Мөрийн хөтөлбөрөө үгүйлсэн гишүүд Засгийн газрыг тал талаас нь боргоов
Монгол Улс ирэх жил гэхэд 553 тэрбум төгрөг хуримтлуулах мөрөөдөлтэй гэнэ. Гэвч салбарынхны тооцооллоор 2030 он хүртэл энэ дүнд яагаад ч хүрч чадахгүй дүр зураг ажиглагдаж байна.
Хөрөнгө мөнгө олохын хирээр хэдэн талаас нь цөлөмчихдөг үрэлгэн засагт хуримтлал үүсгэж, мөрөөдөлдөө хүрэх тамир тэнхээ бий болов уу. Иргэдийнхээ насаараа хураасан хэдэн төгрөгийг Тэтгэврийн сан гэсэн сайхан үгээр халхалж байгаад тоноод залгичихдаг төр засаг дэлхийд хэд бол. Иймээс л манай улсад эдийн засгийн тогтвортой бодлого, хуримтлал хоёр үгүйлэгдсээр удаж байна.
Гэхдээ ч модоо барих шахсан Монгол Улсын эдийн засагт гэрэл асч, өсөлт энэ оны эцэст 5.9 хувьтай гарч, ирэх онд 6.6 хувьд хүрч сайжрах төлөвтэй байгааг Дэлхийн банкнаас танилцуулав. Үнэхээр чихэнд чимэгтэй сайхан мэдээ. Гэвч цаасан дээрх тоон үзүүлэлт өсөлттэй байна гээд дадсан зангаараа үрэлгэн загнаж, тансаглах байдлаа хумиж амьдрахыг тус банкнаас хатуу анхааруулах нь тэр. Зүй нь энэ цаг үед ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа билээ. Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32.8 хувь байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5.4 хувь байхаар тооцоолон хэлэлцэж байна.
Мөн цаашлаад татварын орчныг сайжруулж, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэх гэнэ. Энэхүү нэмэгдэлд 720 тэрбум төгрөг тусгажээ. Тухайлбал, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Үүнд 41 тэрбум төгрөг төсөвлөсөн гээд ирэх онд ард түмэн бид чинь энхрий хайрт төр засгийнхаа буян хишгийг даадаг л байгаа даа…
Үнэндээ сонгуулийн өмнөх жилийн улсын төсөв иргэд рүү үеийн үед чиглэсээр ирсэн нь бодит үнэн. Тэр дундаа халамжийг хавтгайруулсан байх нь түгээмэл. Энэ л жишгээр жирийн иргэдэд хүртээмжтэй ирэх оны төсөв эзэн биеэ олох нь ээ. Төр түшилцэх түмэн олны ч хараа, хурд нь 6d-гээр ажиллах болж. Ямар сайндаа л гүйцэтгэх засаглалын тэргүүнийг танилцуулгаа уншиж дуусахтай зэрэгцэн 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гишүүд тал талаас нь нэхэж байх жишээний. Ёстой л ирэх сунгаа ойртсоны шинж тэмдэг хаа хаанаа илэрч байна шүү. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ гишүүн “Улсын төсөвт нааштай өөрчлөлт гарч байгаа. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрт хариуцлагатай, ил тод, нээлттэй, хэмнэлттэй төсвийн бодлого хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүний хэрэгжилт ямар шатанд байна вэ. Мөн гаднаас авсан зээлийн зарцуулалтад хяналт шалгалт хийж байна уу” хэмээн тодруулсан. Сангийн сайдын хэлж буйгаар “Монгол Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө тул ил тод, үр ашигтай зарцуулах ёстой. Тиймээс бид бүх төсвөө ил тод, нээлттэй боловсруулсан. Төсвийн тодотгол хийхгүй байх бодлого баримталж байна. Өмнө нь төсөв тодотгох нэрээр ихээхэн зардал нэмдэг байсан. Энэ нь өнөөгийн Засгийн газрын их өрөнд нөлөөлсөн. Манай Засгийн газар гадаад, дотоодоос өндөр хүүтэй зээл огт аваагүй. Мөн Төрийн албан хаагчийн мэдээллийн сан бий болно. Энэ сангаас төрийн нийт албан хаагчдын тоо, тангараг өргөсөн эсэх, цалин, урамшуулал зэргийг бүгд бүртгэгдэнэ. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулах томоохон боломжтой болно” хэмээн хариулна лээ.
Гэвч гадаад, дотоодоос зээл аваагүй хэмээх Сангийн сайдын үгийг АН-ынхан няцаав. Сөрөг хүчнийхэн Засгийн газрын нийт өр 22 их наяд 642 тэрбум төгрөг болсныг тодруулсан юм. Тэдний тооцооллоор Засгийн газрын нийт өр 2016 оны хоёрдугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны хоёрдугаар улиралд 22 их наяд 642 тэрбум болж даруй 6 их наяд 30 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн Ардын нам засгийн эрхийг аваад “Чингис”, “Самурай” бондын хэмжээний валютын өр тавьсан мөртлөө хийж бүтээсэн зүйлгүй гараа хумхин суугааг ч шүүмжлэв.
Ингэж хэлэх ч үндэслэл бий аж. БНХАУ-аас авч байгаа зээлийн хэмжээ 1 тэрбум 500 сая ам.доллароос давж, Монгол банк 15 тэрбум юанийн свопын өр зээлтэй байгааг анхаарахгүй орхих боломжгүй хэмээгээд Боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын биелэлт энэ сарын байдлаар дөнгөж 20 хувьтай. Мөн Эрчим хүчний салбарын бодлогогүй шийдлүүд, хариуцлагагүйн улмаас гарсан ослууд улс оронд асар их хохирол дагуулж байна. Урд хөршөөс зөвхөн хөнгөлөлттэй зээлээр 1.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 23 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа дотор бодит үйлдвэрлэлийг дэмжих нэг ч төсөл ороогүй бөгөөд дэд бүтцэд 60 хувь, нийгмийн салбарт 30 хувь хамарч байгаа нь зөвхөн төсвөөс эргэн төлөх зээлийн эрсдэлийг нэмэгдүүлсэн. Ийнхүү гаднаас барьсан бадраа үр бүтээлгүй харин ч харийн орнуудын бодлогод хөтлөгдөөд байна уу гэдгийг Засгийн газар ялгаж, салгах чадамжгүй болсон зэргийг сөрөг хүчнийнхэн дүгнэлтдээ тусгажээ.
Үнэхээр ч хамгийн энгийн жишээ нь валютын ханшийн чангаралт. 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ханш өнөөдөр 2552 болсон. 602 төгрөгөөр монгол төгрөгийн дархлаа суларсан. 1.2 хувьтай байсан инфляц 8.8 хувьтай буюу 6.6 хувиар өссөн. Шатахууны үнэ АИ 92 19 хувиар, АИ95 бензин 25 хувь, дизель 30 хувиар тус тус нэмэгдсэн гээд сайн гэхээсээ саар чимээ илүү олныг ард түмэн бид сонслоо.
Пүрэв гаригийн чуулганаар бас нэгэн хөндөгдсөн асуудал бол УИХ-ын гишүүн Н.Учрал “Төсөвт тавигдаад хэрэгжихгүй байгаа асуудлыг яах вэ. Яамд бодлого хэрэгжүүлэх үү, тендэр зарлаад байж байх уу. Өнгөрсөн жил орон нутагт эрхийг нь шилжүүлнэ гэсэн. Гэтэл сайдууд төсвөө хав дараад сууж байна. Тэгээд худалдан авах, санхүүгийн дарга нар ажил уяад байна. Миний тойрогт гэхэд 62 дугаар сургуулийн хүүхдүүд хохироод сууж байна, Боловсролын сайд аа. Гурван ээлжээр орж байгаа 5000 хүүхдийн асуудал яригдаж байна. Төсөв батлагдсан хэрнээ ажил нь явахгүй байна” хэмээн шүүмжлээд ам руугаа тас хийтэл алгадуулав. Ц.Цогзолмаа сайд “БСШУСЯ-нд 272 орчим ажил хуваарилагдсанаас бодит шалтгаанаар хойшлогдсон ажил дотор танай ярьсан сургууль багтаж байна. Төлөвлөхдөө тооцоолоогүйн улмаас хойшлогдсон. Гурван тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийх боломжгүй учир компаниуд ороогүй.
Нийгмийн шуудан сонин
URL: