Оюутолгойд үхэл нүүрлэжээ

“Архины асуудал манайд огт байдаггүй” хэмээн оодордог Оюутолгойд архитай холбоотойгоор хүн хордож үхсэн хэрэг гарсан нь мансуурал газар авсныг ил болгов. Тэндхийн хятадуудтай хамт ажилладаг манай дөрвөн хүнд гар архиа үгүйлэн техникийн спирт нууцаар уусны хар гайгаар нэг нь газар дээрээ нас барсан бол нөгөө нь Оюутолгойн “SOS” эмнэлгийн сэхээнд ухаантай, ухаангүйн завсар байгаа юм. Хордсон ч амьд үлдсэн хоёр нөхрийг байцаан шалгаж эхэлжээ.

Одоогоор олдсон мэдээгээр ямар нэгэн тэмдэглэлт үйл явдалтай холбоогүй архидсан нь тэнд тийм үзэгдэл энгийн хэрэг болсны илрэл гэхэд хилсдэхгүй. Оюутолгойд ийнхүү ойр ойрхон хүн амины хэрэг гарах болсон нь тэнд үхэл нүүрлэсний шинж билээ.

Алт эрдэнэс олборлох, газар шороогоо ухахыг монголчууд эртнээс таашаадаггүй бөгөөд лус савдаг хилэгнэдэг хэмээдэг. Хилэгнэсэн лус савдаг хүний амь насаар тооцоо хийдэг хатуу нэхэлтэйг хөгшид ярьдаг нь ийм ажгуу. Тэнд ажилладаг гадны байгууллага газар шороо, лус савдаг аргадахыг яаж мэдэх билээ. Тиймээс тэдний нүгэл монголчуудын амь насаар хэмжигдэж эхэлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл бид золионд нь явж байна гэсэн үг юм. Монголын аль шилдэг гэгддэг лам хуврагуудыг аваачиж газар, усыг нь аргадах заслыг яаралтай хийлгэхгүй аваас Цагаан сар хүртэл хэдэн ч хүнээ тавиад туучихад мэдэх нь ээ. Өнгөцхөн харахад архидсан монголчуудын буруу болж таарна. Тэгэх ч учиртай. Гэхдээ цаанаасаа нэхээд буй аюулыг яалтай билээ. Манай Ерөнхийлөгчийн зарлигаар уг нь уул, овоогоо овоо тахидаг ард түмэн шүү дээ, бид.

Энэхүү онцгой объектийг овоо хараандаа авч онилж байгаад ганц сайн тахивал таарна. Эмсийг янхан, эрчүүдийг үхдэл болгодог энэхүү муу ёр шүглэсэн газрыг яалтай ч юм билээ. Буцаагаад булаалтай биш, Бурхан номын хүчээр аяыг нь олоод явбал таарах бус уу? Бурхан шашин гэлтгүй бөө мөргөл, зөн совингийнхон ч нэгийг бодвол зүгээр санагдана. Олны хүчээр номхруулахгүй аваас Оюутолгой улам догшрох төлөвтэй. Архидалтаас болж хүний амь нас үрэгдсэн учраас мэдээлэхээс аргагүй болсон бололтой. Түүнээс биш бас л хав дараад өнгөрөх байсан биз. Бага сага архидалт, зодоон цохион, хүчин, танхайн хэрэг  байнга л гарч байдаг газар гэсэн шүү дээ.  Харуул хамгаалалтын ажилтнуудын тоо нь манай хилийн цэргээс цөөнгүй хэрнээ тэнд хэрэг төвөг гараад л байх юм даа.
Г.Насан wikimon


URL:

Сэтгэгдэл бичих