө нэрийг төдийгүй улсынхаа нэрийг гаргаж, төрийн дуулалаа эгшигүүлж, далбаагаа мандуулах нь тамирчин хүний ганц хүсэл мөрөөдөл, гавьяа байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

Манай улс тив дэлхийд нэрээ дуурсгаж, гаргасан амжилтаа бадруулж гайхуулсан олон тамирчин бий.

Тэдний нэг бол яах аргагүй МУГТ, Дэлхийн аварга П.Орхон юм. Сүүлийн жилүүдэд одтой босоо байсан залуу тамирчны хувьд өнгөрсөн есдүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж таагүй мэдээлэл цацагдсаныг та бүхэн сайн мэднэ.

Тодруулбал, Монголчуудынхаа итгэл найдвар 2020 оны Олимпийн найдвар болсон мундаг тамирчнаас сэргээш илрэв. Үүнийг нь Азийн олимпийн зөвлөл баталж, олон нийтэд зарласан юм. Ингэснээр энэ жилийн ДАШТ-ний алтан медалийг нь хурааж авах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл энэ явдлаас хойш гавьяат тамирч П.Орхон болон Олимпийн хороо, дасгалжуулагч багш нар нь чимээгүй, таг чиг байсаар өнөөдөртэй золгов. Яагаад тэд дуугарахгүй байна. Ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. МЧБХ, МҮОХ энэ асуудлаар ямар ч байр суурь илэрхийлээгүй.

Монголчуудынхаа магнайг тэнийлгэж, сэтгэлийг нь баясгаж явсан цуутай тамирчин ингээд нэрээ шаварт хутгаж, шалбаагт унагах нь ямар л олигтой байх билээ. Өнөөг хүртэл энэ асуудлын хүрээнд хэн ч ямар нэгэн мэдээлэл өгөхгүй хэмээн хэн хэндээ амласан гэх дам яриа ч тархав.

Ганц П.Орхоноос биш Монгол Улсын нэр хүнд ч тив дэлхийд уналаа. Үүний цаана Монгол Улсын тамирчдын нэр хүндтэй холбоотой таагүй мэдээлэл тархаад байгаа юм.

Гавьяат тамирчны гаргасан бүх амжилтыг хүчингүйд тооцож, дараагийн тэмцээн наадамд оролцох эрхийг нь хассанаар бүх зүйл дуусчихгүй. Дэлхийд балласан улсынхаа нэрийг яаж сэргээх вэ. Дээрээс нь хориотой эм бэлдмэл хэрэглэж тэмцээн наадамд оролцож байсан тэрбээр үнэнээ өчиж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт яагаад гуйхгүй байгаа юм бэ. Багш дасгалжуулагч, чөлөөт бөхийн холбоо нь ч ялгаагүй.

П.Орхоны багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Энэ талаар би сайн мэдэхгүй. Түүнийг хорлосон нь тодорхой. Дасгалжуулагчийн ажлаа больж байгаа, ажлаа хүлээлгэж өгч байгаа” гэхээс өөр зүйл ярьж, амнаасаа хий гаргахыг хүссэнгүй.

Дэлхийн аварга П.Орхон болохоор өөрийгөө хэн нэгэнд “чадуулсан” гэж үзэж байгаа ч хориотой эм бэлдмэл санаатай болоод санамсаргүй хэрэглэсэн гэдгээ нотолж чадаагүй. “Одоогоор тодорхойгүй асуудлаар мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Дэлхийн бөхийн холбооноос П.Орхонд ямар арга хэмжээ авахыг нь хүлээж байна” гэв.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга “Олон уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан охиныг хайрлах ёстой. Допингийн асуудал гэдэг бол хувь хүний нууцтай асуудал. Гадуур янз бүрийн мэдээлэл гарч байгаад үнэхээр харамсаж байна. Хүний өмнөөс ямар нэгэн мэдэгдэл хийхгүй эрхгүй” гэлээ.

Холбогдох албаны эх сурвалжууд нь “Би мэдэхгүй байна. Багш дасгалжуулагчид нь мэднэ. Хамаагүй зүйл ярьж болохгүй. Хүний нэр төр” гэж бие бие рүүгээ бухаж булзсаар байгаа юм. Ямар ч тохиолдлоор тамирчин хүн санаатай санамсаргүй байдлаар сэргээш хэрэглэсэн бол хатуухан хариуцлага хүлээлгэх ёстой.

Тамирчин хүн сэргээш хэрэглэхгүй байх нөхцлөө бүрэн хангах ёстой. Тиймээс үүргээ ухамсарлаагүй тамирчин гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.

Уг нь бол ганц тамирчны асуудал биш улс орны нэр хүндийн асуудал баймаар юм даа. Тиймээс ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөх нь хувь хүний ухамсар, ёсзүй бусуу.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих