Ирэх оны төсөвт сэтгүүлчдэд хуваарилсан ганц ч төгрөг алга байна

5aea983c8bf0d5.31695052

Их хурлын чуулганаар 2019 оны төсвийг хэлэлцэж эхлээд байгаа. Ийнхүү Монгол Улс ирэх оны төсвөө хэлэлцэж буйтай холбогдуулан нийгмийн анхаарал ч энэ чигт хандсан нь ойлгомжтой. Их хурлын гишүүд өөрсдийн тойрогтоо хэдэн төгрөг илүү унагачих санаатай чуулган дээр “би чи”-дээ тулж, нэгийгээ барьж идэх шахан өөд өөдөөсөө дайрцгааж байна. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ирэх оны төсвийн задаргааг ард түмэнд хүргэж, Засгийн газрын тэргүүнээс аваад бусад сайд хичнээн төгрөг захиран зарцуулах эрхтэйг уламжлал ёсоор мэдээлж байна. Мөн аймаг нийслэлийн засаг ноёдын зарцуулах мөнгөний хэмжээг ч тоо ёсоор нь олон нийтэд хүргэж буй.

Ирэх онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд 293 тэрбум 764 сая төгрөг зарцуулах эрхтэй. Шадар сайд Ө.Энхтүвшинд 145 тэрбум, 238 сая төгрөг хуваарилагдсан. Онцгойгийнхноо аваад Шадар сайдын мэдэлд байдаг газрууд энэ мөнгөнөөс хүртэнэ. Батлан хамгаалах салбарынхан Н.Энхболд сайдын мэдэлд байгаа 261 тэрбумаас, цагдаа хууль хүчнийхэн Ц.Нямдорж сайдын мэдэлд байгаа 533 тэрбумаас, соёл урлаг, боловсол, спортын салбарынхан Ц.Цогзолмаа сайдын мэдэлд байгаа нэг их наяд 763 тэрбумаас, эрүүл мэндийн салбарынхан Д.Сарангэрэл сайдын мэдэлд байгаа 794 тэрбум 461 саяас, малчид, тариаланчид болоод хөдөө аж ахуйн салбарынхан Б.Батзориг сайдын мэдлийн 182 тэрбум 477 саяас, барилгынхан Баделхан сайдын мэдэлд байгаа 112 тэрбум, 855 саяас гээд бүхий л салбарынхан төсвөөс чиглэл чиглэлийнхээ харьяа яам агентлагуудаар дамжуулж их, бага хэмжээгээр мөнгө хүртэнэ.

Гэтэл төсөв хуваарилахад жил бүхэн албатай юм шиг оролцдог, тэрэнд нь ихийг хуваарилчихлаа, энэнд нь арай багыг өгчихлөө шударга бус хандлаа гээд ард түмнийхээ өмнөөс Сангийн яамтай, Засгийн газартай улаан нүүрээрээ тулдаг Монголын сэтгүүлчдэд сохор зоос ч хялайлгадаггүй. Энэ удаад ч ялгаагүй. “Дөрөв дэх засаглал”, “Ардчилсан нийгмийн гол тулгуур багана” хэмээн өргөмжилдөг ч урьдын адил сэтгүүл зүйд ганц төгрөг ч төсөвтөө суулгаж гийгүүлсэнгүй.

Хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид бид бусдын эрх ашгийг яриад төр засгийг шүүмжлээд байдаг. Боловсролын ч юм уу, шинжлэх ухааны юм уу аль нэгэн салбарыг өмөөрч, дэндүү өрөвдмөөр бага мөнгө өглөө гэж төр засагтай тооцоо хийн өдөр бүхэн сануулж шүүмжилдэг ч өөрсдийгөө мартан, улсынхаа гадна ямар ч үнэ цэнэгүй хоцорч байгаагаа мэдсэн юмгүй өнөө хүрчээ. Хамгийн өрөвдөлтэй салбарынхан бид өөрсдөө гэдгээ мэдэлгүй, мэдсэн ч тоолгүй хохирсоор өнөөг хүрлээ. 2019 оны төсвийг ийм тийм гээд л баахан бичицгээж байна. Сэтгүүл зүйд нэг ч төгрөгийн нэмэр байхгүй, бид бүхний ахуй амьдралд огтхон ч хамаагүй, ямар ч наалдах юмгүй энэ төсвийг юуг нь бичиж сайлж муулах вэ. Монголын төр сэтгүүлчдээ дэндүү басамжилж ирсэн. Тусгаар тогтнолынх нь баталгаа болж, улс орны хамгийн амин судас болж яваа, ардчилсан чөлөөт нийгмийн язгуур үндэс суурь нь болж яваа сэтгүүл зүйд ганц ч төгрөг төлөвлөөгүй байж, сэтгүүлчдээ огтоос харж үзээгүй байж ямаанд төчнөөн тэрбумыг өгч байсан ийм л төр шүү дээ. Ямаан сүрэгт жилдээ гучаад тэрбум төгрөг төсөвлөлөө гэх баяр бахдал дүүрэн мэдээг нь хэвлэлийнхэн Монголын ард түмэнд хурдан шуурхай дамжуулаад л зогсож байсан.

Төрийн өмчит байгууллага төсвөөс мөнгө авах эрхтэй гэдэг. Гэтэл Монголын хөдөөд жалга сахиад хэвтэж байгаа малчин бүхэн төсвийн орлого хүлээгээд байж байдаг. Малын хөлийн татвар гэж төлдөггүй хэрнээ ноосны урамшууллаас аваад хөөрхөн хэдэн төгрөг цохичихно. Өнгөрөгч онд гэхэд 22.6 тэрбум төгрөгийг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд хийж байсан. Хадлан тэжээл өвс тоосны мөнгөө ч бараг авна. Тариаланчид тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж жил бүр 35-40 тэрбум төгрөг төсөвт суулгаж урамшуулал хэлбэрээр авдаг. Ийнхүү тариа будааны мөнгөө авна, дээрээс нь техник тоног төхөөрөмжийн гэх тодотголтой хөнгөлөлттэй зээл гээд баахан эрх ямба эдэлнэ. Мөн уурхайчид, жолоочид нийгмийн бүхий л салбарынхан ямар нэгэн хэмжээгээр төсвийн бялуунаас хүртэх нь бий. Харин Монголын нийгмийг удирдан залуурдаж, чиглүүлж яваа сэтгүүл зүйн салбарынхан ганц төгрөг гар дээрээ тавьж үзсэнгүй. Дээрээс нь сурч боловсрох нөхцөл, орон байраар хангагдаж үзсэнгүй. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломж бололцооноос аваад гадагшаа, дотогшоо төрийн зардлаар аялах, нэр хүндтэй олон улсын томоохон шагнал хүртэх бүхий л зүйлээс албатай юм шиг хоцордог. Иргэнээ алагчилдаггүй төр гэж байх ёсгүй.

Гэвч Монголын төрд сэтгүүлчдийн ахуй амьрал, орон байр, боловсрол, эрүүл мэнд огтоос падгүй. Наанаа дөрөв дэх засаглалынхан, сэтгүүлчид л нийгэмд үнэнийг дэлгэж байгаа мэт налиганавч цаанаа цэвдэг хүйтэн, хөндий сэтгэлээр хандах болсон. Хоёр жилийн өмнө төрөөс сэтгүүлчдэд байр олголоо, ипотекийн зээлд хамгийн түрүүнд сэтгүүлчдийг хамрууллаа хэмээн олон нийтэд зарлаад, тэрхүү мэдээг нь хэвлэлийнхэн сонин телевизээр өдөр бүр гаргасан. Байртай боллоо гээд сэтгүүлчид бөөн баяр байлаа. Тэгтэл “Буянт-Ухаа” хорооллоос сэтгүүлчдийг хөөж тууж, “тэр чинь зүгээр сонгуулийн шоу байсан юм, одоо төлбөрөө төл, чадахгүй бол байраа сулла” гэж тулган шаардаж байна. Хэвлэл мэдээллийнхэнд хандаж байгаа Монгол төрийн үнэн нүүр царай ийм байна.

Харин төр засгийн зүгээс сүүлийн үед сэтгүүлчдэд нэг томоохон “бэлэг” барьдаг болсныг хэн хүнгүй мэдэж байгаа болов уу. Тэр нь редакцийг хорин сая төгрөгөөр, хувь сэтгүүлчийг хоёр сая төгрөгөөр торгох болсон Зөрчлийн хууль юм. Сүүлдээ энэ нь шүүхээр ч явж өөрсдөдөө ажил удахаа больсон байна лээ. Хууль шүүхийнхэндээ хүргэлгүй, захын нэг годгор залуу редакцид ханхалзан орж ирээд хүний нэр төрд халдсан байна гээд л хорин сая нэхээд зогсчихно. Зөрчийн хууль тийм хойно редакци арга барахдаа хувь сэтгүүлч рүүгээ бурууг тохож, хоёр сая төгрөгийг нь редакциас төлж байгаа юм. Ер нь Монголын төрд үеийн үед хэвлэл мэдээллийг боомилох арга сэдлийг хайж ирсэн. Сонин хэвлэлд мөнгө төлж сурталчилгаа гаргах нь буруу мэтээр ярьж, түүнийгээ хууль дүрмэндээ оруулах гэж дайрч давшилж ирснийг зах зухаас жишээ болгож хэлье. Ардчилсан засгийн үед “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” гэж айхавтар хууль гараад сэтгүүл зүйн салбарыг үндсээр нь устгах аюул нүүрлэсэн. Д.Сарангэрэл нарын гишүүд хүчтэй дуугарч байж зогсоож авсан. Тухайн хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн редакцийнхаа үйл ажиллагаанд оролцох эрхгүй, редакци нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг, төлбөртэй материал хийх эрхгүй, рекламны байгууллагаас тусдаа байхыг хуульчилсан.

Тэгвэл Ц.Оюунбаатар гэдэг нөхөр гишүүн байхдаа “Төсвийн мөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоно” гээд бас л ханцуй шамлаж дайрч байсан удаатай. Өнөө л сэтгүүл зүйг эдийн засгийн хувьд элгээр нь хэвтүүлж, нэг мөр нүд аниулах гэсэн эрх баригчдын бодлого. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ч сонин хэвлэлийг ад шоо үзсэн заалтууд орсон байдаг. Өнөөдөр ч ялгаагүй, Ерөнхийлөгч болоод парламентын ажлын албаны зүгээс “хэвлэлд гаргах илүү мөнгө төсөв алга” гээд сууж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болоод төрийн Ерөнхийлөгчийн зүгээс ийм хариу сонсохоор юу болох билээ. “Монголын сэтгүүлчид зуданд уруудаж, арай чүү онд мэнд орж байгаа хаврын туранхай янхигар хөхүүл үнээ шиг хэрзийсэн амьтад боллоо. Энэ нь хэвлэлийн эздэд огтоос хүртээлгүй.

Тэд сониныхоо редакцийг, телевизийнхээ эфирийг хаагаад, үндсэндээ эзэмшил газрынхаа хаалгыг түгжчихээд л яваад өгнө. Хор хохирлыг нь сэтгүүлчид амсана. Тэгэхээр энэ бол төр засгаас сэтгүүлчдийг нухчин дарах, салбараас нь өөрийн эрхгүй дайжин үргээлгэх гэсэн зорилго агуулагдаж буй нь илэрхий” гэж “Өдрийн сонин” өмнө нь бичиж байсан.

Монголын сэтгүүл зүй нийгмийн амин судас нь мөн юм бол, үнэхээр дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг юм бол Монголын төр бодлогоор дэмжих цаг хэдийнэ иржээ. Сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг дэмжлээ гэхээр хэдэн шар сайтуудыг эрх мэдэлтнүүд өөрийн харьяалалдаа авснаа хэлээд байдаг. Монголын сэтгүүл зүйг дэмжиж байгаа мэтээр ойлгоод байдаг. Тэр ойлголтоос даруйхан салах хэрэгтэй. Хэвлэн нийтэлж, олонд түгээсэн мэдээ материалынхаа өмнө хариуцлага хүлээдэг мэргэжлийн редакцитай, нийгэмд нэр нөлөө бүхий, уураг тархи нь болсон хэвлэлийн байгууллага сэтгүүл зүйг төлөөлнө. Түүнээс ганц хоёрхон гишүүнтэй сайтаар сэтгүүл зүйг хэмжинэ гэвэл хэтэрсэн асуудал болно.

Дани, Швед зэрэг улсуудад хэвлэл мэдээллийн зардлыг нь төсөвтөө суулгаж, хэвлэлийн зөвлөлөөр дамжуулан мэргэжлийн редакцитай байгууллагуудад олгодгийг гадны судлаачид хэлдэг. Тэгвэл Монголын сэтгүүлчдийн байгууллагын ерөнхийлөгч “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг хэрэг дээрээ салбарын яамны үүрэг гүйцэтгэдэг ч төсвөөс нэг ч төгрөгийн татаас авч үзээгүй. Гишүүдийнхээ татварыг зуун хувь хурааж авлаа гэхэд үйл ажиллагааныхаа арван хувийг ч санхүүжүүлж хүрдэггүй” хэмээн зовлон тоочих жишээний. Албан ёсны сэтгүүл зүй байхгүй орон гэдэг тусгаар тогтнол байхгүйтэй ялгаагүй гэдэг. Улс орны дархлаа болсон дөрөв дэх засаглалын эзэн сэтгүүлчдэд Монголын төр элгэн халуун сэтгэлээр хандаач ээ. Монголын түүхийг бүтээлцэж буй бичиг соёлын сэхээтний энэ том давхаргыг хайрлан хамгаалж, улсын төсөвтөө мөнгө суулгаж өгдөг болох хэрэгтэй. Ирэх жил атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ой болно гээд Засгийн газар хөөрцөглөж төсөвтөө суулгаж өгч байна. Тэгвэл саяхан Монголын оюун санааны үүр уурхай болсон сэтгүүл зүйн байгууллагын 105 жилийн ой чимээ аниргүйхэн болоод өнгөрсөн дөө.


URL:

Сэтгэгдэл бичих