Ерөнхий сайдын “солгой сонголт” ба Я.Содбаатар ямар ажил хийх вэ?
У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хийсэн хамгийн муу сонголт, томилгоо нь Я.Содбаатарыг танхимдаа оруулж ирсэн явдал болж магадгүй. Магадлал 99 хувьтай гэж болно.
У.Хүрэлсүх, Я.Содбаатар хоёрын холбоо сүлбээг намыхан нь, улс төрийн хүрээнийхэн маш сайн мэднэ. Дэндүү ойрхон хоёр л доо. МАН, НАМЗХ, Зүүний хүчний холбоо, бас … гээд л явж өгнө.
“…Хэрвээ би У.Хүрэлсүхийн оронд байсан Я.Содбаатарыг засагтаа хэзээ ч ойртуулахгүй байсан”, “… Хэрвээ би Я.Содбаатарын оронд байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг холоос балиашиглаж явах байсан юм” гэцгээж байна. Энэ үнэн. Эд ингэх ёстой байсан юм.
Уг нь У.Хүрэлсүх энэ бүхнийг сэдээгүй бололтой юм билээ. Харин мань Я.Содбаатар л сонирхож гүйсээр сайд болчихсон гээд л Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар яриад байгаа.
Я.Содбаатарыг сайд болгосон нь “солгой сонголт” гэж ярьж байна.
Я.Содбаатар ингэснээр У.Хүрэлсүхэд гавьяа байгуулахаасаа гай л илүү болж мэднэ.
Хааны алба халаатай. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас буусны дараа хэзээ ч юм, түүний зөв бурууг заавал дэнсэлнэ. Тэр үед Я.Содбаатар хамгийн эхний хамаарал бүхий этгээдээр “онгичуулах” болно. Хэрэв Я.Содбаатараас алдаа гарвал У.Хүрэлсүхэд шууд нялзана. Энэ бол эхний, хамгийн том гай болох шалтгаан юм.
Бас Я.Содбаатар сайд болж танхимд нь орж ирснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “тал тохой татдаг” гэдэг хочтой болгож байгаа юм. Уг нь У.Хүрэлсүхийн танхимын одоогийн бурэлдэхүүнд яг өөрт нь ийм ойр хүн ороогүй байсан юм. Учир нь түүний Засгийн газар МАН дахь хоёр хуваагдсан талуудын тохироон дээр бүрэлдсэн.
Өөр нэг том шалтгаан гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “хөдөлгөх” шалтаг гарах л юм бол шалтгаан нь Я.Содбаатар болж хоцорч байгаа юм. Яагаад гэвэл ЗТХ-ийн сайдаар анх томилогдсон Ж.Бат-Эрдэнэ бол МАН дахь 32-ын бүлгийн төлөөлөл болж энэ засагг орж ирсэн. Харин Я.Содбаатар бол 33-ын бүлгийн манлайд явдаг гишүүдийн нэг. Ингэхээр Я.Содбаатар дээр өнөөдөртөө тохирч байгаад сайд болгосон мэт харагдлаа ч нэг л ам мурийвал анхны тохироог сануулахад У.Хүрэлсүхэд хэлэх үг байхгүй.
Ер нь бол, У.Хүрэлсүх яагаад ийм “солгой сонголт” хийчих вэ гэдгийг хүмүүс одоо ч гайхаад, сонирхоод байгаа юм. Өөртөө гох дэгээ тавиулж, засаг байгуулсан тохирооноосоо ухарч байгаад хийсэн энэ сонголтын цаана том учир шалтгаан байна гэж харцгааж байгаа улс ч байна.
Яг үнэндээ ЗТХ-ийн сайдын ажлыг Ж.Бат-Эрдэнийн хэмжээнд хийчих хүн МАН-д хангалттай бий. Сонголт зөвхөн Я.Содбаатар, бас ЗТХ-ийн сайд болох дур, хүслээ ил, далд илэрхийлсэн хэдэн гишүүнээр тогтохгүй юм.
Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын удирдлагууд энэ хүн дээр тогтжээ.
Одоогоос дөчөөд хоногийн өмнө, 2018 оны есдүгээр сарын 6-ны бямба гаригт Булганд нэгэн уулзалт болсон тухай хэвлэлүүд мэдээлж байлаа. Тэр уулзалтад Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дэд дарга Л .Энх-Амгалан, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Зам, тээврийн хөгжлийн экс сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар оролцсон байдаг.
МАН-ын генсек Д.Амарбаясгалан л Өвөрхангайд чухал ажилтай байгаад Булганы уулзалтад очиж амжаагүй гэдэг.
Хамгийн гол нь Я.Содбаатарт ЗТХ-ийн сайдаар томилогдохынхоо өмнө ингэ, томилогдоод тэг гэдэг заавар зөвлөгөөг нэлээд өгсөн байгаа юм.
Эх сурвалжуудад мэдээлснээр, сайд болохын тулд Ерөнхийлөгчтэй өөрөө ойлголцох ёстой гэсэн даалгаврыг МАН-ын
удирдлагууд Я.Содбаатарт өгчээ. Энэ юу ч гэсэн үг юм, бүү мэд.
Харин сайд болсныхоо дараа МИАТ-ын хувьчлалыг заавал хийх, МИАТ-ын санхүү эрхэлсэн захирлыг солих, Б.Цэнгэлийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болгох, ЗТХЯ-нд халаа, сэлгээ хийж бужигнуулахгүй байх зөвлөгөөг өгсөн гэж байгаа юм.
Үүнд итгэх үндэслэл байна. Энэ, мэдээлэл гарч байх үед буюу 2018 оны есдүгээр сарын 10-даар Я.Содбаатарыг сайд болно гэхэд баргийн хүн итгэхгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ мэдээлэлд эргэлзэж байсан гэсэн үг.
Гэтэл Я.Содбаатар сарын дараа сайд болчихов. Тэгэхээр тэрхүү мэдээлэлд дурдсанаар МИАТ-ыг хувьчлах ажлыг гардаж, ЗТХЯ -ны Төрийн нарийн бичгийн дарга, МИАТ-ын санхүү эрхэлсэн захирлыг сольж таарах гээд байгаа юм.
Мөн ЗТХЯ-нд иргэний нисэхээс гадна, төмөр зам, авто замын салбарууд харьяалагддаг. Эдгээр томоохон салбаруудад ч бидэнд мэдэгдээгүй олон захиа, даалгавар байгаа нь тодорхой.
Эцэст нь, энэ бол Я.Содбаатарыг томилохын өмнө болсон, томилсны дараа болж мэдэх үйл явдлуудын тойм төдий мэдээлэл юм.
Тиймээс, нэгэнт сайдаар томилогдчихсон Я.Содбаатарыг цаашид хаашаа, хэрхэн хөдлөхийг хараад л сууж байя даа.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: