Л.Болд гишүүн “цааш нь ярих уу”, “цааш нь шалгуулах уу?

Л.БолдУИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-д уурласаар” л байна. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Яаман дээр нь хүн алж байхад парламент амарч л байна. Улс оронд байгалийн гамшиг, дайн болоход манай УИХ цуглахгүй шинжтэй. Парламентад зөвшилцлийн механизмууд ажилладаг болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар үүрэгт ажлаа л хийнэ. Ерөөсөө хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон. Парламентын нэр хүнд ч муудаад байна” хэмээн ярьсныхаа маргааш нь буюу өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр “УИХ-ын Тамгын газар УИХ-ын ажлыг дампууруулаад дууслаа. Хэлэлцэх асуудлыг жагсаалт бидэнд өгдөг. Бид үүнд бэлдэж орж ирдэг. Гэтэл УИХ-ын дарга бидэнд байгаа жагсаалтаас хоёр дахин урт жагсаалт уншиж байна. Тийм болохоор гишүүд өнөөдрийн хэлэлцэх асуудалд ямар ч бэлтгэлгүй сууж байна” хэмээн шүүмжилсэн.

Түүнийг сөрөг хүчнийхээ хувьд үүргийн дагуу шүүмжлэв үү, аль эсвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр хүчгүйдэж эхэлсэндээ олонхийн бүлгийг муухай харагдуулахаар улайрав уу гэдгийн учрыг ч олон нийт гайхаж буй. Ямартай ч тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал хуудас аль алиныг нь ашиглан “…Монгол Улсыг задлах, бусниулах, төрийн удирдлагагүй болгох, нэг гарт төвлөрүүлэх нэрээр хүчний байгууллагатай нийлж байгаад, бүгдийг нь багалзуурдаж, өмчийг нь дээрэмдэх, зөвхөн өөрсдөө хулгайлдаг болох хүсэл л тэнд нуугдаж байгаа” гэсэн байр сууриа олон нийтэд хүргэсээр…

Одоогоос жил орчмын өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэхэд “онц ноцтой сэдэв”-ээр хэрүүл гэхэд зөөлдөм яриа өрнөж билээ.

Тухайлбал, Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яахх уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” гэхэд УИХ-ын гишүүн Л.Болд “Шүүмжилсний төлөө ингэж улаан цайм гүтгэж, нэр төрд халддаг. Ц.Нямдоржийг бас яг ингэсэн. Надад ийм зүйл байхгүй гэдгийг хууль, шүүхээр тогтоочихсон учраас би энд сууж байна. Тухайн үед ЗХЖШ-ын дарга УИХ-д мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй гэдгийг хэлсэн. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэсэн яриа болсон юм даг.

Гэвч хэн, хэнийх нь яриа хөөрөө хуулийн байгууллагаар шалгагдсан эсэх нь тодорхойгүй. Хэрэв Б.Хурц Л.Болдыг гүтгэсэн бол өдийд “шийтгүүлэхээр барах уу” гэмээр том ялд унасан байх учиртай. Гэтэл Элчингээр явах асуудал нь “бүлээнээрээ” байгаа билээ. Харин УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд гэм буруутай бол бүр ч том ял шийтгэл хүлээх нь дамжиггүй. “Томчуудын хэрүүл том байдаг”-ийг харуулах нэг өөр. Гэхдээ Монгол төрийн болон төрийн сайдын, төрд ажиллаж буй албан хаагчийн нэр хүндэд хор хөнөөл учруулахуйц ноцтой сэдвээр олон нийтийн өмнө ярьчихаад огт хариуцлага хүлээхгүй өнгөрч болно гэж үү.

УИХ-ын гишүүн Л.Болд тухайн үед буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны Байнгын хорооны хуралдаан дээр хэлэхдээ “Б.Хурц бол тушаал биелүүлдэг, цэргийн хүн. Таныг даалгавар биелүүлснийг мэдэж байгаа” гэсэн. Тийм бол өөрийгөө “зэвсгийн наймаачин” гэж гүжирдүүлчихээд яагаад хэний даалгавраар онц ноцтой мэдэгдэл хийснийг нь яагаад “тэвчээд” зарласангүй вэ. Наанадаж л чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо шантааж хэлбэрийн ноцтой мэдэгдэл хийх явдал цаашид гарахгүйн тулд гүжирдсэн “микрофон”-той тэмцэхгүй бол буруу шишиг тогтоно шүү дээ.

Өөрөө бол “би АТГ-ын даргаас очиж асуусан. Тэр бичиг чинь ямар учиртай юм бэ. Та нар ямар мэдэгдэл хийчихэв ээ гэж. Гэтэл бүртгэлгүй, нэргүй бичиг хувь хүн авчирч өгсөн. Яаж ч болохгүй хадгалж байсан гэх утгатай зүйл ярьсан.. Би бас Хойд Солонгосын Элчин сайдын яамнаас энэ талаар асуусан. Бид мэдээлэл өгч чадахгүй байна аа гэсэн. Тийм бичиг үнэхээр байгаа эсэхийг тодруулъя гэсэн. Улс хоорондын харилцаа. Хүний эрхийн харилцаа. Дээрээс нь хууль ёсны нарийн төвөгтэй асуудлыг ингэж хамаагүй ярьж болохгүй. Хэд хэдэн хуулийн зөрчил гарч байгаа биз. Энэ бүхэн ил болсон. Угаасаа зургадугаар сард ямар зорилготой ийм бичиг “үйлдвэрлэсэн”. Яагаад өнөөдрийг болтол тэр дагуу шалгаад, үнэн мөнийг нь тогтоогоогүй юм. Яахаараа Т.Дашдэлэг генералын мэдүүлэг гэж яригдаад байсан зүйл Хойд Солонгосын бичиг болоод хувирчихдаг юм. Энэ чинь өөрөө маш будилаантай асуудал” гэж сонинд ярьсан.  Энэ талаар хөндлөнгийн, хууль хяналтын байгууллага олон нийтэд мэдээлэх ёстой. УИХ-ын дотор ийм ноцтой хэрэгт гүтгүүлэгч сууж байна уу. Эсвэл ноцтой хэргийн сэжигтэн юм уу гэдгийг хэлж өгөх хэрэгтэй.

Дараагийн асуудал нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өчигдрийн хуралдаан дээр Л.Болд гишүүн үг хэллээ. Тэрбээр “Ирэх долоо хоногт Олон улсын парламентын холбооны 139-р ерөнхий чуулган болно.
Энэ үеэр С.Зоригийн аллагатай холбоотой санал дүгнэлт тогтоолоо хэлэлцэнэ. Тэр үед Монгол Улсын Их Хурал хагас жилийн дотор ямар ч алхам хийгээгүй гэх юм бол Монголын төр улс муухай харагдах юм. Тиймээс цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал учраас чуулганаар хэлэлцэж өгөхийг хүсч байна.Энэ хурал бол дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон үйл явдал учраас УИХ энэ түр хороог байгуулж анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм” гэв.

Шалгалтаа өгөх гэж буй хүүхэд шиг яагаад гэнэт сандрах болов. Энэ бүхний цаана өөр том асуудал нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Яагаад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болохоор “С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар УИХ-ын дарга та өөрөө санаачилга гаргах ёстой. Монголын иргэд шорон гянданд хатаад байх юм уу. Аль болох зайлсхийгээд байх юм. С.Зоригийн аллагын хэрэгтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөрж байгааг Олон Улсын Парламентийн холбооноос хүртэл дүгнэлт гаргачихаад байна. Ингэж байхад УИХ-ын дарга та бултаад байлгүй өөрийн биеэр анхааралдаа авах хэрэгтэй” гэж хатуухан шаардах болов. Цаг үе, нөхцөл байдал, ОУПХ-ны төлөөлөл ирэх гэж байгаатай холбоотойгоор Ц.Нямдорж, Л.Болд нар ингэж санал нэгдэж таарав уу. Эсвэл УИХ-ын дарга болон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын эсрэг нэгдэх шаардлагатай болсон уу гэдэг ч эргэлзээтэй. Төгсгөлд нь хэлэхэд УИХ-ын гишүүн Л.Болд “цааш нь ярих” уу, “цааш нь шалгуулах уу” гэдэг асуудал анхаарал татах болллоо.

О.Балдан-Очир

www.24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих