Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц.Нямдорж сайд аа
Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Үүнийг дагаад тус салбарт авлига, хүнд суртал, хээл хахуулийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар дахь авлигын талаар судалж шинжилсэн зүйл бараг алга. Тусгай зөвшөөрөл авахаас эхлүүлээд уурхайг хаах хүртэлх бүх л үйл явц, цаг үед хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил дагаж байгаа гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Уул уурхайн компаниудаас хандив авдаг хууль сахиулагчид цөөнгүй байдаг талаар иргэд хоорондоо ярьж, хамт ажиллагсад нь мэддэг ч тэр бүр нийтэд дэлгээд байж чаддаггүй. Компаниудаас санхүүждэг нэг бус хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа билээ.
Харин хэрэгт холбогдогсдыг гахай болгох уу, үнээ болгох уу гэдэг нь прокурор, шүүхийнхнээс хамаарах нь. Хууль сахиулагчдын дунд тогтсон жаргон хэллэгээр бол гахай болгоно гэдэг нь хэргийг хурдан шуурхай шийдэж, ял шийтгэл ногдуулахыг хэлж буй аж. Харин үнээ болгоно гэдэг нь хэргийг шалгаж буй нэрээр цаг хугацаа хожиж, шалгуулагчдаас байнга мөнгө сааж байхыг хэлэх болжээ.
ГААЛИЙН ХУУРАМЧ БҮРДҮҮЛЭЛТЭЭР ВОЛЬФРАМАА ХЯТАДАД ХҮРГЭЖЭЭ
Газрын хэвлий дэх баялаг бол ард түмний өмч хэмээн Үндсэн хуульд заасан. Гэвч ард түмний өмчийг сахин хамгаалж байх үүрэгтэй хууль сахиулагчид эрх мэдлээ урвуулж, байгалийн баялгийг хууль бусаар хил давуулсан гэмт үйлдэлд холбогдон шалгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 ам.долларыг хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдан, өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж цагдан хорьсон билээ.
…АТГ-т шалгуулж буй эдгээр хэргээс гадна алтны уурхайнуудаас хахууль авдаг албан тушаалтнуудынхаа үйлдлийг цагдаагийнхан өөрсдөө ихэд нууцалж, дарж буй юм билээ. ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст Дархан, Сэлэнгийн нутагт ашигт малтмал олборлодог нэгэн компанийн захирал гомдол мэдүүлсэн ч тус газрын эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаагүй гэх мэдээлэл байдаг…
Уг хэрэгт түүнтэй хамт Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж буй Б.Үнэнбат, “Нуурын Чинбаа” гэдэг хочоороо шоронд ял эдэлж байсан хүмүүсийн дунд танигдсан С.Чинбат, “Белон” компанийн захирал Р.Баатархүү нарыг шалгаж, тухайн үед нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон билээ. Тэднээс гадна Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхболдыг ч тухайн үед саатуулсан. Түүний дансанд “Белон”-ы Р.Баатархүүгээс багагүй хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд шалгалтаар тэр нь хүүхдийн эмчилгээний зардалд зориулж урлагийн тоглолт зохион байгуулж, нутгийн зөвлөлийнхөн нь хандивласан болохыг тогтоосон аж.
ХЗДХЯ-ны харьяа агентлагийн дээрх таван албан тушаалтныг Ховд аймгийн Цэцэг сум дахь вольфрамын ордоос их хэмжээний ашигт малтмал гаалийн хуурамч бүрдүүлэлтээр хил давуулж, БНХАУ-ын нутагт хүргэсэн гэж буруутгаж байгаа юм. Шалгалтын явцад гол зохион байгуулагч байж магадгүй хүнийх нь дансанд хахууль байж болзошгүй 1.9 тэрбум төгрөг орсон нь АТГ-ынхны анхаарлыг татаж үргэлжлүүлэн шалгаж буй юм билээ. Гэвч мөрдөн байцаалтад багагүй саад учирч байгаа бололтой. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр өмнөд хөршөөс энэ хэрэгт холбоотой баримтууд гаргуулж авах шаардлагатай болсон учраас шалгалт удаашрах болжээ. Өдгөө энэ хэрэгт сэрдэгдсэн ХЗДХЯ-ны харьяа агентлагийнхныг бүгдийг нь батлан даалтад гаргаж, зөвхөн “Белон” компанийн захирал Р.Баатархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна.
ШИНЖЭЭЧИД, ЦАГДААГИЙН ОФИЦЕР, 1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭЗДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ НЬ
Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очир, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ тэргүүтэй хууль сахиулах байгууллагынхан, ГИХГ-ын дэд даргаар хэсэг хугацаанд ажилласан, цагдаагийн офицер асан болон Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох манай улсын иргэн Мөнх-Очир, Жаргалан нарыг АТГ-ынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.
Энэ хэрэг Монголын хууль хяналтын байгууллагын түүхэнд хамгийн их хэмжээний бэлэн мөнгө хурааснаараа бас анхаарал татаж буй. Хууль сахиулах байгууллагынхан бэлнээр 1.3 сая ам.доллар буюу гурван тэрбум 302 сая төгрөг хурааж байсан тохиолдол үгүй гэдэг. Тусгай зөвшөөрлөө булаацалдаж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг энгийн хоёр иргэний түрээсэлдэг байрнаас энэ их мөнгийг хураасан бөгөөд зарим цахим мэдээллийн хэрэгслийнхэн цагдаагийн офицеруудынхаас хураасан гэж бичсэн нь ташаа гэдгийг АТГ-ынхан хэлсэн.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь, 400 гаруй сая ам.доллароор үнэлэгдэх нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаан манай хууль сахиулах байгууллагынхныг талцуулаад байгаа. Тухайн орд газрын лицензийг эзэмшигч хятадууд, шинээр хөрөнгө оруулж, худалдаж авсан өмнөд хөршийн иргэд хоорондоо муудалцаад буй бөгөөд нэгийгээ залилсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл өгч, нөгөөдүүл нь хуурамч гарын үсэг зурсан хэмээн хариу гомдол мэдүүлж, эцэст нь цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэр холбогдсон юм.
Тухайн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгохын тулд хятадууд 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэх мэдээлэл ч байгаа бөгөөд үүнийх нь илрэл болсон 1.3 сая ам.долларыг АТГ-ынхан хураан авсан нь энэ юм. Монголын газрын доорх баялгийг булаацалдсан хятадуудын маргаанд манай хууль сахиулах байгууллагынхан ийнхүү оролцож, хээл хахуулийн хэрэгт холбогдоод буй. Үүнд цагдаагийн эрх бүхий албан тушаал хашиж байсан нэг
бус хүний нөлөө бий гэх хардлага байна. Уг нь лицензийг анх эзэмшиж байсан хүмүүс нь гурван шатны шүүхэд гомдол мэдүүлж, тусгай зөвшөөрлийг эзэмшигч гэдгээ тогтоолгосон юм билээ. Харин нөгөө тал нь үүнийг үл зөвшөөрч, цагдаагийн нөлөө бүхий хүмүүсийг оролцуулан шинжээчдийн дүгнэлтийг өөрчлүүлэхээр оролдохдоо хахууль өгсөн байж болзошгүй аж. Шинжээчид уг нь гарын үсэг жинхэнэ гэдгийг тогтоосон ч, нөгөөдүүл нь өөрсдийн талд ашигтай шийдвэрлүүлэх гэж дахин шинжээч томилуулахдаа мөнгө өгсөн байж болзошгүй гэх.
ДАРХАН, СЭЛЭНГИЙН БҮСЭД АЛТ ОЛБОРЛОГЧИД ЦАГДААГИЙНХНЫГ ИВЭЭН ТЭТГЭДЭГ ГЭВ ҮҮ
АТГ-т шалгуулж буй эдгээр хэргээс гадна алтны уурхайнуудаас хахууль авдаг албан тушаалтнуудынхаа үйлдлийг цагдаагийнхан өөрсдөө ихэд нууцалж, дарж буй юм билээ. ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст Дархан, Сэлэнгийн нутагт ашигт малтмал олборлодог нэгэн компанийн захирал гомдол мэдүүлсэн ч тус газрын эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаагүй гэх мэдээлэл байдаг. МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд Дархан, Сэлэнгийн бүс нутагт ашигт малтмал олборлодог аж ахуйн нэгжүүдээс удаа дараа хахууль авч байсан.
Эхэлж Б гэх мөрдөгч шалгах нэрээр очиж, араас нь Э хэмээх цагдаагийн байгууллагад ажиллаж байсан эр “Мөнгө өгчих аргалъя” гэх мэтээр авлига нэхэж авдаг. Хамгийн сүүлд гэхэд нэг аж ахуйн нэгжээс таван сая төгрөг авсан баримт бий гэх юм билээ. Эрх бүхий албан тушаал хашиж байсан зарим хүний талаарх гомдолд үндэслэж тус хэлтсийнхнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн ч цагдаагийн байгууллагадаа тодорхой албан тушаал эрхэлсээр байгаа гэх. Харин Э нь цагдаагийн байгууллагаас гарсан сурагтай.
Түүнээс гадна МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж байсан хүмүүсийн нэгнийх нь хамаарал бүхий компани Сэлэнгэ аймгийн нутаг, Могой, Харгана, Хэрээн гол зэрэг газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан аж. Түүнийг нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй бол өөр нэг үйлдлийг нь МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн шинэ бүрэлдэхүүн шалгаж байгаа юм билээ.
Мөн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хамаарал бүхий хүмүүсээрээ харуул хамгаалалтын аж ахуйн нэгж байгуулуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын уурхайнханд “харуул хамгаалалтаа хариуцуул” гэсэн чиглэл өгдөг тухай яриа ч бий. Түүгээр ч зогсохгүй гадаадад хийлгэсэн эмчилгээнийх нь зардлыг уул уурхайн компаниуд хариуцаж төлсөн талаар цагдаагийнхан шивэр авир гэлцдэг юм билээ. Энэ мэт мэдээлэл, бодит хэргээс үзэхэд манай хууль сахиулагчид гадаад, дотоодын уул уурхайн компаниудаас санхүүжиж байна. Ийм байхад хууль сахиулагчид ивээн тэтгэгчийнхээ талд үйлчилж, байгаль орчин сүйтгэж байхад нь нүдэн балай, чихэн дүлий суудаг нь арга ч үгүй биз.
Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн болохдоо сахилга, хариуцлагыг сайжруулна хэмээн амласан. Гэтэл хууль бус үйлдэлд хууль сахиулах байгууллагынхан нь холбогдоод байхад ХЗДХ-ийн сайд нь таг чиг л суугаа нь харамсалтай. Тэдэндээ хэзээ хариуцлага тооцох вэ, Ц.Нямдорж сайд аа.
Бэлтгэсэн: Д.Дайчин
Өнөөдөр сонин
URL: