Замын цагдаа нар “туршилтын туулай” юу?

2717a863be8799ac8131b30db8009895Нийслэлийн авто замын түгжрэл бөөгнөрөл иргэдийн бухимдал, уур уцаарыг барсаар удаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 400 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх тоон мэдээлэл бий. Тус статистик  тоо жил бүр нэмэгддэг.

Сүүлийн үед “түгжрэл” хэрээс хэтэрч, машинтай иргэд гудамжинд ихэнх цагаа өнгөрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Түгжрэлийг мэргэжлийн хэллэгээр замын хөдөлгөөний саатал гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, автомашины хөдөлгөөний хурд дундаж хэмжээнээс эрс багассаны улмаас замын тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсч, зорчих хэсгийн нэвтрүүлэн өнгөрөх чадвар 20 дахин болон түүнээс дээш хувиар буурсан тохиолдлыг хэлдэг аж.

Түгжрэлийн хамгийн гол шалтгаан хүн амын нягтаршил, хот төлөвлөлт. Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349,000 хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9 хувь нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригджээ. Мөн хотын хүн амын даац дээд тал нь 400-500 мянга байхаар тооцоолсон байдаг ч энэ тоо хэд дахин нэмэгджээ.

Нөгөө талаар өдөрт хэдэн мянгаараа орж ирэх импортын машин, түүгээр ахуй амьдралаа зохицуулдаг иргэдийн хэрэгцээ нэмэгдсэнтэй шууд холбоотой. Улсын хэмжээнд автомашин, жолооч нарын тоо хурдацтай өссөөр байна. Иймд дэлхийн томоохон хотуудтай дүйцэх зовлонтой түгжрэлээс хэрхэн гарах вэ гэдэг арга чарга шаардлагатай байгаа юм.

Үе үеийн хотын удирлагууд янз бүрийн арга хэмжээ авдаг ч хэсэг хугацааны дараа түгжрээд эхэлдэг. Тэгш сондгой дугаараар ангилан хязгаарлалт хийх, баруун болон зүүн гар тийш эргэхээ болих, ачаалал ихтэй газруудыг камержуулах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч бахь байдгаараа л байна.

Хамгийн сүүлд буюу аравдугаар сарын 01-нээс Замын цагдаагийн бүх алба хаагчдыг уртасгасан цагаар буюу өглөөний 06:30 цагаас оройн 22:30 хүртэл ажиллуулж байгаа аж. Ингэхдээ үндсэн цалин дээр нэмж 200 мянган төгрөгөөр өгч байгаа юм байна. Түүнчлэн нийтийн дунд өргөн цар хүрээтэй мэдээллэхгүйгээр автозамын хөдөлгөөнд жижиг “Туршилт”-уудыг хийж байгаа ажээ. Үүний дагуу нийтийн тээврийн хэрэгсэл зорчих хэсэг бүхий нэгдүгээр эгнээг суллаад байгаа сурагтай.

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагаас эхлээд “Цэцэг төв”-өөс нэгдүгээр сургуулийн чиглэлд хоёр урсгалтай байсныг нэг чигийн буюу хойноос урагш болгосон байна. Мөн ОХУ-ын элчингийн баруун талын автозам нэг чигийн буюу хойноос урагш хөдөлгөөнтэй байсныг хоёр урсгалтай болгон өөрчилжээ. Есдүгээр сарын 17-ноос зөвхөн Сүхбаатар дүүрэгт л гэхэд энэ мэт жижигхэн өөрчлөлтийг оруулснаар “Энхтайваны өргөн чөлөө” чиглэлийн замын ачааллыг 30-40 хувиар буурсан, бусад замуудын түгжрэл харьцангуй багассан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсан байна.

Энэ тухай Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч А.Эрдэнэбат хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, “Ажил тарах цагаар замын ачаалал эрс нэмэгддэг. Түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн “Багшийн дээд”-ийн уулзварыг хойш чиглэлтэй болгон эргүүлснээр Их тойруу болон Бага тойруугийн замын хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлж байна” гэжээ.

Түүнчлэн “Номын сан”-гийн автобусны буудлыг шилжүүлэх, бусад замыг өргөсгөх ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл гараад буй.

Нийслэлийн зүгээс авто замуудыг өргөтгөн, шинээр тавьж, гүүр бариулан, авто зогсоолын тоог олшруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа ч замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байгаа тухай тайлбарладаг.

Одоо энэ чиглэлд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөн ба нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудлууд” сэдэвт анх удаагийн зөвлөгөөний зараа хүртэл тараачхаад байгаа. Тус зөвлөгөөнд иргэдийг  оролцуулж, авто замын  хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үйл хэрэгт санал  бодлыг сонсох зорилготой аж.

Иргэдийн саналаас илүү авто замын зохицуулалтын бодлого манай улсад дутагдаж байна. Монголд энэ асуудлыг хариуцсан бүхэл бүтэн яам, газар бий. Гэвч тэдний төсөв түгжрэлийн асуудлыг нэг мөр болгоход хүрэлцэхгүй байгаа байгаа тухай мөнгөндөө тааруулан шийдэхийн тулд зам өргөсгөж, гэрлэн дохиог энд тэндгүй байрлуулдаг тухай хэлдэг. Энэ өөрөө түгжрэлийн эх үүсвэр болдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг.

Иймд автозамын өргөтгөл зохицуулахгүй бол мянган иргэн санал хэлж, мянган цагдаа уртасгасан цагаар зогсож шүгэл үлээлгээд ч хотын автомашин цөөрөхгүй. Олон туршилтуудын нэг болоод л өнгөрөх вий. Бүр машин унаад нэг километр газар явна гэдэг үлгэр болох вий. Машинтай болж байгаа иргэдийн буруу биш, дэд бүтцээ өөрчлөх дээдсүүдийн зөв бодлого дутагдалтай байна.

https://news.caak.mn/view/8279318/


URL:

Сэтгэгдэл бичих