Ерөнхий сайд аа, Ц.Ням-Осорт албан тушаал нь “ахдаад” байна
Нам дагасан олигарх луйварчдын хэлхээг үргэлжлүүлсэн МАН-ын хэдэн нөхөд төрийн албыг самарч түмний мөнгөөр тансаглах нь хэрээс хэтэрлээ. Уг нь дээдсүүд тэдний энэхүү үйлдлийг мэдсэн ч мэдээгүй царайлан татвар төлөгч та бидний мөнгийг баруун солгойгүй үрж буй нь харамсалтай. Мэдээж энэхүү эрхэм бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор.
Тэрбээр тус албан тушаалд томилогдсоноосоо хойш хувийн бизнесээ цэцэглүүлж Монголын толгой баячуудтай эн зэрэгцэн жагсах болсон гэдэг. Түүнийг ийнхүү гэнэт баяжигч болсонд намынхан нь хийгээд учир мэдэх хүмүүс төдийлөн гайхдаггүй юм билээ. Тэрбээр өмнө нь Орон сууцны корпораци, Жижиг дунд үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа л хувийн бизнесээ өргөжүүлж хувьсгалын ажлыг хойш тавьж Эрдэнэтийн “Сэлэнгэ” зочид буудлын эзэн, жаазны үйлдвэрийн эзэн гэдэг нэрийг зүүсэн гэдэг.
Ингээд бодохоор төрийн алба түүнийг баячуудын эгнээнд ороход онцгой үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой. Тухайлбал, түүнийг өөрийн эзэмшлийн “Сэлэнгэ” зочид буудалдаа “АСЕМ”-ийн үед хэрэглэж байсан тавилгыг ТӨБЗГ-аас албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад хувьдаа авсан гэх баримтыг хэвлэлүүд дэлгэн тавьж байсан. Түүнчлэн ар талаа нөлөө бүхий эрхмүүдээр хамгаалуулдаг учраас “Эрдэнэт” үйлдвэрийн даргын цалинг дур мэдэн нэмсэн, стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн томоохон компаниудын удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагуудыг дураараа сольж хольж яваа эрх мэдэл нь хэтийдсэн нэгэн.
Тэгвэл түүний энэхүү дуулиан намжиж амжаагүй байхад Ц.Ням-Осор Сангийн яамны Зарлагын хэлтэст ажилладаг төрсөн охин Н.Уранцэцэгийгээ татвар төлөгч бидний мөнгөөр тансаглуулан албан томилолт нэртэйгээр Лондон, Парис хот руу зугаалуулсан баримт бидний гарт байна. Товчхондоо Ц.Ням-Осор эрх мэдэл албан тушаалаа ашиглаж өөрийн охиноо тэр олон хүн дотроос онцлон зардал өндөртэй гадаадын хоёр орноор зугаалах тушаалыг нь гаргаж түүнийг албатууд нь хийж гүйцэтгэлээ.
Уг нь улс орон эдийн засгийн хямралд автаж ард нь талхаа таллаж авч байхад зарим нэг эрх ямбатнууд иргэдийн татварын мөнгөөр үр хүүхдээ тансаглуулж байгаа нь тэдний төрд ажиллах ашиг сонирхол юунд байна гэдгийг гэрчилж байна.
Эцэст нь хэлэхэд төрийн албанд чадварлаг гүйцэтгэгч хэрэгтэй болохоос ашиг сонирхлын зөрчилтэй Ц.Ням-Осор мэтийн гар хөл бологсод хэрэггүй гэдгийг түүнд хаяглагддаг олон үйлдлүүд гэрчилж байна. Ямартай ч хураасан эд хөрөнгөгүй хэрнээ төрийн буянд үзээгүйгээ үзэж баячуудтай хөл зэрэгцэн алхах болсон Ц.Ням-Осорын энэхүү хууль бус үйлдлийг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авахгүй бол таны Засгийн газрыг ганхуулах хэмжээнд хүргэсэн буруутнаар Ц.Ням-Осор гэх энэ эрхэм нэрлэгдэнэ гэдгийг хэлэх байна.
Ингэж хэлэхийн учир нь тун удахгүй Монголын улстөр бизнесийн бүлэглэлийнхэн банкны эзэд, хууль засаглалийн томчууд гээд бүгд МИАТ-ийг хувьчлах асуудлыг яаралтай Засгийн газраар оруулж Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдэж авсан шигээ МИАТ-ийг яг ийм байдлаар залгих ээлжит хар технолиогоо боловсруулж байгаа. Хэзээд асуудлаас бултаж хуулиар буруудвал хариуцлагыг би биш Монголын төр хүлээнэ. Би бол гүйцэтгэгч хэмээн Эрдэнэтийн асуудал дээр дуугарч байсан түүнийг хариуцлагаа хүлээх чадваргүй гэдгийг бид өмнө нь харсан.
Тиймээс энэ бүхэнд хамгийн том үүрэг гүйцэтгэж холбоос болох хүн нь ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор учраас үтэр түргэн тус газраас явуулах нь таны нэр төр, Засгийн газар цэвэр үлдэх боломж гэдгийг сануулъя.
Ц.Ням-Осорын охин Н.Уранцэцэгийг Парис, Лондон явсан гэдгийг гэрчлэх баримт
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=14005
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
SURTEI YU BGAA YUM BEE