Нийслэл шагналаа ажилгүйдлийг бууруулахад зориулна

Бид шагналынхаа мөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт зарцуулна гэж хотын мээр хэллээ. Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Хөдөлмөр эрхлэлт хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Өнгөрсөн тав дахь өдөр дүнгээ гаргасан “Хөдөлмөр эрхлэлт хүний хөгжлийг дэмжих жил”-ийн ажлаар Улаанбаатар хот нэгдүгээр байр эзэлж 5 сая төгрөгөөр шагнуулсан юм.Нийслэл 33875 иргэнийг түр болон байнгын ажлын байртай болгосон нь улсын хэмжээнд хамгийн их үзүүлэлт болжээ.

Өөрөөр хэлбэл 20 мянган иргэнийг ажлын байртай болгохоор зорьсон зорилгоосоо даруй 13875 иргэнийг нэмж ажил төрөлтэй болгосон тухай мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Д. Батсайхан нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр мэдээлэв. Жилийн ажлын хүрээнд 29 өдөрлөг, яармаг зохион байгуулж 45,000 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж ажилласан байна. Шинээр бий болгосон ажлын байрны захиалгыг ejob.mn сайт дээр тогтмол байрлуулж, иргэдэд мэдээлэл өгчээ.

Засгийн газар болон нийслэлээс дэвшүүлсэн зорилтот ажлыг дэмжиж 2420 ААН байгууллага 23980 ажлын байр бий болгосон бол 2943 иргэн 8649 ажлын байрыг энэ нэг жилийн хугацаанд гаргажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд хийгдсэн хамгийн том ажилд “Нийслэлийн иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр” орж байна. Нийт 800 иргэн ажлын байртай болсон юм. Иргэд 500 тн төмс хураан авч өрхийн хэрэгцээгээ хангаснаас гадна “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд оролцон 340 тн төмс худалдаж амьжиргаагаа дээшлүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих