Ж.Алтанхундага: Төр улсыг самруулж байгаа Төвдийн үзэл суртлыг хогон дээр хаях цаг болсон
Xөвсгөл аймгийн алдарт зайран, Есөн чоно овогт Жамцын Алтанхундагатай ярилцлаа.
-Таныг Хөвсгөл нутгийн алдартай бөө гэж хэлдэг юм билээ?
-Би гүн цэнгэг далайн Зүүн отог, Рэнчинлхүмбэ сумынх. Дархад нутгийн хүн олонтойгоо жаргал зовлонгоо хуваалцаж, ард түмэндээ тус болдог болохоор одоо ч танихгүй хүн, мэдэхгүй га-заргүй болж. «Миний хөх хайрхан» яруу найргийн ном бичиж, 113 удаа сонинд ярилцлага өгч, нийтлэл бичсэн. Нэг ч гэсэн монгол хүн эрүүл саруул, энх тунх, баян тансаг, газар нутагтаа эзэн нь болж яваасай гэж би залбирч явдаг.
-Дархад нутгийн тухай манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-Дархад гэж дарагдашгүй, дийлдэшгүй гэсэн утгатай үг. Уул ус, ан амьтан, орон хангайтайгаа дархлагдсан байдаг. Тодруулбал, байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж, түүнтэйгээ зохицож амьдарч чаддаг хүмүүс. Дархадын өвөг дээдэс 2700 жилийн тэртээ буюу МЭӨ VI зууны үед өөрөөр хэлбэл монгол нутагг анх төрт Хүннү улс бүрэлдэн үүсэхээс өмнө Байгал нуурын зүүн хойд талд Баргуужин голын ой сав газар нутаглаж байсан юм билээ. Хойд зүг буюу хар зүгээс нүүдэллэн ирсэн учраас Хар дархад гэдэг хочтой болсон.
Одоо баруун зүүн хойд отогт хуваагдан амьдарч байна. Баруун отогт нь одоогийн Баянзүрх сум, Зүүн отог нь Рэнчинлхүмбэ сум, Хойд отог нь Улаан-Уул сум, дархад хүмүүс мөнх тэнгэрийн бөө мөргөлтэй, Хэрлэн, Онон, Туул, Ерөө, Хараагаар амьдарч байсан түүхтэй.
-Түрүүн та мөнх тэнгэрийн шүтлэг, бөө мөргөлтэй гэж ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тэнгэр язгууртай харьцах зан үйлийг бөө мөргөл гэдэг. Үүнд мөнх тэнгэрийн ёс зүй байдаг. Алгаа хавсарч мөргөх нь бидний ёс мөргөл биш. Мөнх гэдэг маань цаг хугацааны асуудал ч гэсэн тасралтгүй гал голомтоо бадрааж, хөх утаагаар суунаглуулан тэнгэр газарт удмынхаа мэнд амрыг холбон мэндэлж байна гэсэн үг.
Тэнгэр гэгч нь ивээх, өршөөх, гэсгээх, хилэгнэх, зарлигдах аливаад сайн муугаар ханддаг болохоор амьд ертөнц юм. Мөнх хөх тэнгэртэй, хонго нуруундаа хөх мэнгэтэй төрдөг монгол хүний утга учир энэ. Харийн хүний хэлээр ярьж тэднийг шүтэж яваа нь харамсалтай. Манж, Төвдийн араг яс шүтэж, түүнийгээ бурхан гэж нэрлэж байна. Төр улсыг самруулж байгаа Төвдийн үзэл суртлыг түүхийн хогон дээр хаях цаг болсон.
-Бөө хүн яаж төрдөг юм бэ. Одоо урлаг, улстөрийн гээд хүн бүр бөө болдог болж?
-Тийм ээ, айлд нэг архичин, нэг бөө байна. Өвөг дээдсийн онго биед шингэж, тэнгэр язгуурын тамга дарсан хүнийг бөө гэнэ. Удамшиж шууд биетээр төрдөг. Байгалиас заяасан төрөлхийн үнэн байдаг. Бөө, удган болох хүнд дээд тэнгэрийн онго сахиус биед шингэж хүний биеийг өвтгөдөг. Үүнийг бөөгийн өвчнөөр өвдөх гэнэ.
Сэтгэл санаа нь тавгүйтэх, хий юм харах, золгүй явдал дараалан тохиолдох, ухаан санаа мэдрэлгүйтэх, элдвийн юм донгосох, элий балай болох, унаж, татах шинж тэмдэг илэрдэг. Өвчтөнд цаг хугацаа алдалгүй онгод тэнгэрийг босгож өгөхгүй бол цаашид эдгэшгүй өвчин болж хувирах юм уу үхэлд хүргэдэг. Мөн бөөгийн өвчнөөр залуу хөгшин, эр эмгүй өвддөг учир шалтгааныг нь тодруулж байх нь чухал.
Харин гоомой хандаж, хэн нэгний эндүү ташаа, мэргэ төлгө, заль мэхэнд өртөхөөс болгоомжлох хэрэгтэй. Харсан, сахисан, заяасан тэнгэрээ босгож чадвал гадны хар нөлөө, муу санаанд өртөхгүй. Сүүлийн үед бөө болж байна гээд сургалтад сууж, чанар хийж, шүлэг дуудлага цээжилж байгаа нь Дархад, Цаатан, Уйгар, Урианхай, Барга, Буриад, Хорчи бөөгийн аль алиных нь уламжлалд байдаггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Тэгвэл бөө хүн ямар чадвартай байдаг юм бэ?
-Бөө хун лус аргадан тахиж, түүнээс улбаатай өвчин эмгэг, хорлолыг арилгадаг. Тийм учраас онгод гүйдэлтэй газраар орой үдэш хашгирч гүйх, уйлахыг цээрлэдэг. Бөөгийн ёс бол байгаль, хүнтэй харьцах сургаал юм. Байгалиас хэт хөндийрснөөс өвчин тусч, тамиргүй болон, эргээд өөрсдөө гэсгээл хүртэж байна.
-Сүүлийн үед овоо, уул, ус олноор тахих болсон. Энэ зун Отгон тэнгэрийн тахилга боллоо?
-Овоо гэдэг нь тэнгэртэй харьцах тавцан гэсэн үг. Отгонтэнгэрийн хувьд бол тайллага тахилга хийх биш харийн хүний оршуулгын зан үйл хийж яваад л ирлээ шүү дээ. Тэгээд ч гадны хүний шүлэг найраглалыг Монголын уул ус ойлгохгүй. Хэрэв уул, ус, овоогоо буруу тахивал уул ус уйлж гомдож, уурлаад тэнд нутаглаж буй хүмүүст гай зовлон авч ирдэг.
-Тэгэхээр тайллага тахилга буруу хийсэн гэж үзэж байна уу?
-Монгол зан үйлээ хэрэглээгүй юм чинь тэгэлгүй яах вэ. Монгол хүн модонд хаданд хадаг, торго, даавуу уядаггүй байсан. Тойруулаад өчнөөн юм уячихаар тэд мод амьсгаа авч чадахгүй. Мод, хад гомдож уйлж байгаа шүү дээ. Үнэхээр модонд, хаданд хэн хадаг, даавуу уяж байна бөө нар л уяж байна. Зүй нь байгаль дэлхийгээ аргадаж, ойлгож гуйх нь бөө нар, үнэхээр лус, орон хангайгаа аргадаж гуйж байгаа бол сүү л өргөх ёстой. Энэ зүйлийг болсон болоогүй бөө, удганууд анхааралдаа аваасай.
-Зарим хүн онгод тэнгэрээ хүлээж авах боломжгүй гээд хэн нэгэнд шилжүүлдэг. Энэ боломжтой юу?
-Тийм зүйл байж болохгүй. Нэгэнт тэр хүний биед онгод шингэсэн бол өөрөө л хүлээж авах ёстой. Онгод тэнгэрээр тогловол хатуу цээрлэл хүлээнэ гэдгийг санаж явах хэрэгтэй. Онгод тэнгэр алдаа гаргадаггүй. Хүн өөрөө л алдаа гаргадаг. Бөө болоод өвөө, эмээтэйгээ уулзаж байна гээд архи уугаад цацаад байдаг болж. Энэ нь муу юманд хорлогдсоны шинж. Архийг ууж хэрэглэдэггүй, муу зүйлийг дарахын тулд газарт шингээж хэрэглэдэг. Онгод тэнгэрийг архиар бус сүүгээр ундаалдаг юм.
-Тэгвэл энэ олон бөөгөөс жинхэнийг нь яаж ялгаж таних вэ. Олон хүн хариулт хүлээж байна?
-Тухайн бөөг шалгаж үзье гэвэл бөөлж байх үед нь зүү юм уу тэвнээр хатгачих, цочих юм уу, ёо ёо гэж байвал худлаа. Цус гарахгүй, дуугарахгүй байвал тэр үнэн. Өөр арга бараг байхгүй. Унаж тусч, элий балай болоод байгаа хүнийг ч хатгаад үзчихэд гэмгүй. Ямар нэгэн цочрол өгөхгүй бол тэр хүн эзэнтэй байна гэж ойлго.
-Таны хувьд хүнийг үхлээс аварсан онцгой тохиолдол байна уу. Ямар төрлийн засал хийдэг юм бэ?
-Байна. Дархан, хотын хооронд аваарт орсон Б гэдэг хүнийг долоо хоног ухаангүй эмнэлэгт хэвтэж байхад нь очиж хуурдаад, үхлээс аварсан. Одоо амьд сэрүүн байгаа. Н гэдэг эмэгтэйн гэдсэн дээр битүү юм гарсан байхад мэс хүргэлгүй засал хийж, өөрөө хагарч эдгэрсэн. Дооёо гэж манай нутгийн ахын дүү нар нь үхэж үрэгдээд байсан. Засал хийснээс хойш хоёр жил болж байна. Үхэл хагацал гараагүй сайхан амьдарч байна.
Бөөгийн засал гэдэг онгод тэнгэрийн зарлигаар асууж хийдэг зүйл. Чадахгүй зүйл онгод таарахгүй хүн гэж бас байна. Онгод тэнгэртээ даатгаж, сүүгээр сэржим өргөж засал хийнэ. Долоо хоногийн өмнө эмнэлэгт эмчилгээгүй гэсэн ходоодны хорт хавдартай хүнийг эмчилсэн.
-Байгалийн баялгаа ухаад эхэлчихлээ. Үүнийг ашиглахгүйгээр манайхан амьдарч чадах уу?
-Чадалгүй яах вэ, бидний өвөг дээдэс нүүдлийн соёлт мал аж ахуйгаа эрхлээд хэнээс ч бензин, зэр зэвсэг, хоол хүнс гуйхгүй сайхан л амьдарч байсан. Монголын бүх нутаг эзэнтэй. Таван толгой, Оюу толгойг 2010 онд тэнгэрт мэдүүлсэн. Хариуд нь гал могойн ташуураар ташуурдаж, газар, тэнгэрээр ниргүүлнэ гэсэн. Мөн Хөвсгөлийн тайгыг тэнгэрт мэдүүлсэн.
Хариуд нь гал усаар тургина гэсэн. Одоо цас их орж байна. Малгүй, хүнгүй болох гэж байна. Манай төрийн томчууд тэнгэрийн бошго, тэнгэрийн гэсгээл гэдгийг ойлгохгүй байна уу. Аль эсвэл өөрсдийнхөө эрг ашиг хонжоог бодоод байна уу гэдэг нь хачин санагддаг. 2 сая 800 мянган хүн амтай, 35 сая толгой малтай ййм орныг аваад явчих оюуны чадавхитай эх оронч хүн байхгүй гэж үү. Нэг өглөө босоход Улаанбаатар балгас болчихсон байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ манай төрийн бодлого буруу явж байна.
-Сонгууль дөхөж байна. Манай эрхэм гишүүд бөө, удгануудтай ихээхэн холбоотой ажилладаг гэсэн. Таны хувьд хэр олон төрийн түшээдтэй хамтарч байна?
-Сонгууль дөхөж байхад нэрийг нь хэлээд яах вэ. Ер нь улстөр, урлагийн гээд аль алинтай нь тэгш харьцдаг. Төрд таарахгүй хүн гэж байдаггүй ч гарахгүй хүнийг гарахгүй гээд хэлчихдэг. Миний онгод тэнгэрт даатгалтай 20-30-аад хүн бий. Харамсалтай нь энэ жил 76 гишүүдийн ихэнх нь амрах байх.
-2012 оны талаар дэлхий сөнөнө гээд яриад л байгаа?
-Дэлхий сөнөхгүй. Галав юүлэх гэгч болно. Байгаль дэлхий ачааллаа даахаа больж, хэрэггүй зүйлээ өөрөө цэвэрлэж байна гээд л ойлгочиход буруудахгүй. Шинэ оюуны эрин үе ирнэ. Дэлхийн хүн төрөлхтнйй нутгаар шүү дээ. Хүний ёсноос гажууд зүйл хийсэн Америк, Орос, Иран, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг улсад маш хүнд тусна. Харин майайд ихээр нөлөөлөхгүй. Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай аймагт хүндэвтэр тусна.
С.Дөлгөөн
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: