С.Молор-Эрдэнэ: МАН, АН-д жийгдсэн хүмүүс манайд хандаж байна

Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга, философич С.Молор-Эрдэнэтэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн тухай хууль батлагдчихлаа. Ирэх сонгуульд оролцох гэж буй шинэхэн намын даргын хувьд сэтгэгдэл ямар байна?

-Яах вэ дээ. Зарим нь баяраа тэмдэглээд, зарим нь гомдож уйлаад, эмгэнэл зарлачихсан байгаа бололтой. Надад бол эмзэглээд байх зүйл алга.

-Шинэ хуультай санал нэгдэж байгаа гэсэн үг үү?

-Энэ хууль пропорциональ систем рүү хагас ч гэсэн орсноороо давуу талтай. Пропорциональ систем намууд төлөвшиж, чанаржихад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Одоогоор улстөрийн намууд чанаржиж чадахгүй байна шүү дээ. Хараад байхад ганц хоёр хүнийг дагаж дулдуйддаг дүр зураг л зонхилж байна. Ер нь пропорциональ системээр намуудын сонгууль явагддаг. Дэлхийн сонгодог орнууд ч сонгуулиа пропорционалиар явуулдаг.

Ирээдүйд Монголын улстөрд бие хүн биш намууд их үүрэг гүйцэтгэх нь ээ. Ганцаарчилсан тоглолтууд хоригдож эхэлж байна. Яруу найрагч, дуучид, бөхчүүд гээд нэр хүндтэй л бол УИХ-ын гишүүн болчихдог үе өнгөрнө.

-Намууд огг төлөвшөөгүй байна гэлээ. Үүнийгээ тодруулаач?

-Намууд бусдаасаа ялгарах юмгүй, улстөрийн онолгүй, зүүн, баруунаа ч мэдэхгүй байна шүү дээ. Танай нам ямар улс төрийн үзэл баримтлалтай нам бэ гэхээр мдэхгүй дарга хүртэл байна. Ийм л байна.

-Сонгуулийн хуулнйг эрх баригчид өөрсдөө эргээд сонгогдох хувилбараар хийлээ гэсэн шүүмжлэл байна. Үүнд ямар бодолтой байна вэ?

-Тэр мэдээж. Ер нь улс төрийн онол мэддэг хүний хувьд хэлэхэд пропорциональ систем бол улстөрийн намууд төлөвшихөөс гадна парламентад янз бүрийн хүчнүүд орж ирэх боломж нээгддэг хувилбар. Ард түмэн туйлшрахгүйгээр сонголт хийчихвэл нэлээд ардчилалтай болно.

Цаашид ямар ч нам ингэж үнэмлэхүй олонх болохгүй болов уу гэж бодож байна. Парламент жинхэнэ утгаараа үүсэх боломж гарч ирж байна. Одоо болтол жинхэнэ ардчилсан парламент байсангүй. Ямар ч сөрөг хүчингүй парламент социализмтай адилхан.

-Шинэ хуулиар бол шинэ хүмүүс парламентад ороход их төвөгтэй нөхцөл байдал бий болсон тухай яригдах боллоо?

-Би тэгж бодохгүй байна. Харин ч маш их боломж нээгдсэн. Нийт иргэд сонгогчид шинэ, цэвэр улстөрийн хүсч байгаа. МАН, залхсан байх. Залхах ч учиртай.

-Мажоритариар нэр дэвшсэн хүн ялалт байгуулж чадаагүй ч сонгогчдын 28 хувийн саналыг авч чадвал намын нэрийн суудалд суух нээгдэж байна. Тэгэхээр өмнөх шигээ хувь хүний тоглолт зонхилох юм биш үү?

-Намын нэрийн 28 суудалд булхайтай хүмүүс л орж ирнэ. Хэн ч таньдаггүй, ямар ч улстөрийн чадваргүй хүмүүс орж ирэх магадлалтай.

-Яагаад?

-Намууд төлөвшөөгүй учраас улстөрийн чадваргүй хүмүүс намынхаа нэрээр орж ирэх боломжтой. Уг нь намууд төлөвшчихсөн бол ийм алдаа гарахгүй. Тухайлбал Ардын намын Бага хуралд дандаа л олигархийн хүүхдүүд байдаг. Энэ ханхүү нар улстөрийн чадваргүй ч гэсэн намын нэрээр ороод ирэх боломж бий болчихлоо. Үүнд л би харамсаж байна.

-Ийм нөхцөл байдал бий болсон нь мөнгөтэй хүн л гарч ирдэг хуучин тогтолцоог санагдуулж байна?

-Нэг зүйлийг бодох хэрэгтэй. Монголын парламент парламент шиг биш байна. Мөнгөтэй хүмүүсийг оруулж ирж, мөнгөөр зодож суудал авсаар байгаад намууд эвдэрчихсэн. АН анх ямар нам байлаа. Одоо олигархийн нам болчихоод байна. Ардын нам задраад, үзэл суртлаа өөрчилж, баячуудыг цуглуулаад завхарсан юм боллоо.

Харин одоо «Энэ нам овоо нам байна» гэж харж, санал өгдөг улстөрийн соёл бий болно. Хоёр сонгуулийн дараа магадгүй цэвэр пропорционалиар явах байх. Ингэвэл зүгээр л байна.

-Улстөрийн намд таван хувийн босго тогтоочихлоо. Үүн дээр юу хэлэх вэ?

-Эхлээд долоон хувь гэж жаахан айлгасан. Сүүлдээ тав дээр тогтох шиг боллоо. Таван хувь бол чанга тоо. Гурван байвал болно.

-Яагаад?

-Манайх цөөхөн хүн амтай орон шүү дээ. Бусад олон зуун сая хүн амтай орон шиг ингэж өндөр тогтоох хэрэггүй. Энд математик, арифметикийн зүйлүүд их явж байна. 48, 28, тав гэдэг тоонуудаар хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байна шүү дээ. Энэ гурван тоог сонгууль хүртэлх хугацаанд ойлгож ухаж, хэрэглэж чадах уу, үгүй юу гэдэг нь хэцүү асуудал болчихоод байна. Ер нь энэ гурван маш чухал тоо. 48 гэдгээрээ хэнийг оруулж ирэх гээд байна. 28-д хэний захиалга яваад байна вэ гээд олон асуулт гарч ирнэ.

Таван хувь гэдгийг баргийн намыг оруулж ирэхгүй гэсэн үүднээс хийсэн болов уу. Энэ босгыг давах гуравдагч, дөрөвдөгч нам байхгүй гэж бодож хийсэн байх. С.Баяр “Энэ сонгуулийн дараа ч гэсэн манай хоёр нам хамтдаа явна» гэж ам гарч байсан шүү дээ. Яг үүнийгээ баталгаажуулах Сонгуулийн хууль баталлаа.

-Танай намын хувьд ирэх сонгуульд хэр найдвар тавьж байна?

-Улс төрийн сонгуульд ялагдана гэж биш, ялна гэж л орно шүү дээ. Бид их л олон суудал авах байх. Үүнд итгэлтэй байна. Зай ч байна, лай байна. Өвөл, хавар хоёр байна шүү дээ. МАНАН Монголын улстөрийн ирээдүй байж болохгүй. Би өөрийнхөө намд итгэлтэй байгаа. Монголын улстөрийн ирээдүй гэж боддог. Шинэ, цэвэр улстөр хийнэ. Би үүний тулд МАХН-ыг орхиж, энэ намыг байгуулсан.

-МАН, АН-ын араас МАХН-ын рейтинг өндөр байна. Танай намын хувьд юугаараа ялгарч гарч ирэх юм бэ?

-Анхныхаа сонгуульд орох гэж байгаа шинэ намын хувьд эрсдэл өндөр л дөө. Том санхүүжилт, том бялуунаас хуваалцаж мөнгөтэй болж амжаагүй, энд тэнд намуудтай эвсэж, улстөрийн хожоо гаргаагүй, ямар ч хуйвалдаанд оролцоогүй цэврээрээ байж байна.

Харин бидний нэг онцлог бол улстөрийн онолтой. Ямар ч үед улс төрийн онолоо хамгаалаад ярьчих чадвартай, буурь суурьтай нам. Энэ бол бидний брэнд.

-Ихэнх нь тойргоос нэр дэвшиж сонгогдох учраас аль болох олон лидертэй нам ихэнх суудлыг авах боломжтой юм биш үү?

-Манайхаас бол мэдээж шинэ хүмүүс нэр дэвшинэ. Гэхдээ УИХ-ын гишүүдээс бас наашаа хандаж байгаа хүмүүс бий. Хоёр нам дээгүүрээ хуйвалдаад, маш олон улстөрчийг дараагийн сонгуульд ирээдүйгүй болгож байна.

-Тэд зарим гишүүнээ шахаж байгаа гэсэн үг үү?

-Тийм. «Та нарыг дараагийн УИХ-д оруулна» гээд мөнгө авчихсан хүмүүсээ гаргаж ирэхийн тулд хоёр нам сайн сайн улстөрчдөө алдаж байна. Тэдэнд гомдсон, улстөрийн ирээдүйгүй болсон хүмүүсийг бид хүлээж аваад, ирээдүйг нь нээж өгнө. Манай намд дэд дарга нарын орон тоо байгаа. Намын дэд дарга болж, улстөрд хамтдаа зүтгэж, 2012 оны сонгуульд орох гэсэн хүмүүст бид үгүй гэхгүй. Гэхдээ бид шинэ, цэвэр улстөр хийнэ шүү гэдгээ анхааруулсан.

-Жийгдэж байгаа улстөрчид танай намд орохоор санал тавиад байгаа юм уу?

-Санал тавиад байгаа гэж би том ам гарахгүй. Манай намын зүгээс ч саналууд байгаа.

-Танай намд орох гэж буй ямар хүмүүс байна. Нууц биш бол?

-Цаг хугацаа Хөдөлмөрийн л харуулна даа. Өнөөдөр бид хэлж мэдэхгүй. Далай лам ч маргааш юу болохыг мэдэхгүй. Үүнийг нэг их улстөржүүлмээргүй байна. Цаг хугацаа нь болоогүй байна. Сонгуулийн хууль Үндсэн хуулийн цэцээр орно шүү дээ. Энэ хууль буцаагдах ч юм бил үү. Үүний цаана ямар наймаа, тоглолт явагдаад байгааг мэдэхгүй.

-Та цэвэр улстөр хийхийн тулд МАХН-аас гарсан гэж дээр дурдсан. Тэгэхээр тэнд бохир улстөр яваад байгаа болохоор таныг гарсан гэж ойлгож болох уу?

-Би МАХН-ыг харсан. Уг нь МАХН түүхэн нам шүү дээ. Тиймээс би энэ намыг байх ёстой гэж ойлгож, аварч, будаад байрандаа очиход нь улстөрийн онолын үүднээс тусалсан. Дараа нь надад шинэ нам хэрэгтэй, хуучин хүмүүстэй шинэ ажил хийх тийм ч амар биш юм байна гэдгийг ойлгосон.

-Хуучин хүмүүс гэж Н.Энхбаярыг хэлээд байна уу?

-Н.Энхбаяртаа гол нь биш. Ер нь тэр нам шинэчлэгдэх ёстой. Би шинэчлэхгүй, тэд өөрсдөө шинэчлэгдэх ёстой.

-МАХН шинэчлэгдлээ гэж зарлаад байсан биш бил үү?

-Тийм л дээ. Гэхдээ болоогүй байна. Хаа ч байсан юм. Би «Та нар өөрсдөө намаа авч яв. Намыг чинь гаргаж ирлээ, босгож өглөө. Би өөр хүсэл мөрөөдөлтэй хүн» гэж хэлээд явсан. Би намын улстөр хийхгүй, Монгол үндэстний улстөр хийнэ. Тийм учраас энэ намаа Хамуг Монголын Хөдөлмөрийн нам гэж нэрлэсэн.

-Магадгүй та намын дарга байхын тулд ингэсэн юм биш үү?

-Намайг нэг нам байгуулаад, УИХ-д гарч ирж, нэг жийп авч, нэг байшин барьж, лиценз худалдаж аваад явах гэж байгаа нөхөр гэж ойлгож байгаа бол том эндүүрэл. Хэрэв тэгэх байсан бол өнөөдрийг хүртэл МАХН-д мөнгөтэй хүмүүсийг дагаж хөөрсөн, бууны нохой болоод, хэдэн өвөө, эмээ дагуулаад жагсаал цуглаан, хэвлэлийн хурал хийгээд явж байх байсан биз. Би тэгэхгүй.

Н.Энхбаяр хэтэрхий их хар юманд орооцолдсон хүн юм билээ. Цаадуултайгаа их тооцоотой. Ийм хар хүнийг байнга хамгаалаад явна гэдэг хэцүү биз дээ. Ер нь бол би МАХН-д ороогүй. Улстөрийн онолыг нь л зааж өгсөн. Та нарыг хаяад явж байгаа хүмүүст ийм ийм алдаа байна гэдгийг би хэлж өгсөн юм. Эндээс санаа аваад явсан.

-МАХН-ынхны хувьд таныг улстөрийн онол зааж өгсөн гэхээсээ илүүтэй урвагч гэж цоллодог юм билээ?

-Одоо тэгж хэлнэ л дээ. Тийм л хүмүүс. Хүнээр туслуулж, хүнийг ашиглачихаад сүүлд нь «Санахгүй байна» гэдэг ийм л богинохон ой санамжтай хүмүүс байх нь. Хэрэв би очиж хэлээгүй бол өдийд ямар байх байсныг Монголын ард түмэн мэдэж байгаа.

-МАН нэрээ сольж байгааг ашиглаад, МАХН-ын нэрийг авч үлдэх санааг Н.Энхбаяр сэдлээ гэж хүмүүс ойлгодог. Тэгвэл энэ таны санаа байх нь ээ?

-Түүхийг нь сайн санах хэрэгтэй. Анх «МАХН ухрах уу, урагшлах уу» гэсэн хэлэлцүүлэг болсон. Үүн дээр улстөрийн илтгэлийг нь би тавьсан. Улстөрийн иделоги гэж юу вэ баруун, зүүн улстөр гэж юу юм гэдгийг би анх гаргаж тавьсан.

Ер нь би мэдлэг боловсролоо Монголын ард түмэнд харамгүй зарцуулна. Тэгж ч байгаа. Хар л даа. MAXH-ыг онолын хувьд засч залруулсан. МАН-ыг улстөрийн хувьд баруун, зүүнээ ялга гээд олон зүйл хэлсэн. Түүнээс хойш бүгдээрээ л улстөр ярьдаг болчихож. АН-д ч хэлсэн. Бас л бүгдээрээ улстөр ярьдаг болсон. З.Энхболд хүртэл «Би баруун» гэж ирээд л яриад байна лээ. Ерөнхийдөө улстөрийн дүр зураг маш их өөрчлөгдсөн.

-Та гэнэт МАХН-аас гарахад гайхах хүн олон байсан. МАН-ын туршуул гэж ч ойлгогддог. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Утаа шиг их хов жив гарсан. Би С.Батболдыг ч, У.Хүрэлсүхийг ч танихгүй. Цаг хугацаа л харуулна. Би хэнбуйгайг ч дагахгүй, хэний ч үгэнд орохгүй. Бялдуучлах гэдгийг мэдэхгүй. Надад ганцхан хүсэл байдаг. Тэр бол мэдлэг боловсролоо Монголын ард түмэнд зориулах юм. Монгол орон намайг үхэхээс өмнө дэлхийд нэрээ цуурайтуулсан сайхан орон болчихоосой гэж хүсдэг. Үүний дараа намайг юу ч гэж хэлсэн болно. Янз бүрийн хов живийг би даанч тоохгүй.

-Хүнд итгэл үнэмшил гэж байдаг шүү дээ. Таныг МАХН-д байхад тэр намдаа үнэнч нэгэн, МАХН-ын ирээдүй гэж харж байлаа. Гэтэл гараад өөр нам байгуулчихлаа. Тэгэхээр юу гэж ойлгохоо мэдэхгүй байна л даа?

-Би ямар МАН-д байж байгаад АН-д орчихсон биш. Одоо энэ намаар би улстөр хийнэ. Бусад нам надад сонин биш. Би хагас жилийн хугацаанд МАХН-д улстөрийн зөвлөгөө өгсөн. МАХН-ынхан надаас одоо ч дуртай цагтаа ирж зөвлөгөө авч болно. Улстөрийн онол гэдэг барагцаагаар явдаг юм биш.

Д.Өнөржаргал
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих