Долларын ханшийн галзуурал шатахууны үнэд нөлөөлж байна
-ТӨВБАНК ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ХАЗААРЛАЖ БАЙЖ ИРГЭД ШАТАХУУНЫ ҮНЭД ДАРЛУУЛАХГҮЙ АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДЭХ НЬ -
Бензиний үнэ 60-80, дизелийн үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдсэний гол шалтгаан нь долларын ханшийн чангаралт гэж эдийн засагчид хэлж байна. Өнөөхөндөө шатахууны үнээ нэмээгүй “Сод Монгол”, “Синчи ойл” зэрэг компаниуд ногоон валютын ханш чангарч байгаа учраас тун удахгүй үнээ нэмэхээс аргагүй гэсэн хариуг хэвлэлийнхэнд өгсөн юм. Найман шарга валютын зах дээр өчигдөр ам.долларыг 2563 төгрөгөөр авч, 2568 төгрөгөөр зарж байлаа. Зургадугаар сараас хойш ам.долларын ханш 160 гаруй төгрөгөөр чангараад байна. Арилжааны банкныхан ам.долларын ханш ирэх өдөр, саруудад чангарна гэсэн таамаг гаргажээ. Том төслүүдээ дэмжиж, татвараа буулгаж, Америкт үйлдвэрлэсэн барааг нэгдүгээрт тавьж буй Д.Трампын бодлого цэнхэр гаригийн улс орнуудад эргэлдэж буй ам.долларыг АНУ руу татаад эхэлчихсэн. Хятад, АНУ-ын дунд өрнөж буй худалдааны дайны эрчимжилт ч долларын ханш чангарахад нөлөөлж байгаа. Манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт 49 хувиар өссөн, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байгаа, зэс нүүрсний үнийн өсөлт дажгүй хэвээр яваа, Төв банкин дахь алт тушаалт буураагүй өссөн гэх мэт эерэг үзүүлэлт олон бий. Өөрөөр хэлбэл доллараар дутахгүй аж төрж яваа улсын нэг нь Азийн Монгол. Засгийн газар, Төв банк бодлогоо уялдуулчихад л ноён ногооны ханшийг хазаарлах боломж бий гэсэн тайлбарыг эдийн засагчид өгч байна. Гэхдээ одоогоор долларын ханшийг сулруулж, төгрөгөө чангаруулах ямар нэгэн оролдлогыг Төв банк, Засгийн газрын аль аль нь хийхгүй суугаа.
Манай улс шатахууны хэрэглээнийхээ 95-аас дээш хувийг ОХУ-аас импортолдог. Шатахуун импортлогчид “Роснефть” компанитай авах, зарах үнээ хэрхэн яаж бодохоо тохирсон гэрээг 2014 онд анх байгуулж байж. Саяхан гэрээгээ сунгасан юм байна. Хоёр тал өгөх, авах шатахууны үнээ Сингапурын биржийн баррель нефтийн үнэтэй уяж тооцох тохироо хийжээ. Сингапурын бирж дээрх баррель нефтийг тонн руу хөрвүүлж байгаад нефтийн ханшаа гаргачихдаг юм байна. Ингэж тооцсон үнэ дээр “Роснефть” өртөг зардлаа нэмээд манайд зарах ханшаа тогтоодог аж. Өөрөөр хэлбэл шатахуун импортлогчид дөрвөн жилийн өмнөөс дэлхийн зах зээлийн ханшаар шатахуунаа худалдаж авдаг болжээ.
Эндээс дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх хэрээр хойд хөршөөс авах шатахууны ханш өсдөг гэсэн гаргалгааг түвэггүй хийчихэж болно. Өнгөрсөн жил 54-55 ам.долларт хэлбэлзэж байсан газрын тосны үнэ өдгөө 80 ам.доллар даваад байна. Түрүү жилийн зунаас хойш түүхий нефтийн үнэ өсч эхэлсэн юм. Тэгэхээр “Роснефть”-ийн манайд зарах шатахууны үнэ энэ циклийг дагаад өнөөг хүртэл нэмэгдсээр ирсэн гэсэн үг. Шатахуун импортлогчид энэ оны нэгдүгээр сараас үнээ бага багаар хоёр гурван удаа нэмсэн шалтгаан нь ерөөсөө энэ.
“Роснефть” Сингапурын биржийн хөдөлгөөнийг дунджилж, өртөг зардал, ашгаа нэмсэн үнийг сар бүрийн 25-нд манай улсын шатахуунд импортлогчдод ирүүлдэг. Аравдугаар сард шатахуун нийлүүлэх үнээ өнгөрсөн сарын 25-нд өгөхдөө дизель дээр 80 гаруй ам.доллар, бензин дээр 40 гаруй доллараар өсгөсөн дүн ирүүлжээ. Үнэ нь өссөн шатахуун түрүүчээсээ бууж, худалдаанд гарч эхэлсэн учраас дизель, бензиний үнэ хоёр өдрийн өмнөөс нэмэгджээ. Дашрамд дурдахад түүхий нефтийн үнэ энэ сараас огцом өөрчлөгдсөн юм. Баррель нефтийн ханш өнгөрсөн сард 77-78 ам.доллар байсан бол ганцхан сарын дотор 81-82 ам.доллар болж өссөнийг статистикаас харж болно.
Түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр цаашид ч өсөх зурагтай байна. 100 ам.доллар давна гэсэн таамаг давамгайлж эхэлжээ. Ираны хориг цуцлагдах ч юм уу, ОПЕК-ийн орнууд өдөрт сая баррель тонн нефть илүү олборлоё гэсэн мэдэгдэл гаргахгүй л бол шатахууны үнэ буух ямар ч шалтгаан байхгүй. Дэлхийн өнөөдрийн байдлыг ажиглахад улс төрийн ийм эерэг шийдвэр, шийдэл хэзээ ч гарахгүй гэж шинжээчид онцолсоор байгаа. Харин ч Ираны хоригийн асуудал улам хүндэрнэ гэсэн таамаг голлож эхэллээ.
Гадаад зах зээл дээрх түүхий нефтийн үнийн чангарлын эсрэг бидний хийж хүчрэх зүйл мэдээж байхгүй. Дотооддоо хийх ёстой хоёрхон шийдэл байна. Нэг нь эдийн засгийн таатай давуу орчиндоо дулдуйдаж долларын ханшийг суллах, нөгөө нь А-95, дизелийн онцгой албан татварыг тэглэх.
Долларын ханш энэ янзаараа чангараад байвал ногоон валютаар худалдаж авдаг шатахууны үнэ буух ямар ч боломжгүй. Импортлогчид арилжааны банкуудаас зээлсэн мөнгөө сар бүрийн 15-нд “Роснефть” рүү шилжүүлдэг. Энэ үеэр ногоон валют чангарах үзэгдэл анзаарагддаг нь ийм учиртай. Манай улс жилдээ 1.4 сая тонн шатахуун хэрэглэж байна. Шатахуунд хичнээн ам.доллар зардагийг тооцохын тулд хамгийн багаар буюу нэг сая тонн шатахуунаар багцаалдъя. Нэг сая тонн бүтээгдэхүүнийг дунджаар нэг тонныг нь 700 мянган ам.доллараар авлаа гэж бодъё. Тэгвэл нэг сая тонн шатахуун худалдаж авахын тулд бидэнд жилд 700 сая ам. доллар хэрэгтэй. 700 сая доллараа 12 сард хуваахаар сар бүр 60 сая ам.доллар гадагшилдаг гэсэн аварга тоо гарч байна. Өнөөдрийн хэрэглээгээр тооцвол ойролцоогоор сар бүр 80 гаруй сая ам.доллар гадагш урсдаг гэсэн үг.
Доллар чангараад байхад шатахууны нөөцөө ахиухан бэлдэж болдоггүй юм байх даа гэсэн шүүмжлэл дуулддаг. Ахиухан шатахуун импортлохын тулд овоохон мөнгө хэрэгтэй. Арилжааны банкуудаас зээл авсан импортлогчдын хувьд дажгүй хэмжээгээр шатахуун нөөцөллөө ч долларын ханш өсөх хэрээр үнээ өсгөхөөс аргагүйд хүрнэ. Учир нь тэд зээлийн хүүгээ сар бүр төлдөг. Сар бүрийн хүү нь 1.5-1.6 хувиар хэмжигддэг. Ханшийн савлагаа ийм огцом хэлбэлзэлтэй үед жилийн 18 хувийн хүү гэдэг бол чанга тоо. За тэгээд агуулахад ажиллаж байгаа хүмүүс, агуулахын цахилгааны хэрэглээ гэж ирээд яривал урсгал зардлууд өчнөөн. Шинээр агуулахууд барьж байж ахиу шатахуун нөөцлөх боломжтой гэсэн тайлбарыг импортлогчид хэлдэг. Уул уурхайн салбар унаж, дизелийн хэрэглээ эрс хумигдсан 2014-2016 онд ахиу шатахуун нөөцлөх боломж байж. Уул уурхай сэргэж 1.1 сая тонн байсан хэрэглээ 1.4 сая тонн хүртэл өссөн өнөөдрийн хувьд ахиу шатахуун авъя гэсэн ч нөөцлөх сав хүрэлцэхгүй гэсэн шалтгаан байгаа аж.
Онцгой албан татварын хувьд өдгөө 80, 92 бензинийг татваргүй импортолж байгаа. Харин 95, 98-аас Засгийн газар онцгой албан татвар авсан хэвээр байна. Валютын сантай зөвшилцөж байж шийднэ гэсэн тайлбарыг эрх баригчид хэлж буй. Татвартай, татваргүй гэсэн ялгаанаас болж 80, 92-оос бусад бензин дизелийн үнэ хоорондоо 400 гаруй төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байна. Эндээс анзаарахад Засгийн газар ирэх оны төсөвт дизель, 95 бензиний онцгой албан татварыг хасч тооцох шаардлага нэгэнт үүсчихэж. Гэхдээ онцгой албан татварыг чөлөөллөө гээд долларын ханшийн чангарал, дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнийн галзуурлаас болж өндрөө авсан шатахууны үнэ мэдрэгдэхүйц бууна гэдэг боломжгүй зүйл. Харин ам.долларын ханшийг хазаарлаж чадвал шатахууны үнэд дарлуулахгүй амьдрах боломж бий.
Өмнөх засгийн үе шиг Үнэ тогтворжуулах хөтөлбөр зарлахгүй гэдгийг Ерөнхий сайд, Төв банкны ерөнхийлөгч нь мэдэгдчихсэн болохоор долларын ханшийг суллаж, төгрөгөө чангалах гарц л үлдээд байгаа юм. Долларын урсгалыг гадагшлуулахгүйн тулд иргэдийнхээ хэрэглээний зээлийг хумиад эхэлсэн засагт бас нэг гарц бий. Тэр нь төсвийн зардлаа багасгаж, төсвөөс санхүүжих эх үүсвэрүүдийг цөөлөх. Товчхондоо иргэд нь сард авдаг хэдэн төгрөгөө долларын чангарлаас болж үнэгүйдүүлчихээд бүсээ чангалж чардайж явахад төр ч бас бүсээ чангалмаар байна. Улсын төсвийн мөнгийг дэмий юманд зарцуулахаа эрс багасгавал төгрөг долларын харьцаа харьцангуй зохистой түвшинд хүрнэ гэсэн тайлбарыг эдийн засагчид хэлж байна. Бултаараа төгрөгөө чангалах энэ мэт арга чарга хэрэглэвэл бага ч гэсэн нэмэртэй л шийдэл.
Шатахууны үнэд улсаараа нэрвэгдэхгүй байх бас нэг гарц бий. Шатахууны нийт хэрэглээний багахан хэсгийг буюу 32-33 хувийг жижиглэнгийн буюу энгийн иргэдийн хэрэглээ эзэлдэг гэсэн тооцоо бий. Жижиглэнгийн хэрэглээ 92, 80 дээр төвлөрдөг. Засгийн газар шатахууны үнийн өсөлтөд хамгийн их өртдөг энэ эмзэг хэсгээ онилж өмнөх засгийн хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй төстэй арга хэрэглэмээр байна.
Өдрийн сонин
URL: