Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Ерөнхийлөгчөөс санал авах хэрэгтэй

Энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хэлэлцжээ. УИХ-ын хэсэг гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр чиглэлээр өнгөрөгч долоо хоногт өргөн барьсан. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хязгаарлалт оруулахаар тусгасан байгаа. Үүнийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа аж. Нөгөө өөрчлөлт нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Тодруулбал, сумын Засаг даргыг сумын нийт иргэдээс сонгох, багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилдог байх, аймгийн Засаг даргыг аймгийн ИТХ-тай зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий сайд томилдог байх, нийслэлийн Засаг дарга нь дүүргийн Засаг даргыг томилдог байх, дүүрэг нь хороодоо томилдог байх өөрчлөлт юм. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүд дэмжжээ. Гэхдээ аль зүйл заалтад ямар нэмэлт оруулах вэ гэдгээ нягтлах хэрэгтэй гэж үзсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг авах хэрэгтэй гэж санал нэгджээ. Мөн Үндсэн хуулийн Цэцийн саналыг сонсох нь зөв гэсэн байна.

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих