Univision-ий ажилтнууд хэрэглэгчийнхээ төхөөрөмжийг зориуд эвдэлж, шинээр сольдог уу
Одоогоос долоон жилийн өмнө кабелийн телевизийн үйлчилгээнд нэвтэрсэн энэ байгууллагын талаар эхэндээ үзэгч, хэрэглэгчид ам сайтай байлаа. Гэвч хойргодуу үйлчилгээтэй, интернэтийнх нь хурд жил ирэх тусам удааширсаар байгаа Univision-ий талаар гомдол тасрахаа болилоо. Бидэнд энэ компанитай холбоотой нэг бус гомдол ирснээс зөвхөн ганцыг нь хүргэе.
Univision-ий хэрэглэгч Б.Баярбат: Өнгөрсөн амралтын өдрүүдээр манай гэрийн интернэтийн үйлчилгээ орж гараад хурд нь удаашраад байсан юм. Тэгээд 14-24 дугаар луу нь залгаад интернэт болохгүй байна гээд хэлтэл өөдөөс “Та цагаан төхөөрөмжөө ингэж ингэж унтрааж асаа. Одоо тэр оролтыг тэр лүү нь залга. Наадах чинь буруу. Шарыг нь хоёр дахь оролт руу нь залга” гэхчлэн утасны цаанаас баахан зөвлөж байснаа “Танайх руу бид нар үйлчилгээний ажилтнаа явуулахгүй болохгүй юм байна” гэсэн л дээ.
Тэгээд тэр үйлчилгээний ажилтныг нь бүтэн хагас өдөр хүлээсний эцэст сая нэг юм ирсэн. Тэр хооронд манай зурагт гарахгүй, интернэт орохгүй бүтэн хагас өдөр болж байгаа байхгүй юу. Хүүхдүүд маань интернэтээс багшийнхаа өгсөн гэрийн даалгаврыг хармаар байна гэж уурлацгаагаад. Эхнэр маань ажлаа амжуулъя гэж бодсон чинь чадахаа болилоо гэж бухимдаад л.
Арга ядаад нөгөө 14-24 рүү нь өчнөө олон удаа залгаж, аргадаж нэг, хэрэлдэж нэг үзлээ. Онцлог нь залгах тоолонд нэг өөр ажилтан өөдөөс утас аваад “Сайн байна уу. Та Дөлгөөнтэй холбогдлоо. Эсвэл “Та тэрэнтэй, энэнтэй холбогдлоо гэнгүүтээ хойноос нь ёс юм шиг Бүртгэлтэй гар утасны дугаараа хэлнэ үү. Хан-Уулын тэддүгээр хорооны тийм байр, тийм хотхон мөн үү. Танд ямар асуудал байна” хэмээн янз үзэж байгаа юм шиг асуухыг нь яана гээч.
Тэр болгонд би залгах тоолондоо үнэхээр нэг залхаан цээрлүүлэлт гэгчийг амсах шиг бож байгаа юм даа. Ядаж байхад нэг үйлчилсэн ажилтан нь нөгөө хүнийхээ утсыг дахиж аваад өөдөөс олон юм ярьж, анкет бөглүүлэлгүйгээр хурдан шуурхай үйлчилж болдоггүй юм байлгүй дээ.
Үгүй ээ тэгээд тэр утас авч байгаа охидууд нь ямар ч асуудал шийдэж чадахгүй. Хий хоосон л залгах тоолонд баахан анкет бөглүүлж аваад хэлдэг хариулт нь “За би тань руу техникийн ажилтнаа эргээд холбогд гэж хэлье ээ”. Ингээд л эцэс төгсгөлгүй хүлээлт эхэлж байгаа юм чинь. Ядаж байхад тэр техникийн ажилтан нь хэрэглэгчээ хүн гэж тоогоод хурдан шуурхай эргээд залгаж болно биз дээ. Тэгэхгүй 20-30 минут яасан нь мэдэгдэхгүй алга болчихож байгаа юм чинь.
Ингээд арга ядаад дахиад л би өөрөө залгаж байгаа юм. Тэгэхээр өөдөөс хэлдэг хариулт нь ойлгомжтой. “Та тэрэнтэй холбогдлоо. Бүртгэлтэй гар утасны дугаараа хэлнэ үү. Хан-Уулын тийм хотхоны тэдийн тэдэн тоот мөн үү. Ямар асуудал байна танд”. Үгүй ээ бас арай ч дээ. Хэрэглэгчээ ингэж муухайгаар доромжилж, дорд үзэж болохгүй биз дээ. Мөнгөө төлөөд Univision-ий үйлчилгээг авсныхаа төлөө ингэж доромжлуулж, тэвчээрээ шалгуулах ямар гэм хийсэн юм бэ гээд өөдөөс нь бүр хашгирчихмаар санагдаж байгаа юм чинь. Энэний дэргэд замын бөглөөнд хоёр, гурван цагаар бөглөрөх чинь тэвчээр шалгасан зүйл огт биш юм билээ.
Тэгээд техникийн ажилтан нь ирээд юу болсон бэ?
Үгүй ээ яахав дээ. Хүрч ирснээ баахан үзэж үзэж ичихгүй “Ах аа танд шүдний чигчлүүр байна уу” гэж байгаа юм даа.
Шүдний чигчлүүр ээ. Тэрүүгээр яах гэж байгаа юм бол?
Яахав дээ. Цагаан төхөөрөмжний маань ар талд нэг далд орсон товчлуур шуу ухаантай юм байна лээ. Тэрийг гар нь орохгүй тул шүдний чигчлүүрээр хатгаж үзэх юм гэнэ ээ. Одоо ухаандаа тэр далд орсон товчлуурыг дарчихвал л манай интернэт, зурагт хоёр болчих гээд байгаа юм байлгүй дээ.
Манай эхнэр над руу нэг гайхсан харцаар харснаа шүдний чигчлүүр тэр үйлчилгээний ажилтанд нь авч өгсөн л дөө. Гэвч шүдний чигчлүүрээр дараад нэмэр болоогүй. Нөгөө үйлчилгээний ажилтан ноцолдож ноцолдож эцэст нь “Ах аа танай энэ цагаан төхөөрөмж чинь ажилгүй болчихож. Шинийг худалдаж авах уу” гэсэн.
Би өөдөөс нь зүв зүгээр ажиллаж байсан төхөөрөмж шүү дээ. Интернэт л жоохон гацсан болохоос зурагт маань зүгээр гарч байсан гээд л маргалдлаа. Мань засварчин ч яахав дээ. Өөдөөс “Олон жил хэрэглээд удахаараа ингэчихдэг юм” гэж ирээд баахан тайлбар тавьж өгнө биз дээ. Манай эхнэр зүв зүгээр байсан төхөөрөмжийг чи өөрөө шүдний чигчлүүрээр хатгаад ингэчихлээ шүү дээ. Манайх ганцхан жилийн өмнө наад төхөөрөмжийг чинь танайхаас шинээр авсан. Орчин үеийн боловсронгуй төхөөрөмж яахлаараа ингэж шүдний чигчлүүрээр хатгуулан байж ажиллах ёстой юм гэж ирээд л аашилж уурлаад бөөн юм болсон доо.
Тэгээд яасан бэ. Төхөөрөмжийг нь худалдаж авсан уу?
Худалдаж авахгүй гээд яах юм. Тэр засварчин залуу чинь манай эхнэрийг аашлаад байхаар арга ядсандаа эхлээд нэг хуучин төхөөрөмж цүнхнээсээ гаргаж ирээд тавьж үзэж байгаа юм. Тэрийгээ хямдхан авч болно гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь эхнэр бид хоёр одоо болохгүй бол тэгэхээс дээ л гэлээ. Гэвч мань залуу баахан оролдож оролдож “Өө энэ хуучин төхөөрөмж болохоороо болохгүй байна. Та хоёр шинийг нь л 100 гаруй мянган төгрөгөөр авбал ав. Өөр арга алга” гэж байгаа юм даа.
Хүн интернэт гацаад байна гэж хэлснийхээ төлөө зүв зүгээр ажиллаж байсан шинээрээ шахуу төхөөрөмжөө шүдний чигчлүүрээр хатгуулж эвдүүлээд. Тэгээд 100 гаруй мянгаар шинэ төхөөрөмж худалдаж авна гэдэг чинь одоо доромжлол биш үү тээ. Бид энэ Univision гэдэг компанийн үйлчилгээг гуйн байж хэрэглээгүй биз дээ. Өөрсдөө л манайх мундаг, манайх хурдан гээд рекламдаад байхаар нь сонгож хэрэглэж байгаа шүү дээ. Бусад айлууд ч ялгаагүй гэж бодож байна. Цаана нь өчнөөн олон кабелийн телевиз Univision-оос илүү таатай нөхцөлийг санал болгоод байж л байгаа шүү дээ. Би гуйж хэрэглээгүй, мөнгөө төлөөд үйлчилгээ авсныхаа төлөө ийм тэнэг байдалд ормооргүй байна л даа.
Шүдний чигчлүүрээр хатгаж үзсэн гэсэн үү. Арай үгүй байлгүй дээ. Хүн итгэхэд бэрх л юм?
“Шүдний чигчлүүр, эсвэл өөр орлуулчихмаар нарийхан үзүүртэй юм байна уу” гэж асууж байгаад аваад хатгасан шүү дээ, тэр тэнэг залуу чинь. Манай эхнэр бүр гайхаад хэлэх үг нь олдохгүй байгаа юм чинь. Техник технологийн эрин гэгдэж байгаа XXI зуунд өөрсдийгөө хамгийн шилдэг нь хэмээн рекламддаг байгууллагын үйлчилгээний ажилтан ийм ч байх гэж гээд бүр гайхаад шогшроод байгаа юм чинь.
Энэ компанийн захирал удирдлагууд нь ямар хүмүүс байдгийг мэдэхгүй юм. Доогуурх ажилтнууд нь. Тэр дундаа техникийн ажилтнууд нь ийм маягаар жоохон гомдол санал хэлсний төлөө айлуудаар хэсч явж цагаан төхөөрөмжийг чинь зориуд эвдэлчихээд, тэгээд хойноос нь шинэ, үнэтэй төхөөрөмжөө шахдаг юм биш үү гэсэн хардлага өөрийн эрхгүй төрснөө нуугаад яахав дээ.
Эхнэр бид хоёр бол тэгж л хардаж байгаа. Ер нь бол энэ гайтай Univsion-ийг сонгосныхоо төлөө сүүлийн хоёр жил тасралтгүй үйлчилгээний ажилтан нэртэй хэдэн охидуудтай нь утасны цаанаас хэрүүл хийж байна даа. Үгүй ээ ядаж мөнгөө төлсөн хэрэглэгч нь асуудал үүсээд бухимдаж ядаж байхад чинь нэг утас авсан ажилтан нь дахиж утсаа аваад тэр хүний асуудлыг хурдан шуурхай шийдээд өгч болно биз дээ. Энийг л би хамгийн их гайхаж байна.
Долоо, найм ахиж залгахад долоо, найман өөр хүн утас аваад өөдөөс нөгөө л нэг улиг болсон “Та тэрэнтэй холбогдлоо. Ямар асуудал байна. Бүртгэлтэй утасны дугаараа хэлнэ үү. Хан-Уулын тэддүгээр хороо, тийм хотхон, тэдэн тоот мөн үү”. Даапаалаад байгаа юм уу, эсвэл яагаад байгаа юм бүү мэд. Тэгээд ядаж байхад эргээд холбогдоё гэчихээд 30, 40 минут сураггүй алга болох нь яг л залхаан цээрлүүлэлт гээд хэлчихье.
Эхнэр бид хоёр өөр кабелийн үйлчилгээ сонгох гээд судалж байгаа. Бусад хүмүүст ч бас энэ нэг хоцрогдсон бүдүүлэг үйлчилгээтэй, “но”-той компаниас татгалз гэж уриалмаар байна. “Но”-той гэдгийг би бүр хүмүүст тодотгож хэлье. Интернэтийн хурд удаашрах тоолонд гомдол гаргасныхаа төлөө шинэ төхөөрөмж 100 гаруй мянгаар худалдаж аваад байвал айл гэрийн санхүү юу болох вэ, тийм биз дээ.
Сэтгүүлч Б.Түвшин
Fact.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
манай wi fi нь болохгүй бн гэсэн тэрний чип нь шатчихаж гээд11О мянгаар 3 жилийн лизингээр төхөөрөмжөө зарсаншт энэ бол луйвар бсан юм бнлпаа