Утаатай бус гэр хороололтой тэмцье

5bc422e69e0b31.79130461Хүүхэд байхад өвлийн улиралыг тэсж ядан, шинэ жил, цасны баяр, цана, чарга гээд их догдолдог байж. Харин одоо нийслэлчүүдийн хамгийн дургүй улирал бол өвөл гээд хэлчихэд хэлсдэхгүй. Улиралдаа учир нь байгаа юм биш л дээ. Утаанаас л болоод тэр.

Үр дүнгүй хэдий ч утаатай тэмцэх шинэ санал, санаачлагад зарцуулсан мөнгө хэдийнээ 300 тэрбумд хүрсэн гэдэг. Улаанбаатарын утааг арилгах тухай жил бүр яригддаг ч өнөөдөр байдал хэвээрээ л байна. Харин 2018 он гарсаар утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахаа илэрхийлж тал талдаа төлөвлөгөө боловсруулж суугааг нь харахад сайшаахаас өөр арга алга.

Гэхдээ л утаа арилгана гэхээр салбарынхаа сайдаас эхлээд боловсруулсан түлш, утаагүй зуух ярьсан хэвээр байгаа нь утаа арилгана гэсэн итгэлийг аяндаа үгүй хийж байна. Энэ нь хэрэгжүүлж буй төлөвлөгөөгөө иргэд олон нийтэд сурталчилан таниулахгүй байгаатай ч холбоотой байж мэднэ. Мөн Улаанбаатарын гэр хороололд байх 300 гаруй мянган өрх айлыг ойрын хэдэн жилдээ орон сууцжуулах ямар ч боломжгүй гэж албаны хүмүүс яриад байгаа.

Тэгвэл нөгөөтэйгүүр нийслэлийн хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Эдгээрийн мөн 90 орчим хувь нь гал түлж дулаацаж байгаа. Тэрнээс өөр арга байхгүй. Учир нь Улаанбаатарын гэр хорооллыг нэгдсэн шугамд холбож, дулаан, халаалтыг төвөөс шийдэхэд маш их саад тотгор бий. Тэгээд ч нэг дор энэ бүхнийг хийлгэх чадал чансаа гэр хорооллынхонд байна гэвэл юу л бол. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ айлууд нүүрс түлэхээс өөр замгүй. Нүүрс түлэхээр утаа гарах нь тодорхой.

Уг нь утаа бууруулах нэртэйгээр жилд хэдэн тэрбумөөр төсөвлөдөг. Гэсэн хэдий ч утаа багассангүй харин ч илүү нэмэгдсээр байгаа. Үр дүнгүй зарцуулж, “цавчуулдаг” энэ мөнгөөрөө яагаад орон сууц бариад байж болохгүй гэж. “Утаагүй зуух”, “яндангын шүүлтүүр” гэж ярьсан улс төрчдийн байгаа царайг харвал энэ хэвээр үргэлжилвэл 10, 20 жилийн дараа ч ингээд л сууж байх магадлалтай.

Харин түүний оронд жил бүр төсөв баталж гэр хорооллыг, бага багаар нь орон сууцжуулчихвал удахгүй л баймаар.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих