Лалтай тэмцэхийн тулд эхлээд сахалтай нь тэмц
ХЭДЭН АРВАН ЖИЛИЙН ДАРАА ИСЛАМЫН ШАШИН ХРИСТИЙГ АРДАА ОРХИНО
Аллах бурхан аугаа, Америкт үхэл, Израильд үхэл, Жүүдүүд хараал идмэрүүд, Ислам ялна. Сири-Иракт тулалдаж буй “Лалын улс” бүлгийн дайчид долоон жил энэ уриаг шүлэглэжээ. Ерөөсөө Арабын орнуудад дэгдсэн “Арабын хавар”-ын гол уриа болох шахсан.
Исламистууд ингэж хөөрцөглөхийг шууд буруушааж болохгүй. Учир нь тэгэх шалтгаантай. Америкийн Pew Research Center гэх төвийн хийсэн судалгаа бий. XXI зууны төгсгөл гэхэд дэлхийн хамгийн түгээмэл шашин нь лал болж, христийн шашинтныг тоогоор гүйцнэ гэсэн таамаг тэнд нь байна.
2010 оны байдлаар даян дэлхийн нийт хүн ардын 23 хувь буюу 1.6 тэрбум нь мусульманчууд, 31 хувь нь христийн шашинтнууд байсан ба энэ тоо зарчмын хувьд айхтар өөрчлөгдөөгүй.
Гэвч хүн амын өсөлтийн хандлага юу хэлэх вэ гэвэл, исламын талынхан энэ эрчээрээ өсч үржсээр хэдэн арван жилийн дараа гэхэд христийг ардаа орхино. Лалын шашинт аль ч улсад хүн ам өсч байна.
Бүр дайн байлдаан хямралтай, эрчүүд нь дайнд мордсон, алагдсан, үрэгдсэн Афганистан, Йемен, Сирид хүртэл хүн ам зогсолтгүй өсөж, улам залуужиж байна.
Эдүгээ нийт мусульманчуудын олонх нь (62 хувь) Азид аж төрдөг. 2050 он гэхэд Энэтхэг лалын хамгийн том улс болох ба 300 саяас давна. Европын хүн амын 10 хувь исламд сүсэглэдэг ч өсөлт саарахгүй, Европын уугуул хүн амыг буланд шахтал нь үржинэ.
Эдүгээ Францад оршин суугчдынх нь 31 хувь мусульман гэсэн албан бус статистик байна. Гэвч ислам бол даян дэлхийд сайн нэрээ дуудуулахын сацуу “лалын терроризм” гэдгээсээ болоод муу нэрийг багагүй дуурсгаж буй.
Индонезийн дэд ерөнхийлөгч Юсуф Калла гэдэг хүн лалын ертөнцөд тулгарсан ноцтой гурван бэрхшээлийг хөнджээ.
1. Лалын орнууд дахь аж амьдралын доройтол, элдэв хувьсгалт үймээн мөргөлдөөн, шашны дайнаас үүдсэн хохирол хэлмэгдэл, эх орноо орхиж дүрвэсэн аргагүй байдал.
2. Эдгээр улс орнууд байгалийн асар их баялагтай ч шинжлэх ухаан техникийн хоцрогдлоосоо болж бусад бүс нутгаас, мусульман биш улсуудаас ихээхэн хоцрогджээ.
3. Хэдэн зууны өмнөх лалын сургаал ном, шүтлэг бишрэл өнөөгийн цаг үетэйгээ илт зөрчилдөх болсон гэх мэт.
Шинжлэх ухаан, технологийн хөгжлөөр дорой, шашных нь сургаал ном, бишрэл нь цаг үеэсээ хоцрогдсон нь хөгжлийн чөдөр болсон шашны тухай өгүүлээд байх шиг.
Шашны мунхруулга, хэт хуучинсаг ёс жаяг, исламыг бүх ертөнцийн дээр гаргаж тавих гэдэг нь зөрчил үүсгээд буй тухай лалын орнуудад ярьдаг, сэтгэдэг, заримыг нь хориглодог болж байна.
Эмэгтэйчүүдийг өмч мэт үздэг, гэрлэсний дараа хар гивлүүр, хар нөмрөг, бүр хар бээлий, хар оймсоор биеийг нь хучаад, гэртээ суулгадаг. Гэрээс гаргахгүй, ажил хийлгэхгүй, хэрэв эрх шаардвал элдэв хэлбэрээр гэсгээдэг (Саудын Арабад), эрчүүдийг үс сахлаа хусахгүй, засахгүй, цагаан нөмрөг, нөмгөн дээл бүхий мөргөлчин байлгах гэдэг.
Афганистан, Йемен, Иракт насанд хүрээгүй бяцхан (бүр 6-10 насны) охидыг 30, 40, 50, 60-тай эрчүүдэд хүчээр гэргий болгож өгдөг.
Амьд жишээн дээр яривал Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Юсуфзай Малала охиныг буудаж шархдуулсан, эх орноос нь дүрвүүлсэн, байнга заналхийлдэг, Эмиратад хүчиндүүлсэн швед бүсгүйг гэр бүлийн бус бэлгийн харьцаанд орсон хэргээр 18 сар гянданд хорьсон, Багдадын миссээр шалгарсан 22-той загвар өмсөгч, блогер Тару Фаресыг барьцаалаад хэрцгийгээр буудаж алсан гээд даруй өөрчлөхгүй бол болохгүй олон зуршил амь бөхтэй.
Алагдсан ирак бүсгүйг гэмтэн байсан мэтээр “Бид Аллахаас түүнийг өршөөхийг гуйя, түүнд аугаа их энэрэл уучлалаа үзүүлээч” хэмээн араас нь эмгэнэх нь шашны ёс уу, юу вэ?
Аялал жуулчлалаар ихээхэн ашиг олж, улсын сан хөмрөгөө баяжуулж байгаад зогсоолгосон Египет “Арабын хавар”ын хар дарсан зүүднээсээ одоо л сэрж байх шиг. Лалын бус бүх юмс үзэгдэл, хүн ардыг жигшээх шинжтэй хувьсгал хийсний харгайгаар 2011-2013 онд аялал жуулчлал нь бүр зогссон.
Исламистуудаа дарж авах тэмцэл одоо ч үргэлжилж байна. Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргах дээрээ тулж, лалын мухар ёс заншлыг халж эхэлжээ. Египетийн дээд шүүхээс цагдаа хүн урт сахалтай байж болохгүйг хуульчилж дэлхийг дэлдийлгээд байна. Зургаан жил тойрч тэмцэлдсэний эцэст ийм шийдвэр гаргажээ.
Цагдаа бол шашинжаагүй иргэний байгууллага тул лалын шашны бэлгэдэл болсон сахалтай тэмцэх нь зөв хэмээн Засгийн газар нь үзжээ.
Хориотой улс төрийн ба террорист байгууллагад цагдаа хамааралтай гэдгийг урт сахал самбаа нь илтгэх тул хуссугай гэсэн заалттай. Ерөөсөө дотоод яамны харьяанд байгаа л бол сахал үсээ ургуулах эрхгүй, цаашдаа төрийн бусад байгууллагад ч нэвтрүүлбэл таарна хэмээн дээд шүүхийн шүүгч Мухаммед Махер Абдул Инеин мэдэгджээ.
“Арабын хавар”ыг хүртэл цагдаа нар эрүүндээ урт сахалтай явахыг хориглодог байв. Гэтэл хувьсгал дэгдэж, “лалын ахан дүүс” засгийн эрх авч, түүний удирдагч Мухаммед Мурси Ерөнхийлөгч болмогц сахал самбааны эрх чөлөө хэрэгжиж, тус улсын цагдаа нь сахал үсэндээ баригджээ.
2013 онд цэргийн эргэлтээр Мурсиг хөөж буулгаад, баривчлан хэдэн жил байцаасны эцэст 2015 онд Каирын эрүүгийн хэргийн шүүхээс түүнийг террорист хэмээн зарлаж цаазын ял сонсгосон ба “Лалын ахан дүүс”-ийг нь Египетэд хориглож, бусад орнуудад террорист байгууллагын жагсаалтад бас оруулжээ.
Террористуудын жагсаалтад нийт 35 хүн байгаагийн дотор “Лалын ахан дүүс”-ийн лидер Мухаммед Бадиа, Египетийн парламентын спикер асан Саад аль-Кататни гээд дээдчүүл жагсаж байна.
Мурси нь цаазаар авахуулах ялаа бүс насаараа хоригдох бол гуулсан бол 2016 онд Катарын тагнуулч байсан хэргээр нэмж 15 жил авчээ. Терророор “ахан дүүс” болсон нөхдийг Араб даяар ангуучилж эхэллээ.
Йорданы нийслэл Амман дахь “Лалын ахан дүүс”-ийн төв байрыг хааж, лацадсан. “Ахан дүүс” нь Йорданы дэмжлэгтэй, түүний улс төрийн жигүүр “Исламын үйл ажиллагааны Фронт” нам тус улсад алдаршаад, төрөөс исламизмын талаар хатуу бодлого явуулан байж парламентын сүүлийн хоёр сонгуулиас хасуулжээ.
Йорданы эрх баригчид үе үе “Ахан дүүс”-ийн эсрэг ажиллагаа явуулдаг. Эмират улсын хүсэлтээр эл байгууллагын даргыг баривчилж гянданд хорьсон. Саудын Арабад мөн хялайж үздэг. Үс сахалтай тэмцэхийг Йорданд өөгшүүлдэг. Булангийн орнууд мөн дагалдаж байна. Хамар доорх жирвэгэр сахал болно, эрүүнээсээ доош хэт их ургуулахыг таашаахгүй. Лалын консерватизмын бэлгэдэл учраас.
Нэгэнт урт сахалтай тэмцээд ирэхийн цагт исламистуудыг жинхнээсээ өөгшүүлдэг салафизм руу халдах ёстой болдог.
Арабын гэгээлэг хэсэг нь яг энэ тэмцлийн зааг үе дээр ирээд байна.
Тэртээ 1939 онд “Ахан дүүс”-ийн V бага хурал дээр Аль-Банна гэдэг нөхөр исламист байгууллагынхаа гол үзэл суртлыг салафизм хэмээн зарлажээ. Салафитууд гэдэг нь мусульманы фундаменталист жигүүр, хүсэл нь “Халифуудын өмнөх эрин үе рүү” дэлхийг буцаах.
Тэр нь зөнч Мухаммедын яг дараах үе буюу лалын шашин нь суннит-шиитээрээ салаагүй VII зууны дунд үе. Тэр үед ядуурал байгаагүй, хэн нэгнээ дарлаж байгаагүй, бүх мусульман адил тэгш эрхтэй, Аллахын шударга элч нар дэлхийг (яг үнэндээ тэднийг) захирч байсан цаг.
“Өчигдрөөс өнөөдөр хүртэл” (1939) гэх гарчиг бүхий Аль Баннагийн бүтээлд хонзогнолын утга санаа нэвт шингээстэй. Исламыг үнэнээр нь ойлгож таниагүй араб бишчүүд, эхлээд персүүд, дараа нь дейлемитүүд, түрэгүүд, мамлюкуудад улс төрийн эрх мэдэл шилжсэнээр мусульманчуудын бүх гай эхэлсэн.
Дейлемитүүд 945 онд Багдадыг эзэгнээд, 1055 онд турк-сельжүкүүд тэднийг хөөж гаргасан, мамлюкүүд 1250 онд Египетэд засгийн эрх авсан. Перс-шиитүүд 750 онд Омейядын халифат-хаант улсыг нураасан гэх мэт эртний түүх хөврөөд байх нь тэр.
Дан гомдол хорсол.
Лалын ертөнцийн бүх түүх сүүлийн 1000 жилдээ дан буруу замаар явжээ. Түүнийг засч залруулахын тулд 1939 онд нэгэн сект байгуулсан нь салафизм болж алдаршжээ. “Лалын ах дүүс” бол жинхэнэ “ислам”.
1936 онд Египетэд жинхэнэ лалын гишүүд нь 20 мянга байсан ба нацистын Германы Рейх тэдний анхны гадаад дэмжигч болсон нь бүр ч гайхалтай. Ертөнцөд немцийн цус гүйж байгаа бүх газар нутгийг Рейх өмгөөлнө. Түүн шиг мусульман мусульманаа дэмжинэ, өмгөөлнө.
Германы түүхч Матиас Кютцель 2007 онд “Жихад ба жүүдийг үзэн ядахуй” гэх ном хэвлүүлсэн ба түүнд өгүүлснээр бол “Ах дүүс”ийн анхны хөлгөн судар нь Коран бус араб хэлээр маш ихээр нь хэвлэсэн “Майн кампф” (Гитлерийн “Миний жихад” гэж орчуулагдсан) ном болжээ.
Нацизмын үзэл суртлыг Корантай хослуулан сонгож авсан нь ч санаандгүй учрал биш. Германы элдэв сангуудаас лалын исламист хөдөлгөөнүүд санхүүжиж, “Ах дүүс” энэ дунд хамгийн ихээр санхүүгийн дэмжлэг авсан, хэвлэх үйлдвэр олныг авсан, Каирт Германы төлөөлөгчийн газрын харьяаны байгууллага болтлоо бэхжсэн хэмээн Норвегийн түүхч Бриньяр Лиа 1998 онд Америкт хэвлүүлсэн номдоо бичжээ.
Дорнод Иерусалим дахь Палестины автономит нутаг дэвсгэрт 1999 онд хэвлэж худалдаанд гаргасан “Миний жихад” ном 10 орчим ам.доллартай дүйцэх израиль шекелиэр гялалзтал зарагдаад бүр бестселлер болсон ба одоо ч арабуудын дунд тун эрэлттэй, араб залуусын мөн хийн дуудлага аятай.
Өмнөх үг нь “Адольф Гитлер хэзээ ч мартагдахгүй, тэр герман үндэстэнд үл хамаарна, учир нь тэр дэлхийн хүн учраас дэлхийд хамаатай” гэсэн өгүүлбэрээр эхэлжээ. Бүх дэлхийн түүхэнд хувь нэмрээ оруулсан энэ түүхэн хүнийг ойлгох хэрэгтэй гэсэн уриалга дагалджээ.
Ойлгохын тулд “Үндэсний Социализмын Евангел”-ыг судлагтун, уншигтун, Гитлер үхсэнээр үндэсний социализм огтхон ч мөхөөгүй юм гэсэн мөрүүд дурайж харагдана. Тэр оршил үгэнд бичсэнээр бол, Гитлер нь эмгэнэлээр дүүрэн, хамаг юмаа устгуулсан, домог болсон жирийн цэрэг, үзэл суртлын асар их өв сан, өв сан нь улс төр, нийгэм, шинжлэх ухаан, соёл тэр чигтээ байх аж. Түүний өдүүлсэн дайн бол мөн л тэр чигтээ шинжлэх ухаан, соёлын өв гэнэ.
Ингэхээр салафизм, нацизм хоёр ижилсээд төрөлсөөд явчихав аа.
Ганц дайсантай, тэр нь жүүдүүд ба тэдний соёл шашин. Дэлхийн II дайны үед Германы бөөнөөр хорих лагериудад Араб, Ойрх Дорнод, бүр Иерусалимын муфти-лам нар олноороо очиж, байнга байрлаж, жүүд нарыг там руу илгээх аллагын явцыг харж судалж, дүгнэж, буцахдаа Берлин орж Гитлер, Гиммлер, Гебельс нартай уулзаж учирч явсан тухай элдэв таагүй баримт илэрсээр байна.
Ойрх Дорнод ойгомжтой боллоо. Жүүдийн төр улсын эсрэг арабуудын экстремизм нь нацизмын үзэл суртлаар тэжээгдэн амилсаар байдаг ажээ.
Нэг нь алга болчихсон үзэл суртал. Нөгөөх нь Араб дахинд амь бөхтэй оршиж байна. Бүр дэлгэрүүлбэл Араб, Перс даяар тархсан Суннизм, Шиизм, Исмаилизм, Зейдизм, Ибадизм, Суфизм, Салафизм, Ваххабизм, Ашаризм, Матуридизм дотроо Салафизм нь үлэмж их дэмжлэгтэй, амьдрах хөрстэй, түүхэн уг сурвалжтай, өмгөөлөх хамгаалах дайчидтай гэсэн үг…
Засгийн газрын мэдээ
URL: