У.Хүрэлсүх сайдаа та Стандарт, Хэмжил Зүйн Газарт явагдаж байгаа хууль бус үйлдлүүдийг хэзээ цэгцлэх вэ?
Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт явагдаж байгаа хууль бус үйлдлүүдийн талаар бүтэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэтэл У.Хүрэлсүхийн засгийн газар үүнийг огт анхаарахгүй, хяналт шалгалт хийхгүй өдий хүрч байгаа нь төрийн байгууллагад хууль бус үйлдлүүд явагдах боломжийг өөрсдөө олгодог гэж харагдаж байна. Баримт нотолгоо нь хэвлэлээр цацагдаад байгаа хууль бус үйлдлийг шалгаж, цэгцэлж чадахгүй жил тойрч байгаа Засгийн Газар төрийн албаны дэг журам, сахилга бат ярьж худлаа сүржигнэх хэрэг байна уу.
СХЗГ-тай холбоотой хууль бус үйлдлүүдийн заримыг нь эргэн сануулъя.
- Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” -ийн санхүүжилтээр 2016 онд хэвлэгдсэн стандартын номуудыг СХЗГ-ынхан 2016, 2017 онуудад зарж борлуулаад, орлогыг нь төрийн санд төвлөрүүлээгүй юм. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн бол тухайн орлогын Төрийн сангийн дансанд тушаах журамтай. Гэтэл Төрийн сангийн дансанд энэ номыг худалдсан ганц ч төгрөг ороогүй байгаа нь Төрийн сангийн дансны хуулгаар нотлогдож байгаа.
Ном зарсан мөнгийг бэлнээр авч, байгууллагын бус захын нэг бичиг хэргийн лангуун дээр зардаг, ямар ч хаяг лого байхгүй баримт дээр Монгол Улсад байдаггүй агентлагийн санхүүгийн тэмдэг дарж бэлэн мөнгөний баримт хэмээн хэрэглэгчид өгч байсан юм. Стандарт, Хэмжил Зүйн газар нь 2016 оны сонгуулиас өмнө Стандартчилал, Хэмжил Зүйн Газар гэдэг нэртэй байсан. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Стандарт, Хэмжил Зүйн Газар болж өөрчлөгдсөн юм. Гэтэл номын мөнгө авсан баримт дээрээ байгууллагын хуучин санхүүгийн тамга дарж байгаа нь хууль бус үйлдэл юм.
Ном зарсан мөнгөө Төрийн сангийн дансанд хийдэггүй, санхүүгийн тайланд тусгадаггүй, мөнгө авсан баримт нь Монголд байхгүй газрын тамга, тэмдэгтэй гээд илт хууль бус үйлдэл нь тодорхой байна.
СХЗГ-ын удирдлагууд энэ тухай хуулийн байгууллагад тайлбар өгөхдөө уг нь ном зарсан мөнгийг Шадар сайдын зөвшөөрлөөр гаднын зочдод зарцуулсан хэмээн Шадар сайдын нэгэн бичгийг нотлох баримт болгон өгсөн байдаг. Гэтэл тэр бичиг нь ном зарсан мөнгөний тухай биш 2015 оны ажил үйлчилгээний авлагын тухай байдаг. Үүнээс харвал СХЗГ-ын удирдлагууд хуулийн байгууллагыг хуурч, төөрөгдүүлсэн байгаа юм. Манай хуулийн байгууллага ч гэсэн тийм зүйлд итгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ур чадвар нь муу байна уу, эсвэл гэмт хэргийг нуух зорилгоор хуйвалдсан уу гэсэн асуулт гарч ирж байна.
- Халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуурыг шалгаж баталгаажуулан СХЗГ-аас гэрчилгээ олгодог. Баталгаажуулалтын гэрчилгээ нь өөрөө үнэт цаас. Гэтэл энэ гэрчилгээг болон түүнд дардаг тамга тэмдгийг төрдөө тангараг өргөж үнэнч шударга ажиллах үүрэгтэй СХЗГ-ын хэсэг алба хаагчид нь үгсэн хуйвалдаж, хуурамчаар үйлдсэн байдаг. Энэ нь Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, СХЗГ-ын даргын тушаалаар батлагдсан байдаг.
Энэ бол яах аргагүй хууль бус үйлдэл бөгөөд цагдаад мэдэгдэж шалгуулах үүрэгтэй. Гэтэл СХЗГ-ын дарга нь үүнийг цагдаад мэдэгдэж шалгуулалгүй нуун дарагдуулсан байдаг. СХЗГ-ын удирдлагууд хуулийн байгууллагад үүнийгээ тайлбарлахдаа “Нэг албан хаагчдаа үүрэг өгсөн. Тэр нь хоёр жил үүнийг хийсэнгүй” гэж худал тайлбар өгсөн нь өөрсдийн хууль бус үйлдлээ бусад руу тохож, хариуцлагаас мултрах гэсэн үйлдэл гэж харагдаж байгаа юм. Гэтэл үүнд нь бас л хуулийн байгууллага хууртсан байна.
СХЗГ-ын хэсэг албан хаагчдынх нь хууль бус үйлдлийг нэг ажлын хэсэг нь илрүүлж өгөөд байхад цагдаад мэдэгдэх үүрэгтэй СХЗГ-ын дарга болон даргадаа хуулийн зөвлөгөө өгөх үүрэгтэй хуулийн зөвлөх нь тухайн үед хэргийг нуун дарагдуулаад, хоёр жилийн хойно буюу сэтгүүлчид энэ асуудлыг хөндсөний дараа цагдаад хандсан байдаг. Цагдаад чухам ямар баримт материал гаргаж өгөөд энэ гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй болгов гэдэг нь нууц хэвээр байна.
Хэрэв тухайн үед нь энэ хэргийг цагдаагаар шалгуулсан бол улсад учруулсан хохирлын хэмжээг тогтоолгож, хууль бусаар олж авсан мөнгийг нь улсын орлого болгох боломжтой байсан.
Монголд жилд хэчнээн айлын орон сууц барьж байгаа билээ. Бүх айл усны, цахилгааны тоолууртай, тэр бүгдийг баталгаажуулж гэрчилгээ олгодог, тэр хэмжээгээр баталгаажуулалтын мөнгө улсад орж байгаа. Гэтэл хуурамч гэрчилгээний мөнгийг улс биш хууль бус үйл ажиллагаа хийсэн хүмүүс нь авна. Энэ мөнгө хэдэн зуун сая, магадгүй тэрбумаар хэмжигдэх боломжтой.
СХЗГ-т ажилладаг иргэн А нь дээрх бүх хууль бус үйлдлийг хуулийн байгууллагад шалгуулахаар 2017 оны 10-р сараас эхлэн хэд хэдэн удаа АТГ-т хандсан байдаг. Гэтэл хуулийн байгууллага маань хэргийг дутуу шалгаж, холбогдогчдийн гаргаж өгсөн худал мэдүүлэг, баримтад хууртаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хэргийг нухацтай шалгаж, баримт нотолгоог сайтар судалж, гэрчүүдээс тайлбар авч шалгасан бол маш ноцтой хууль бус үйл ажиллагаа илчлэх байсан. Гэхдээ оройтоогүй байна. Дахин шалгах боломж байгаа.
СХЗГ-ын удирдлага ийнхүү хэргээ хаалгахаас гадна тэдний хууль бус үйлдлийн талаар АТГ-т гомдол, баримт өгсөн иргэн А-г ажлаас нь халсан байна.
Харин гэмт хэргийг нуун дарагдуулахад оролцсон байж болзошгүй этгээдүүд нь албан тушаал дэвшсэн байх юм.
Ийм цагаандаа гарсан хууль бус үйлдэл Засгийн газрын нэг агентлаг дотор нь явагдаад байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань анхаарах цаг нь болжээ. Дээрх баримтууд бол зөвхөн сэтгүүлчийн олж авсан баримтууд. Сэтгүүлчийн олж мэдэж чадаагүй, далд яваглаж байгаа олон хууль бус үйлдэл байгааг үгүйсгэхгүй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан агентлагуудаар явж шүүгээ ухаж архины шил хайж явахын оронд эхлээд СХЗГ-г шалгах хэрэгтэй байна.
TAC.mn
URL: