Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн байна.
Үдээс хойш буюу 14.00 цагт болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ-ны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн тайланг сонсож, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулна.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: