Цэргийн албан хаагч хүүхэд төрүүлж болохоо байсан зэвүүн цаг уу
Хэдэн бор цэргийнхээ нэр нүүрээр 350 сая ам.долларын зээл олж ирсэн юм шүү хэмээн гишүүн Ж.Энхбаяр “уйлагнав”. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр тэрбээр ийнхүү хошуугаа цорвойлгосон.
Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн онцлогоос шалтгаалан 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй бол нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгодог. Энэхүү тэтгэврийн харилцааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг байна. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7.2-т өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон. Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа албан хаагчдад хохиролтой тусч байгаа гэнэ. Тухайлбал, энэхүү өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн тэтгэвэр нэг сард 30704-33512 төгрөгөөр, офицерын тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерын тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр буурахаар байгааг хуулийн төслийг санаачлагч С.Бямбацогт тайлбарласан. Мөн тэрбээр “Ахлах офицерийн тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа. Салбарын албан хаагч жилд дунджаар 250 хүн тэтгэвэрт гардаг байсан бол одоо 800 албан хаагч тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөд байгааг хэлэв.
Гишүүн Ж.Энхбаяр “Хувийн хэвшлийнхэн сүүлийн таван жил өндөр цалин тогтоогоод өндөр тэтгэвэр авдаг болсон. Цэргийн албан хаагчид тийм зүйл байхгүй. Цэргийн албан хаагчид тушаалаар амьдарна. Бизнес хийх эрхийг нь хуулиар хязгаарлана. Үндсэн эрхээ хязгаарлуулсных нь төлөө Монголын төр цэргийн албан хаагчдадаа үнэлж ирсэн. Одоо мөрдөж байгаа хуулиас нь битгий дордуулаач гэж байгаа юм” хэмээсэнд С.Чинзориг сайд “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн доод хэмжээ 330 мянга, цэргийн албан хаагчдын тэтгэвэр 530 мянган төгрөг. Цэргийн тэтгэврийн хуулийн дагуу цалингийн 80хувиар, энгийн иргэн 45 хувиар тэтгэврээ бодуулдаг” гэлээ.
Ц.Нямдорж сайд “Эх орны батлан хамгаалахын эсрэг зүйл хийж байна, 36 сарын тэтгэмж зогссон, хүүхэд төрүүлж болохоо байлаа гээд ярих юм. Ийм зүйл байхгүй, ингэж болохгүй. Нэг асуудал шийдүүлэхийн тулд хүч оруулж, бараг л эх орноосоо урвасан мэт ярьж болохгүй” гэхэд Н.Энхболд сайд “Цэрэгт хайргүй хүн ирчихээд өөрчлөлт хийгээд байгаа юм биш. Цэргийн байгууллагын онцлогийг хэлэлцэх явцад ярьж байсан. Би энэ төслийг сайдын хувьд дэмжиж байна” гэлээ.
Үргэлжлэлийг
Нийгмийн шуудан сонин
URL: