Стивен Хокингийн сүүлчийн айдас нь супер хүмүүс бий болох явдал байжээ
Ирээдүйд ДНК-гийн өөрчлөлттэй супер хүмүүс бий болох нь хүн төрөлхтөнд жинхэнэ аюул занал учруулж болзошгүй гэж Их Британийн онолын физикч Стивен Хокинг хэлж байжээ. Тэрбээр 76 насандаа таалал төгссөн юм.“The Sunday Times” сонины тэмдэглэснээр, Хокингийн энэ талаар өгүүлсэн нь энэ сарын 16-нд хэвлэгдсэн түүний сүүлчийн номонд багтсан байдаг аж.
“Ноцтой асуултуудад өгөх богино хариултууд” бүтээлдээ тэрбээр “чинээлэг хүмүүс генийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцдаг макро молекулуудад өөрчлөлт оруулж болзошгүй байгаа нь ирээдүйд ойрхон байна. Өөрсдийн болон үр хүүхдийнхээ ДНК-г сайжруулах замаар тэд ой тогтоолтоо сайжруулж, урт удаан наслах, оюуны түвшнээ нэмэгдүүлж магадгүй юм. Генийн инженерчлэлийн эсрэг хууль тогтоомж батлагдаж магадгүй хэдий ч зарим нь ой тогтоолт, өвчин эсэргүүцэх чадвар, урт удаан наслалт зэрэг хүний шинжүүдийг сайжруулахыг улайрсан хүсэлтэй тэмцэж чадахгүй. Иймэрхүү нөхцөл байдал өрнөх нь генетикийн түвшинд сайжрахгүй хүмүүст эрсдэл авчирна. Супер хүмүүс гарч ирэх нь тэдэнтэй өрсөлдөх чадваргүй, генетикийн түвшинд сайжраагүй энгийн хүмүүстэй үүсэх ноцтой асуудлууд бий болгоход шууд хүргэнэ” гэж тэмдэглэсэн байдаг аж.
Алдарт эрдэмтэн 1942 онд төржээ. С.Хокингийг 22 настай байхад нь эмч нар түүнд булчин сулрах өвчтэй гэсэн онош тавьж, түүнийг хоёр жилийн настай гэж үзэж байв. Гэсэн хэдий ч эмч нарын хэлсэн нь худлаа болсон юм. С.Хокинг эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийж, энэ хугацаанд 2 удаа гэрлэж, 3 хүүхэдтэй болжээ. Нэрт эрдэмтний биеийн булчингууд аажмаар ажиллагаагүй болсоор, бие нь бүхэлдээ саажиж, эд эрхтнээ хянах чадвараа алдсан хэдий ч тэрбээр шинжлэх ухааны салбартаа ажиллахын сацуу хэл ярианд зориулагдсан төхөөрөмжийн тусламжтайгаар олон нийттэй харилцаж, илтгэл тавих, хичээл заах зэргээр идэвхтэй амьдарч байсан аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: