Тэнгэр рүү буудаж тэнэглэцгээхдээ бид өөрсдийгөө л намнадаг шүү дээ

“Багш нар ажилдаа орох нь нэгэнт өнгөрчээ, сургууль соёл ингээд бүр амарч байгаа гэнэ, тэдэнтэй эмч нар нийлээд авсан байна. Урлаг соёлынхон ч бас нэгдээд байгаа сурагтай. Засгийн газар тэр дагуу хуралдаад л бажига авч байна даа” гэх яриа хөөрөө гадуур байна. Мэдээж нийгэмд өрнөж буй үйл явцын тухай яриа л даа. Уг мэдээлэл, үймээн самуунтай зэрэгцээд шинэ жил нь эхэлчихэж дээ, Монгол оронд. Манайхан ч яахав баярлах нэрээр өдөр шөнөгүй зай завсаргүй архиддаг өвчтэй. Тэрхүү өвчин нь бүр сэдэрчихсэн, эм тариа хийгээд сэхэл авахааргүй болчихсон нөхөд л гадуур нэг байна.

Аливаа баярыг тэмдэглэхийг үндсэн утгаар нь ойлгодоггүй зүгээр л архидах нэг сайхан боломж гэж ойлгодог, томтой жижигтэйгээ тийм бодолтой байдаг улс оронд аливаа баяр гэдэг дэмий ч зүйл юм уу даа. Ялангуяа шинэ жилийн бүр ч хэрэггүй. Бүх л албан байгууллагууд оны шилдгээр шалгарч, нэг муу гялгар өргөмжлөл аваад түүнийгээ ханандаа хадчихаад л архидаад байдаг. Үр дүн нь яаж гардаг вэ гэхээр байгууллагын нүүр царай болсон залуухан бүсгүйчүүд гоёлын даашинзтайгаа гудманд осгодог. Шинэ жилийнхээ баярт орлоо хэмээн хэдэн өдөр гадуур гүйж, цалингийнхаа хэдхэн төгрөгийг даашинз, гоо сайхны газарт тушаачихаад хүүхдээ үнсээд, ханьдаа оройтолгүй ирнэ хэмээн гарсан бүсгүйн хувь заяа тэгээд л дуусдаг даа. Гашуун ч гэсэн туйлын үнэн ийм шүү дээ. Мэдээж бүсгүй болгон тийм азгүй байна гэж юу байхав. Гол нь өнгөрөгч жилүүдэд олон хүн тэгж амиа алдаж, олон сайхан үр, айл гэр өнчирсөн болохоор сануулаад байгаа хэрэг. Дээр нь шинэ жил тэмдэглэж эх захгүй архиддагаа больё гэдэг үүднээс л үүнийг бичээд байгаа юм. Бас нэг зүйл байна аа. Тэр нь салют буудна хэмээх “сайхан” ёслол. Тэсгим өвлийн шөнө гэртээ бялуугаа идээд суухын оронд төв талбайд ирж цементэн дээр царцахаа алдтал зогсоод он солигдох мөчид гар, хөл, нүд, амгүй  болдог. Энэ нь тэнгэр рүү буудаж тэнэглэцгээсний л үр дүн дээ, хөөрхий.

Н.ГАНТУЛГА


URL:

Сэтгэгдэл бичих