Үндэсний үйлдвэрлэл нэртэй угсармал автобус тараа таниулсаар л
“Монгол инженерүүдийн зохион бүтээсэн Евро-4 хөдөлгүүртэй J-800T загварын 20 ширхэг эко автобус Офицеруудын ордон-Ханын материал чиглэлд маргаашнаас эхлэн үйлчилгээнд явахаар боллоо. Нийслэлийн ИТХ-аас баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дотооддоо авто машин үйлдвэрлэх, ажлын байр бий болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор Монгол инженерүүд зохион бүтээжээ. Уг автобусыг “Экобус” ХХК нийт 5.3 тэрбум төгрөгөөр үйлдвэрлэсэн ” гэх мэдээлэл 2015 оны 11 дүгээр сарын 25-нд гарч байв.
Тэгвэл энэ ногоон автобус үйлчилгээнд гараад гурван жил ч болоогүй байхад найм нь эвдэрсэн тухай НИТХ-аас өчигдөр зохион байгуулсан “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөний үеэр ярьжээ.
“Үндэсний үйлдвэрлэл” хэмээн хүмүүсийн цөсийг хөөргөдөж, Солонгосын хуучин автобус авч байхаар үнэтэй ч байсан хамаагүй энэ автобусыг авчихвал зүгээр гэж хүн бүр л ярьж байсан өнөөх автобус хоёрхон жилийн дотор ийнхүү тараа таниулчихжээ. Яг үнэндээ уг автобусыг Хятадаас сэлбэг авчирч угсарч, тус бүрийг нь 179 сая төгрөгөөр зарсан гэдэг юм билээ. Харамсалтай нь нийтийн тээвэрт 12 жил үйлчилгээ үзүүлнэ гэсэн норм нормативдаа ч хүрэлгүй, ихэнхийнх нь хөдөлгүүр нь эвдэрчээ.
Эко автобусыг гарах үед иргэд уг автобусыг Хятадын Лишан автобустай харьцуулаад ийм дүгнэлт гаргаж байв. Хятад автобусны эд ангиудыг угсарч хийсэн болохоор яг адилхан байгаа биз. Харин үнийн хувьд бараг гурав дахин өндөр.
Яах вэ, эко автобус Солонгосын хуучин автобуснуудыг бодвол өвөлдөө зорчиж явахад дулаахан, шил нь цантдаггүй байсан нь нэг талаар олзуурхмаар. Харин Солонгосоос оруулж ирсэн хуучин автобус иргэд зорчиход зориулагдаагүй мэт хүйтэн, эвдрэл ихтэй байдаг. Гэхдээ үндэсний үйлдвэрлэл хэмээн угсармал автобусаа нэрлэж, ийм амархан эвдэрдэг зүйлс шахмааргүй байна аа, “Экобус” ХХК-ийнхан.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=13812
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
“Экобус” ХХК-ийнхан хариулт өгөөч ҮНЭН үү