Турж үхэх шахсан нөхөд АСЕМ-аар улс орныг минь хоосортол цөлмөчихөж

f6e3ad31ad08624714628c8f1e4ee89cЭнэ улс оронд эзэн гэж үнэндээ үгүй болж. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд нэртэй нам, фракци дагасан шоучид наашаа харж зангиагаа засан жалир жалир хийгээд, цаашаа харан хөшиг татаад улсын сан хөмрөг, гадна дотнын хөрөнгө оруулалт болон өөр бусад өнгөтэй өөдтэй болгоныг ах дүү, амраг саднаараа хуваан идэж байна. Тэдэнд үнэндээ МАН, АН, МАХН гэх жинхэнэ нам, жинхэнэ үзэл баримтлал, байр суурь түй ч үгүй. Хэрхэн хэн нэгэндээ гомдолгүй хуваах, хуваах нэгж бүрт хэнийхээ ах дүүг ижил тэнцүү эрх мэдэлтэйгээр хянуулж суулгахав гэхээс өөр хэлцэл даанч байхгүй.

Хуваалт, оноолтод сэтгэл дундуур бол багш, эмч гэхчлэн нийгмийн асуудалтай салбар, эмзэг бүлгээр бамбай хийн, мөнгөний шавхруу горьдсон тэмцэгч нэрт шарвагнасан нөхдөд халтар зоос, хоёр гурван агентлагийн манаач, жижүүрийн суудал хуваарилж өгөөд гудманд өлсгөж, цангуулан цагаан хоолой бариулж хэд алхуулчихаад тараачихна. Сайндаа биш, өнөөдүүлийн дэмээр өөрийнхөө хүртэх хувийг тийнхүү нэмүүлчихээд дахин хөшгөө хаан хөзрөө тоглоод эхэлж байна.  Ард түмэн нэрт иргэд нь ядарч туйлдсандаа тэмцэл хийх ч тэнхэлгүй, өдрөөс өдөрт доройтон мөхсөөр. Гараад жагсая гэвч ажил тасалсан, орлого тасалдуулсан хэрэгт орж хөөгдөнө, өлөн зэлмүүн хоосон хонож мэдэх өдрүүд ард нь хүлээж байх тул хий дэмий сошиалд орилно, хараана, юу юугүй гараад цавчаад өгье хэмээн цээжээ дэлдэнэ. Өөр юуг ч хийж үл чадна. Энэ бүх дүр зураг, арчаагүй байдлыг ямар нэг баримт, нотолгоогоор гэрчлэх гэж хайх ч хэрэггүй. Ердөө саяхны, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнд хийсэн эрсдлийн аудитын тайланг үзэхэд л дээр тоочсон хөгийн Монголын нотолгоо бүхлээрээ тэнд байна.

90 оны ардчилсан хувьсгалчид хэмээн цээжээ дэлдэгч, тэр үеийн гудамжинд хэвтэж өлсгөлөн зарлаж байсан хэдэн залуус АСЕМ-аар халхавч хийн улсын хөрөнгийг хэрхэн цөлмөж идсэнийг, өнөөхийг нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэн үлдсэн хөрөнгө, хогшлийг нь хуваан хүртсэн МАН-ынхан гэхчлэн үнэндээ ой гутмаар. Хэн нэгнээ шийтгэе, хариуцлага тооцъё гэвч өөрөө, эсвэл ах дүү, хамаатан садан нь өнөөхөөс нь хэдийнэ хувь хүртчихсэн. Шүүх, цагдаа, авлигатай тэмцэхийнхэнг дуудъя аа чадахгүй болчихсон, дуудсан ч дахиад л ах дүү, амраг нөхөд нь тэнд байж байдаг. Ийм аалзны тор шиг хэрэлдсэн, нэгийг таславч нөгөө дээр очоод наалдчихдаг увайгүй улс болжээ, бид. Аудитыг МАН-ынхан хийж уг нь. Хийгээд, арга хэмжээ авч, авсан үр дүнгээ эргээд Үндэсний аудитын газарт ирүүлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ш.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нарт даалгасан юм байх. Гэхдээ энэ нөхөд нь чадах уу? Мөн аудитаар илэрсэн зөрчилтэй зарим асуудлыг хууль хяналтын байгууллагад бүхэл бүтэн 5 сарын өмнө шилжүүлсэн байгаа юм. Нөгөө хэд нь бас л таг. Барах уу, үнэндээ.

ХӨРӨНГӨ, МӨНГӨ ЦӨЛМӨХ ЭХНИЙ АЖИЛЛАГАА-1

Ази, Европын өндөр түвшний тэрхүү уулзалтыг Монголдоо хийж чадсан нь сайн хэрэг ч, ингэж далимдуулж, эрээ цээргүй идэж ууж, шамшигдуулах байсан бол хийгээгүй нь ч дээр байж эрхэм Ц.Элбэгдорж оо?! Таны удирдсан АСЕМ-ын үйл ажиллагааны зардлын нэгдсэн төсөв одоо хэр нь байхгүй, гүйцэтгэлийн тайлан бүр ч байхгүй, тэдгээрт тавигдах ёстой дотоод хяналтын талаар асуугаад ч хэрэггүй байна. Эрхэм ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүний багийнхныг зөвхөн эл үйл ажиллагаанаас хамаатуулан барьж хорьж, шалгах, улмаар хариуцлага үүрүүлж ял сонсгоход хангалттай гэж үзэхээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар зарлигаар Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй Үндэсний зөвлөл байгуулагдаж, зөвлөлийг нь Ерөнхий сайд ахалж,  мөнөөх Ерөнхий сайд нь өөрийн ажлын хэсгийг дараахь байдалтай байгуулсан байна.

Үүнд, дээд түвшний уулзалтын хуралдаан, үндсэн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, баримт бичгийн асуудал хариуцсан ажлын хэсгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байр сууц зочид буудлын асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудлыг нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав хариуцсан байгаа юм. Харин Зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлыг Зам тээврийн сайд М.Зоригт, Үйлчилгээ соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг НЗДарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудлыг Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар нар хариуцжээ. Нүсэр ажлын эхлэл цэгцтэй, журамтай, хариуцах эзэнтэй ийнхүү эхэлсэн боловч цаашлах тусам их мөнгөн дунд толгой нь эргэцгээн эцэстээ гүйцэтгэл, тайлан, хяналт алдагдан, төгсгөл рүүгээ алив бүхэнд бялуурсан нөхөд ажлынхаа үр дүн, ач холбогдлыг ч дүгнэх тэнхэлгүй болон тэгсхийгээд хаяад хаяад алга болсон байгаа юм. Товчхондоо энэ нөхөд 395.7 тэрбум төгрөгийг ямар ч тооцоолол, үр дүн, хяналтгүй зарцуулаад мөр мөрөө хөөн оджээ.

ХУУЛИЙН ЦООРХОЙГ САЙТАР АШИГЛАЖЭЭ

Хамгийн ноцтой нь эдгээр нөхөд АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлаа явуулахдаа зарим нэг хуулийг гуйвуулан ашиглаж, өөрсөндөө нууцын зэрэг тогтоон ажилласан бололтой юм. Өөрөөр хэлбэл, тендэр зарлан сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр хийгдэх гэрээ, ажлуудыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 63/37 дугаар зөвлөмжийн 3.5.7 дахь хэсэгт заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хоёр заалтыг ашиглан шууд гэрээ байгуулж том толгойлцгоосон байна. Тухайн 2 заалт нь “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй”, мөн “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендэр шалгаруулалтын журмын дагуу тендэр хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэсэн байдаг аж.

Энэхүү хоёр заалтыг урдаа барин мань эрс хүссэнээрээ гэрээлж, хөрөнгө мөнгийг зоргоороо цацсан байгаа юм. Товчхондоо, тэдний тооцоолж ашигласанчлан АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахтай холбоотой ажил, үйлчилгээ бүхэлдээ үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудал мөн үү, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой байдал мөн үү, биш үү гэдэг асуудал үүсгэж байна. Үүний мөн эсэхийг тодруулах эрхзүйн зохицуулалт байдаггүйг ч тэд тооцоолсон байгааг юу гэхэв. Тэдний үзсэнээр АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулахад хамааралтай гэж үзсэн бүх төсөл, арга хэмжээ нь төрийн нууц болоод үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм байх. Харамсалтай нь ингэж тооцоолоод бүх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг өөрсдийн үзэмжээр шууд сонгон гэрээ хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (ТБОНӨХБАҮХАТХ)-ийг ноцтойгоор зөрчжээ.

Түүнчлэн өөр нэг эгдүүцэл төрүүлэм, хөгийн зүйл нь Улсын Дээд шүүхээс дээрх хуулийн 34.1.5 дахь “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй” онцгой байдал гээчийн нь талаарх тайлбарыг хүссэнд хариуд нь “тайлбар өгөх журам” гараагүй гэж. Тэгэхээр АСЕМ-ыг ашигласан 90-оны ардчилагчдын дур зоргоор хөрөнгө мөнгө цацахдаа халхавч болгосон 2 заалтыг хэрхэн хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт нь байхгүй байна гэсэн үг юм. Эхнээсээ аль ч хуулийг дагаж мөрдөөгүй тэд Үнэлгээний хороо байгуулаагүй, Үнэлгээний хороо байгуулсан боловч хэрхэн хэлэлцэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, худалдан авах ажиллагааг багц болгон явуулсан боловч багц тус бүрээр үнэлгээ хийгээгүй, ШУУД гэрээ байгуулсан үндэслэл, тайлбарын талаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж байгаагүй, гүйцэтгэлийн баталгаа шаарддаггүй, худалдан авах ажиллагаанд оролцогчийн зүгээс үнэлгээний хороо гэгчийнхээ шийдвэрт нөлөөлж байсан гэхчлэн ноцтой зөрчлүүдийг жишим ч үгүй гаргаж явж.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭЖ ХӨӨРЦӨГЛӨСӨН АСЕМ-ААС ХЭН, ЮУ ХҮРТЭВ?

Хамгийн ичмээр, жигшмээр нь Ц.Элбэгдоржийн цээжээ дэлдэн бардамнаад байсан АСЕМ-ыг нь Монгол Улсад зохион байгуулахын зорилго, түүний ач холбогдлын талаар тодорхойлсон болон үр дүнг нь УИХ, Засгийн газраас дүгнэсэн албан ёсны баримт материал, тэр дундаа Үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдааны материал Гадаад харилцааны яамны архивт огт үлдээгүй байгаа нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, Ази, Европын дээд түвшний уулзалтыг ашиглаж хөрөнгө мөнгө идэх санаа л байснаас биш, түүнд ач холбогдол өгч хандаагүй гэж шуудхан дүгнэхэд буруутахааргүй байна. Ингэж дүгнэхэд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь АСЕМ-ыг ашиглагчид аль хэдийнэ “АСЕМ 2016 уулзалтыг дэмжих сан” ТББ байгуулан, түүгээрээ дамжуулан 24.5 тэрбум төгрөгийг иргэд, бусад хувийн байгууллагуудаар хийлгэсэн ажлын зардал хэмээн ямар ч баримт, хяналтгүйгээр хийсгэжээ. Тэрбайтугай гэрээ хийсэн гэх иргэд, байгууллага нь аудитын шалгалтын үеэр олдоогүй, холбогдоогүй байгаа нь даанч харамсалтай. Тэгсэн хэрнээ энэ бүх арга хэмжээ, ажлын хэсгүүдийн уялдаа холбоог зохицуулах үүрэгтэйгээр 46 хүний бүрэлдэхүүнтэй АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба бүтэн жилийн өмнөөс байгуулагдаж, нийтдээ 645.2 сая төгрөгийн цалин, хангамж эдэлсэн байх юм. Түүнчлэн АСЕМ-ын үйл ажиллагаанд нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулагдсанаас ердөө 23.0 хувь нь л улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс гарсан буюу зөвхөн эл 23.0 хувийн зардлын тайланг л Гадаад харилцааны яам гаргажээ. Үлдсэн мөнгөний зарцуулалтын тайланг үзээд өгье гэсэн ч үгүй болж. Түүнчлэн уулзалтын зочид төлөөлөгчдийн бүртгэл, итгэмжлэл, нэвтрэх үнэмлэх олгох, аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр монголчууд өөрсдөө учир дутагдалтай, барж дийлэхгүй байсан бололтой. Олон улсад энэ чиглэлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг гэх Италийн “Триумф групп”-тэй яаран сандран гэрээ байгуулж 163.4 мянган евро төлөхөөр болсон байгаа юм. Айхтар зөвлөгч тэдний нэмэлт зардал болох хоол, байрны мөнгөнд 54.8 сая төгрөгийг нэмж баталсан бөгөөд энэ нь дээрх гэрээний төлбөр гэгдэх 163.4 мянган еврогоос тусдаа гэнэ.  Товчхондоо, гэрээнд тусгагдаагүй нэмэлт үүссэн 54.8 сая төгрөг яг хэний халаас руу урссан нь мөн тодорхойгүй.

Ер нь манай хэд лут тансаглажээ. “Моннис моторс” компаниас 3 ширхэг Ниссан патрол маркийн автомашиныг 427.0 сая төгрөгөөр, ХБНГУ-ын “Мерседес” компаниас 2 ширхэг Мерседес бенз маркийн машиныг 581.4 сая төгрөгөөр авснаас гадна Приус-30 маркийн 52 ширхэг автомашиныг арга хэмжээ болохоос бүтэн жилийн өмнө худалдан авсан байгаа юм. Ядахад бас их өгөөмөр загнажээ, мань эрс. Өөрсдөө идэж уухынхаа зэрэгцээ иргэд, уран бүтээлчид, олон нийтийн санал санаачилгыг дэмжих нь зүйтэй гээд Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабалын “Тэнгэрийн өрх” уран баримлыг Хятад улсад хийлгэхээр 580.1 сая төгрөгийг зарцуулсан байна. Эл өгөөмөр гэрээг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар “Олон улсын уран бүтээлчдийн Монгол холбоо” ТББ-ын тэргүүн А.Чадраабал нар байгуулж төсөвлөсөн мөнгөнөөс нь Гаалийн татварт 58.1 саяыг, бас бус жижиг зардалд 22.0 саяыг нь үрсэн гэнэ. Уг нь АСЕМ-тай холбоотой орж ирж буй бүхнийг гаалийн татвараас чөлөөлж байсан хэрнээ ганц дурсгалт хөшөө нь яахаараа чөлөөлөгдөөгүй байдаг юм. Ийнхүү бөөн чирэгдэл зардал болгож оруулж ирсэн түүхт хөшөөг нь Д.Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт “Шандаст хонгор” гэж компани 71.9 сая төгрөгөөр суурилуулж буян болж. Бас уг хөшөөний юуг хийх нь тодорхойгүй шалтгаанаар Д.Бат-Эрдэнэ гэгч иргэн 16.7 сая төгрөгийг бэлнээр халааслаад явсан байгаа юм. Хөөрхий, хөшөөний тоос шороог арчиж өгсөн байж болзошгүй. Ийнхүү асар өндөр үнээр арай ядан олж ирсэн хөшөөг хэн ч өөрийн өмчөөр бүртгэж аваагүй эзэнгүйдсэнээс өнөөх нь өнөөдрийн байдлаар тэнгэрээс гэнэт унаж ирсэн солирын хэлтэрхий шиг л юм хэвтэж байна.  Эрхэм ардчилагчид өөрсдийгөө яая гэж байж “Монголын мянганы сорилтын сан”-д 4.4 сая төгрөгөөр тавилга, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын цайны газарт 12.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж, “Гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн төсөл боловсруулах, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулуулахаар иргэн Ж.Нарантуяа, В.Энхтамир нарт 10.0 сая, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга нарын газарт 99.5 сая төгрөг хандивласан байх юм. Тэрбайтугай, Гадаад харилцааны яамны ажилтнуудын гадаад томилолтод 263.9 сая төгрөг илүүчилсэн байгааг юу ч гэлтэй билээ. Нөгөөдүүл нь ч аваад сурчихсан. Тухайлбал, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, туслах Г.Учрал нар АСЕМ-аас аль жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганд оролцохоор явахдаа сайд нь хоногийн 5.0 мянган ам.доллар, туслах нь 400 ам.долларын өрөөнд буудаллан, дээр нь харилцаа холбооны зардал хэмээн 200 ам.доллар тооцон авч байж. Улмаар ХБНГУ-ын Мюнхен хотод бага хуралд оролцохоор явахдаа сайд Л.Пүрэвсүрэн, Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин нар мөн ийм хэмжээний томилолтын мөнгийг АСЕМ зохион байгуулах зардлаас гаргуулсан байгаа юм. Ер нь Л.Пүрэвсүрэн сайдтан даам гарчихсан нөхөр байсан бололтой. Тэрбээр мөн л АСЕМ-ын бэлтгэл ажлын төсвөөс 117.3 сая төгрөгөөр яамныхаа гадна талбайн засварыг хийлгэсэн байдаг. 117 сая төгрөгийн өртөг зараад ч сайжирдаггүй яасан ч лойчихсон гадна талбай байдаг юм. Ийнхүү манай сайн эрс АСЕМ-ын бэлтгэл ажлын зардлаас АСЕМ-д огт хамааралгүй зүйлд зарцуулж байсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-ийг зөрчсөн үйлдэл болж байна.

Эх сурвалж Нийгмийн шуудан сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих