Лам нар 10-р богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг хамба Номун хаанаар өргөмжиллөө

khamba2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал талаас цугларсан аж. Монголын мяндагтан том лам нар ийнхүү шавсан учраас тус нутгийнхан “10-р Богдын хойд дүр манай аймгаас тодрох нь” хэмээн шивэр авир хийж байжээ. Гэтэл үнэндээ 10-р Богдын хойд дүрийг тодруулах асуудал Хятадын шашны хэрэг эрхлэх газрын зүгээс тун их саад тотгортой учраад байгаа юм байна. Тэд Түвдийн 14-р Далай ламын тодруулсан хүүхдийг 10-р Богд хэмээн огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Иймээс монгол лам нар маань юуны өмнө Монголын шашны асуудлыг толгой мэдэн шийдэх эрх мэдэл бүхий хүн олж тодруулаад дараа нь Жавзундамба хутагтын 10-р дүрийг өөрсдөө мэдэж сууринд нь залах нь зөв гэж ярилцжээ. Гэвч өнөөдөр Чойжамц хамбаас өөр нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хамба байхгүй, хэдийгээр сүүлийн үед тодорсон олон хутагт хувилгаад цөөнгүй байгаа ч зарим нь цэргийн гэгээнтэн болох зэргээр нэр сүрээ цөвтүүлсэн учир Гандантэгчинлэн хийдийн тэргүүнээ өөд нь татая хэмээн шийдсэн байна. Ингээд Сүхбаатар аймгийн иргэдийн хурлын танхимд хуралдаж Гандантэгчинлэн хийдийн хамба лам Бүхэл овгийн Д.Чойжамцыг Монголын Бурханы Шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүдийн нийт 99 хувийн саналаар Хамба Номун хаан цолоор өргөмжлөн Монголын бурханы шашны хаанаар батламжилсан байна. Хамба Номун хаан гэдэг нь ямар учиртай цол өргөмжлөл болохыг судалж үзвэл одоогоос 2500 жилийн тэртээ Будда Шагжамуни “Тас цогцолсон” хэмээх ууланд Пражнапармита буюу билэг бармидын номыг номлож байх үедээ нэгэн агшин дотор хоёр газар зэрэг ном номлосон гэх түүхтэй холбогддог юм байна.

44079818_257856621588823_7347682844287696896_n Лам нар 10-р богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг хамба Номун хаанаар өргөмжиллөө

Бурхан багш “Тас цогцолсон” хэмээх ууланд билэг барамидын номыг номлож байх үест Шамбалын орноос Жамбалдагва хэмээх хаантан замбулинд морилон ирж, өмнөд Энэтхэгийн Балдан Дэпүн балгасанд бурхан багшаас дүйнхор бурханы эш бошгыг авч дээд Шамбалын орондоо буцан очиж Шамбалын орны шашин төрийн хэргийг хослон барих долоон их Номун хаан болсоноор Номун хаан хэмээх цол гуншин анхлан бий болсон гэж Буддын шашны судар номонд бичсэн байдаг аж. Үүний дараагаар эртний Энэтхэг оронд даян Чойжил Нянанмэд буюу Ашока хаан Энэтхэгийн Номун хаан болон өргөмжлөгджээ. Энэтхэг, Түвд, Монгол гурван улсыг буддын шашинтнууд “Номт шүтэн барилдлагатай их гурван улс” гэж нэрийддэг бөгөөд Түвдэд төр, шашны хэргийг эрхлэх Соронзон Гомбо хааныг Номун хаан болгон өргөмжилж байсан түүхтэй юм байна. Үүний дараа Монгол оронд Хамба Номун хаан цол хэргэмийг бий болгож байсан төдийгүй 8-р Богд Жавзундамба хутагтыг Наран гэрэлт, Түмэн наст Хамба Номун хаанаар өргөмжлөн он тооллыг олноо өргөгдсөн хэмээн нэрлэж эхэлжээ. Харин Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамцыг Монголын Бурханы Шашны Хамба Номун хаан цолоор өргөмжлөн батламжилсан явдал нь түүхэн уламжлалт зан үйлийг сэргээн хэрэгжүүлэх, Монгол улсын шинэ цагийн хааны билэг дэмбэрэлийг илэрхийлсэн үйл хэрэг гэж Монголын Бурханы Шашинтны төвийн тэргүүн лам нар тайлбарлаж байна. Хуучин цагт хүрээний Хамба номун хааны эрх ямба нь нэлээд өргөн дэлгэр байжээ. Хутагт хувилгаадын явдал суудал бүх эрх үүргийг мэдэж шийддэг байсан аж. Тиймээс эдүгээ цагт тодорсон Хамба Номун хаан Д.Чойжамц 10-р Богд Жавзундамбыг тодруулахаас эхлээд Монголд тодорсон бүх хутагт хувилгаадын эрх ямбыг гүйцэлдүүлэн нэгтгэн захирах эрх мэдэлтэй юм байна. Өөрөөр хэлбэл Далай ламын зүгээс хутагт хувилгаан тодруулдаг байсан явдлыг үгүй хийж, Түвдээс хамааралгүй болгож байгаа юм байна. Монголчууд Монголынхоо бүх шашны асуудлыг дотооддоо шийдэхээр болж байгаа ажээ. Ардын хувьсгалаас хойш анх удаа шинэ цагийн Монгол оронд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц Монгол улсын шашны хэргийг шийдвэрлэх Хамба Номун хаанаар өргөмжлөгдөж, Монголын шашны бүхий л асуудлыг шийдвэрлэн гүйцэтгэхээр болжээ хэмээн ойлгож болно. Манай мяндагтан лам нар “Монголын ард түмэн нэгэнт шинэ хаантай учран золгосон тул төр засгийн удирдлагууд маань шинэ Хамба Номун хааныг албан ёсоор баталгаажуулан ёслол төгөлдөр сэнтийд нь залах цаг хугацааг товлох биз ээ. Өнөө цагт уламжлалт ёс зан заншлаа умартан гээж нийгмийн ёс зүйгүй үйлдлүүд хэт их газар авч байгаа учир хуучин цагийн түүхэн уламжлалаа баримтлан Хамба Номун хаантай болж байгаа нь сайн хэрэг. Ирээдүй залуу хойч үеийнхэн маань монгол ёс заншил, түүх соёлоо эрхэмлэн дээдэлж сурч судлан хүмүүнлэг нийгэм бий болгоно гэж итгэж байна. Нийгмийн сэтгэл зүйг шинэ хандлага руу чиглүүлсэн утга учиртай арга хэмжээ болсон” гэж онцлон тэмдэглэж байна.

Монголчуудын дунд 500 жилийн тэртээ дэлгэрсэн Буддын шашин хөрш гүрнийхээ эрх мэдэлд автан бөхийж, үүнд Монголын төр ч нөлөөлж чадахгүй байгаа учир аргаа барсан лам нар маань нас дээр гарсан нэгнийгээ хаан болгон өргөмжилж суугаа нь нэг бодлын хөөрхийлөлтэй юм. Сүхбаатар аймагт ийнхүү Хамба Номун хаанаар тодорсон Д.Чойжамц Хятадын шашны тэргүүн Банчин богдоос илүү эрх мэдэлтэй байж чадах уу. Манж Чин гүрний нарийн бодлогоор 17-р зуунаас эхлэн Богдын дүрүүдийг байнга Түвдээс тодруулж ирсэн уламжлалыг хорин нэгдүгээр зуунд монголчууд үнэхээр эвдэж өөрсдөө шашны хэргээ толгой даан гийдэж чадах болов уу гэх мэтчилэн олон асуулт энэ үйл явдлаас улбаалан гарч ирж байна.
“Ноцтой мэдээ” сонин 28 /698/

URL:

Сэтгэгдэл бичих