“Хэрэгжих орчингүй” Зөрчлийн хууль
Сүртэй нэртэй, сүржин заалтуудтай Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгасан билээ. Ингэхдээ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээг харгалзан торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулж буй. Хэрэгжиж эхэлсэн цагаасаа л олны ярианы сэдэв болсон хуулийн хэрэгжилт хүлээлт үүсгэсэн шигээ биш байгаа нь харамсалтай. Жишээлбэл, олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан эсвэл нус цэр, тамхины иш, хог хаягдал хаясан хүнийг арван нэгж (нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэнэ)-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Гэтэл өнөөдөр нийслэл хотын маань хог хаягдлын хэмжээ буурахгүй байсаар.
Аливаа хуулийг боловсруулахдаа бодлого болон амьдралтай хэрхэн уялдаж байгаа байдал хийгээд бодлогын хэрэгжилтийн чанар чансаатай нягт уялдуулж, тунг нь тааруулах нь чухал. “Зөрчлийн тухай хууль нь эрх зүйн хувьд сайн болсон ч хэрэгжүүлэх орчин бүрдээгүй. Хууль хэрэгжилтийг хангахад Засгийн газар, төрийн зүгээс хийх ажил их байна” хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн үндэсний зөвлөх Д.Жавхланболд онцолсон. Мөн “Зөрчлийн хууль эдийн засагт гай болж байна” гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав ч нэгэн ярилцлагын үеэр дурдаж байсан удаатай. Энэ мэтчилэн Зөрчлийн тухай хууль амьдралд хэрэгжихгүй байгаа талаар мэргэжилтнүүд болон шинжээчид онцолсоор буй.
Үүнд дурдсанчлан амьдрал дээр хэрэгжихгүй байгаа Зөрчлийн хуулийн нэгэн жишээг авч үзье.
Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаалаар “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын бага ангийн сургуулийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага, түүнийг тогтоох журам”-ын дагуу нийт 21 (Жагсаалтыг энд дарж харна уу) төрөл зүйлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ширхгийн хоол болон хийжүүлсэн ундаа, чипс зэргийг байнга худалдан авч иддэгээс болж 10 хүүхэд тутмын зургаа нь илүүдэл жинтэй болж байна гэх судалгааг НЭМГ-аас гаргасан учраас тэр.
Үүнээс гадна БСШУСЯ цэцэрлэг, дотуур байр, сургуулийн үдийн цайнд зарцуулж буй хоол, хүнсний зардлыг нэмэх саналыг Сангийн яаманд өнгөрсөн наймдугаар сард хүргүүлжээ. Ингэснээр 2019 оны нэгдүгээр сараас эхлэн дээрх төрлийн зардал нэмэгдэх аж. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, чипс, тосонд шарсан хуушуур, пирожки зэрэг хүүхдийн эрүүл мэндэд хортой зүйл борлуулахгүй байх шаардлагыг ЭМЯ тавьж байгаа аж. Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн цайны газартай хийсэн гэрээг цуцлах бөгөөд сургуулийн цайны газар, сургуулиас 500 метрт байрлах дэлгүүр нь тухайн бүтээгдэхүүнүүдийг худалдаалвал Зөрчлийн тухай хуулиар гурван сая төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.
Үүнээс гадна хуулийн хэрэгжих боломжгүй нэгэн нөхцөл нь 500 метрийн алслал. Жишээлбэл, Монгол Улсын бүх сургуулийг газрын зурагт буулгаад, тэндээсээ 500 метрийн алслал татаад үзье. Дийлэнх хүнсний дэлгүүр, ресторан, хоолны газрууд хуулийн эсрэг заалтад орчихож байгаа юм. Нийслэл дэх сургуулиудаа нэрлэхээ болъё гэхэд хөдөө орон нутаг, жижиг суурин, сумын төвүүдэд 500 метр гэдэг 5 км-тэй л ижил. Манай улсын сумын төвүүд гэж сургууль, захиргаагаа тойроод л хэдэн айл байдаг шүү дээ. Ийм байхад 500 метрээс хол зай гэвэл сумынхаа захад очиж худалдаа эрхлэх болж таарч байна. Үүнээс гадна хориглосон хүнсний жагсаалт худалдах бараа бүтээгдэхүүнийх нь 50-70 хувийг эзэлдэг юм шүү дээ.
Энэ талаар НМХГ-ын улсын байцаагч Х.Чимгээ “Сургуулийн ойр орчимд худалдаа эрхэлж буй дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхэд ажлын байрандаа ажлын хувцас өмсөөгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн. Мөн ширхгийн түргэн хоолнууд болон бургер, хуушуур, пирошки нь стандартын шаардлага хангасан хоолны газарт халуун хадгалагч дотор хоёр цаг хүртэлх хугацаанд хадгалж худалдаалах ёстой хүнсний бүтээгдэхүүн. Гэтэл энгийн лангуунд худалдаалагдаж байгаа нь зөрчил юм” гэлээ.
Харин дэлгүүр эрхлэгчид журам гарсныг мэдээгүй гэх хариултаар асуудлыг өөрсдөөсөө холдуулдаг бол “Монгол Улс бизнесийн таатай орчинг бүрдүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэсэн атлаа цаагуураа биднийг боож хаах ажиллагаа явуулж байна” хэмээн буруутгах нэгэн ч цөөнгүй байна. Ямартай ч хөрсөн дээр “буугаагүй” яваа хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг хүсвэл ядаж л хүүхдэд зориулсан бага порцтой, хямд төсөр хоолыг сургуулийн хоолны газар хийдэг болох хэрэгтэй.
Учир нь бага ангийн хүүхдүүд сургууль дотор худалдахыг хориглосон чихэр, чавга, чипс, бохь зэргийг сургуулийн ойр орчимд байгаа хүнсний мухлаг, дэлгүүрээс худалдан авдаг бол дунд болон ахлах ангийн сурагчид сургууль дотроос пирошки, мантуун бууз, бэлэн гоймон зэргийг авч иддэг. Ерөнхийдөө хийжүүлсэн болон өнгөтэй ундаа, пирошкиг сурагчид хамгийн их худалдаж авдаг. Хүүхдүүд өдөрт дунджаар 1000 төгрөгийг идэх зүйлд зарцуулдаг. Тэр мөнгөнд нь таарч байгаа нь дээр дурдсан зүйлс. Хоол аваад идье гэхэд багаар бодоход хагас порцын хоол 3000-4000 төгрөгийн үнэтэй. Тэгээд л хамгийн их илчлэг, калори, тостой пирошки, хуушуурыг өл дарах зорилгоор долоо хоногт 3-4 удаа худалдан авдаг болохыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр хэлж байлаа.
Төгсгөлд нь, амьдралд нийцэхгүй Зөрчлийн тухай хуулиас болж, иргэн-цагдаа, дэлгүүр эрхлэгчид-мэргэжлийн улсын байцаагч нарын хооронд байнга зөрчилдөөн гарч байгаа нь нууц биш. Болсон болоогүй түүхий хуулийн төсөл өргөн барьж, түүнийгээ батлуулах гэж зүтгэлгүйгээр ядаж л хуулиа батлахаас өмнө ул суурьтай судалгаа хийх ёстой байсан болов уу.
Өнөөдөр сонин
URL: