Онцгой обьектоос алдагдсан 60 кг мөнгөн усны хэрэг замхрах вий
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа харуул хамгаалалт өндөртэй тусгай ангиас өнгөрсөн наймдугаар сард их хэмжээний мөнгөн ус алдагдсан талаар мэдээлсэн.
Тодруулбал, 60 гаруй кг мөнгөн ус хулгайд алдсныг тухайн үед харуул нар нь мэдээгүй байсан гэдэг.
Хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа мэдсэн. Гэхдээ зөвхөн лац хөндөгдсөн байсныг нэг нь мэдсэн, нөгөө хоёр нь огч мэдээгүй гэж хамгаалагчид мэдүүлэг өгчээ.
БОАЖЯ-ны харьяанд байсан, одоогоос хоёр жилийн өмнө ОБЕГ-т шилжүүлсэн, тус газрын Аврах тусгай ангийн хашаанд байрлах агуулахад уг нь 120 гаруй кг мөнгөн ус хадгалагдаж байдгийн тал нь алга болсон гэдгийг Сонгинохайрхан дүүргийн цагдаа, прокурорын байгууллагаас шалгаж буй.
Эх сурвалжийн хэлж буйгаар “Тухайн үед хаалга үүд нь бүрэн бүтэн, цоож нь ч гэмтээгүй байсан. Ганцхан өөрчлөгдсөн зүйл нь лацны дугаар, тэмдэглэгээ байсан. Тэнд байсан мөнгөн усны ихэнхийг цагдаагийн байгууллагад шалгаж буй эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураан авсан” гэв.
Их хэмжээний мөнгөн ус лацтай агуулахаас алдагдаж байхад мэдээгүй гэж мэлзэж байгаа харуул нарт но байна уу эсвэл энэ хэргийг зохион байгуулалттайгаар хулгайлсан байж болзошгүй гэж хуулийнхан үзэж байна.
Тэр их хэмжээний мөнгөн усыг хэн нэгэн хүн ганцаараа өргөөд явахгүй нь тодорхой. Тиймээс энэ хэрэгт онцгой байдлын газрын албан тушаалтнууд оролцсон байх магадлалтай. Мөнгөн ус нийлүүлдэг сүлжээ бүлэглэлд нийлүүлсэн байхыг үгүйсгэхгүй юм. Хэргийг сайн шалгаж, хэрэгтнүүдийг олохгүй бол энэ хэрэг ингээд намжаад замхрах вий.
О.Сайхан
Оллоо.mn
URL: