У.Хүрэлсүх ажлаа өг эсвэл Н.Баяртсайханаа эргүүлэн тат!!!
Ам.долларыг хазаарлаж чадахгүй сул тавиад өдий хүрсэн. Эргээд нэг хар даа хоёрхон жилийн өмнө 2000 төгрөгт хүрэхэд бөөн сүр дуулиан болж байсан өнөөх ам.доллар өнөөдөр 2,570 төгрөгтэй тэнцэж ирлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хаа ч байхгүй рекордыг тогтоож чадаснаар өнөөдрийн нөхцөл байдал ийм эмгэнэлтэй болж байна.
Нэг л өглөө сэрэхэд долларыг дагаад шатахууны үнэ 60-100 төгрөгөөр нэмэгдэх нь тэр. Энэ бол цаг хугацааны асуудал байсан. Дан ганц бензиний үнэ нэмэгдээд зогсдог бол өнөөгийн нийгэмд аз гэлтэй. Гэтэл аль ч улсад шатахууны үнэ нэмэгдсэн л бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг нь жам.
Шатахууны үнэ нэмэгдсэнээр нийгэмд ямар өөрчлөлт гарсан бэ гэж үү? Адгийн наад захын жишээ л гэхэд өмнө нь такси барихад мянган төгрөг гардаг байсан газар 1500 төгрөг болж, нэг ширхэг өндөг 380 төгрөгтэй тэнцэж ирлээ. Энэ бол нэг өдрийн дотор өөрчлөгдсөн энгийн жишээ.
Бид өнөөдөр ямар ч хяналтгүй төртэй, хөгждөггүй нийгэмд аж төрж байгаа нэгэн илрэл энэ байж болох юм.
Монголбанкийг тэр тусмаа Н.Баяртсайханыг ингэж давраах ямар хэрэгтэй юм бэ? Чадахгүй бол шууд зайлуулчихдаг л баймаар юм. Нэг бол Монголбанкийг татан буулгаад “Найман шарга”-ыг оронд нь ажиллуул. Хамаагүй дээр байж мэднэ.
У.Хүрэлсүх ерөнхий сайд ажлаа ингэж хийсэн хэвээр байвал танийг иргэд өндөр дээрээс унагахад бэлэн болсон гэдэгийг хэлэх хэрэгтэй байх. Аргагүй шүү дээ ерөнхий сайд нь хөдөөгүүр дэмий тэнээд, нийслэлд юу болж байгааг анзаарахгүй, мэдсэн ч мэдээгүй мэт дөлж зугтаад байхаар хэн таалах билээ.
Чадахгүй бол чаддаг нэгэнд нь ажлаа шудрагаар өгөөд харж суух шиг сайхан юм юу байна. У.Хүрэлсүх та суудлаасаа буу эсвэл ажлаа хийж чадахгүй байгаа энэ Н.Баяртсайханаа эргүүлэн татаж, өөр олигтойхон шиг ажлаа хийдэг боловсон хүчнээр соль. Танай МАН-д шаардлага хангахаар боловсон хүчин байхгүй бол “Ичих нүүрээ элгэндээ наа”-аад гаднаас зөвлөх урь!
Эх сурвалж:MONGOLCOMMENT.MN
Нийтэлсэн:М.МАРТ
URL: