Улаан номд орсон халиун буга агнасан хэрэг гарлаа
Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Завхан аймгийн Их уул сумын Хуягт багийн нутаг Цагаан нүүр хэмээх ууланд гурван тооны буга агнасныг Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллан гэмт хэрэгтнүүдийг барьсан байна. Уг хэргийг Тосонцэнгэл сумын Оргих багийн иргэн Г, Т, С нар үйлдсэн байна. Завхан аймгийн Тарвагатайн нуруу, Булнайн нуруу, Нөмрөг, Сонгино, Баянтэс сумд болон улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт халиун бугын тархац их байдаг аж. Хэрэг гарсан энэхүү газар нь Тарвагатайн нурууны салбар уулсын нэг юм. Харин аймгийн хэмжээнд Отгонтэнгэрийн Дархан цаазат газрын 2011 оны жилийн эцсийн судалгааны дүнгээр Завхан аймагт 130 гаруй халиун буга байгаа гэсэн тоо баримт байна. Ховор амьтдын нэг болох халиун бугыг хамгаалах хүрээнд Монгол Улсын амьтны аймгийн тухай хуульд 2000 онд Засгийн газрын тогтоолоор өөрчлөлт оруулж 2001 онд халиун бугыг ховор амьтны зэрэглэлд оруулсан бол мөн Байгаль орчны яамны 1996 онд баталсан Ан агнуурын тухай хуульд ховор амьтны зүйлийн жагсаалтад бүртгэсэн байна. Түүгээр ч зогсохгүй хөхтөн амьтны тухай 2006 оны “ Улаан данс” номд халиун бугыг устаж болзошгүй амьтны тоонд оруулсан байдаг юм. Иймээс халиун бугыг агнасан иргэдэд Эрүүгийн хуулийн 203 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх ээс гадна , агнасан бугын эр охин, үр төл гэдгээс шалтгаалж тус бүрийг нь 2,5 сая хүртэлх төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж нөхөн төлбөрийг төлүүлдэг юм байна.
URL: