Ардын намын суган дороос гарах болжээ, АН-ынхаан

Саяхан Ардчилсан намын даргыг солино, солихгүй гэсэн яриа хэвлэлээр баахан явсан. Х.Баттулга сайд намын даргаа шүүмжилж ярилцлага өгмөгц түүнийг юу, юугүй Н.Алтанхуягийг тонгорч унагаад өөрөө оронд нь очих нь гэж шаагилдлаа. Уг нь цаагуураа засагт орсны хэрэг гарахгүй байна, ажил хийе гэхээр хийлгэхгүй байна гэсэн санаа илэрхийлж намын даргадаа гомдол, шүүмжлэл дагуулсан үг чулуудсан. Одоо намын дарга солихоос чухал зүйл байна, АН-ынхаан.

Сонгууль хаяанд ирээд хаалга тогшлоо. Хэдэн жилийн хэрүүлийн үр дүн сая гарч Сонгуулийн хуулиа шинэчлэн баталлаа. Баталсан хууль нь Үндсэн хуулийн Цэц дээр унах уу, эсвэл энэ чигээрээ явах уу гэдгээс илүүтэй сонгууль болох нь гарцаагүй гэдгийг санах хэрэгтэй юм. Сонгуулиас өмнө Ардчилсан намынханд хийх ажил их байна. Дээр нь эв нэгдэл хамгаас чухал.

Өнгөрсөн сонгуулийн үр дүнд сөрөг хүчин байх үүрэг оногдсон байхад АН түүнийгээ хойш тавиад МАН-ын суганд толгойгоо хавчуулсан. Ингэж ханилснаас хойш гурван жил гаруйн нүүр үзлээ. Хамтарсан Засгийн газар тэртэй тэргүй батлагдах нь тодорхой байсан Оюу толгойг үзэглэснээс өөр гийгүүлсэн зүйл алга. Анх ямар олон юм ярьж байлаа. Манай хоёр нам л хамтарч хавсрахгүй бол Монгол Улс хөгжихгүй, цааш явахгүй, бид нийлээд л гайхамшгийг бүтээнэ гэх нь холгүй олон юм яриад байсан, хаана байна. Одоо МАН-ынхандаа хулхидуулаад л дуусч байна. Сонгуулийн хууль дээр л зарим үед буулт хийж байгаа дүр эсгэснээс ямар санал хүлээж авсан юм, МАН-ынхан. Хоёулаа нийлээд гавьяа байгуулах ёстой энэ тэр гэсэн нь худлаа боллоо. Ардын намын халуун суганд хавчуулсан толгой чинь өмхийрвөл өмхийрөхөөр цаг хугацаа болсон. Алдааг хэзээ ч залруулж болно. Засгаас гарлаа гээд ичих зүйл байхгүй. Угаас улс төрд нүүр нь шүүр болоод л суудаг гээ биз дээ. Анхнаасаа АН Засгийн газарт орсон нь өөрөө таван хүний амиар таван сайдын тохироо хийснээс өөр гялайх үр дүнгүй байлаа. Айлын хашаанд хургаа хотлуулна гэгч болсон. Хайран хэдэн жил. Үүний үр дүнд Ардчилсан нам ч тэр, ард түмэн ч тэр хохирлоо.

МАН-аас холдлоо гээд хохирох юм үгүй. Зүгээр л ёс зүйн асуудал. Хүний суганд толгойгоо шургуулсан хөөрхий АН-ынхан ер нь яаж ч чадах билээ. Юу ч хийж чадаагүй юм чинь юун Засгийн газар вэ. Боломж олгоогүй хамтрагчаасаа бушуухан салж авах нь л чухал болоод байна. Одоо байгаа шигээ өвөр, түрий, суганаас нь гарч чадахгүй хамт явж байгаад сонгуультай золговол АН-ныхны л хохь болно.

Сонгуулиар МАН хэзээ ч АН-ыг өвөр дулаацуулж байсан гэж өршөөнгүй загнахгүй нь лав. Одоо ялах тухай бодох цаг болсон. Түүнээс өрсөлдөгчийнхөө өвөрт хэвтчихээд, суганд нь толгойгоо шургуулаад өөр хоорондоо хөлөө жийлцэж суух цаг биш.

Н.Алтанхуягаа солих тухай биш Засгаас гарахаа л яаралтай шийд. Одоо Н.Алтанхуягийг өөрчлөх гэж дөвчигнөөд яах юм. Тэртэй тэргүй хэдхэн сарын дараа тэр хүн намаа ялуулбал цааш толгойлогчоо хийгээд явна. Ялагдалд хүргэвэл хүссэн хүсээгүй явна. Намын даргын хувь заяаг сонгууль заагаад өгнө. Сонгуулийн өмнө Н.Алтанхуягийг солилоо гээд үр дүнд нөлөөлөх нь юу л бол.

Хэдэн өвөгшүүл нь хэвээрээ ч хэдийнэ үе солигдсон МАН-ынхан АН дотроо хагараад байвал л алга ташицгаана. АН-ын даргыг өнөөдөр хэн нэгнээр солилоо ч чанарын өөрчлөлт гарахгүй. Дахиад л дараа үедээ зай тавихгүй нэг нөхөр ирээд арав, хорин жил намын толгойд зайдагнана. Энэ хооронд 70-аад оныхон завсрын үе болж үлдээд нөгөө хэдэн өвөгшүүлтэйгээ хамт өтөлж, харин социализм ч мэдэхгүй, ардчиллын зовлон жаргалыг ч мэдэхгүй, улс орны эрх ашиг ч мэдэхгүй, гадаадад олон жил амьдарсан наяад оны нялх жаалууд 50-иад оны аав нарынхаа оронд улс төрч болно гээд гарч ирэх вий. Юм голдиролоороо жам ёсоороо явахгүй бол өмнөх үеийн элдэв нийгмийг алгасах гэж будилсантай адил болох юм.

Саяхан МоАХ, Ардчилсан хүчний холбоо зарим зүйл дээр санаа нэг болсноо зарласан. Энэ нь Хамтарсан Засгийн газраас гарах тухай тохироо гэж АН-ынхан ярьж байгаа. МоАХ-ын ойн баяр дээр З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар үг хэлэхдээ ч Засгаас гарах тухай сануулж, уриалав. Нэг ардчиллын залуус ч үүнийг дэмжин дөгөөж буй.Тэгэхээр Хамтарсан Засгийн газраас гарах АН-ын галт тэрэг хөдөлжээ, гэж бодож болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих