Гэмтэл авсан цагдаагийн албан хаагч одоо хүртэл ухаан ороогүй байна
Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг өнгөрсөн шөнө баривчилсан. Тодруулбал, 22 цаг 30 минутад Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна.
Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр /2018.10.15/ 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан юм.
Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийг үргэлжлүүлсэн.
Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.
Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.
Б.Анир
Zaluu.com
URL: