Амьдрахад хялбар хотууд
Аливаа том хотын амьдралд таагүй олон онцлог бий. Харин доорх таван хотод амьдрахад жилээс жилд улам хялбар, тав тухтай болж байна. “Economist intelligence unit” компани дэлхийн томоохон 140 хотыг жил тутмын судалгаандаа хамруулжээ.
Аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээ, боловсролын хүртээмж, хоолны чанар, зам болон нийтийн тээвэр, кафе, эсвэл бааранд цагийг зугаатай өнгөрүүлэх боломж гэсэн аж төрөх тав тухад нөлөөлж буй 30 гаруй чухал хүчин зүйлийг үндэслэн тэдгээр хотыг жагсаадаг уламжлалтай. Мэдээжийн хэрэг, тэргүүлэгчид мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг их татдаг. Энэ жил Австрийн Вена хот Австралийн Мельбурнийг гүйцэж түрүүлсэн.
Гэхдээ танилцуулах гэж буй таван хот уг жагсаалтад сүүлийн 10 жил тасралтгүй шат ахиж яваагаараа онцгой.
МӨНГӨ ХУРИМТЛУУЛАХАД ТААТАЙ ХОТ
Аж төрөхөд тохь тухтай гэсэн үзүүлэлтээр дэлхийн шилдэг хотуудын жагсаалтын дундуур орсон Эль-Кувейт хот соёлын хувьд их нээлттэй болж, замын сүлжээ нь асар их сайжирсны ачаар уг жагсаалтад хэлбэрэлтгүй шат ахисаар байна. Кувейт улс нь Персийн булан, Саудын Араб, Иракийн дунд оршдог. Нийслэл нь олон улсын худалдааны гол хот, боомт байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн 10 жилд дэлхийн хөгжил тус хотын өдөр тутмын амьдралд нөлөөлөх болжээ.
“Би тэнд өссөн. Хөгжим, театр, киноны хувьд маш чанга дүрэм үйлчилдэг. Өдгөө энэ байдал өөрчлөгдсөөр байна. Урьд нь поп хөгжим яагаад ч юм сонсогддоггүй. Анх удаа эх орондоо бус, Энэтхэгт концерт үзэж байлаа. Харин одоо огт өөр. Сүүлийн таван жилд бүх зүйл өөрчлөгдсөн” гэж одоо АНУ-д амьдарч буй “Midwest immersive” мэдээллийн том компанийг үүсгэн байгуулагч Акиб Усман ярилаа. Тэрбээр өөрчлөлтийг даяаршил, интернэт хэрэглээтэй холбон үздэг.
Хэдийгээр Кувейт Өрнөдийн соёлд илүү нээлттэй болж, санхүүгийн эрх чөлөөний түвшин, дундаж наслалтаараа дээд амжилт тогтоосон ч урьдчилан сануулах зарим зүйлс бий гэнэ. Энд газрыг зөвхөн кувейтчүүд л эзэмшдэг. Тус улсад бизнес эрхлэхийг хүссэн гадаадын иргэд Куветийн түншээс 51-ээс доошгүй хувийн хөрөнгө оруулалт авсан байх ёстой.
Дашрамд хэлэхэд, худалдаанаас татвар авдаггүй, орлогын татварыг тухайн хотоос тогтоодог. Ажил эрхлэхэд, мөнгө хуримтлуулахад маш таатай газар болохыг А.Усман онцолжээ.
ШАР АЙРАГ, ГУДАМЖНЫ ХООЛООРОО АЛДАРТАЙ
Унгарын нийслэл бөгөөд хамгийн том энэ хот өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэд бүтцээ эрс сайжруулж, дүүргүүдээ тохижуулсан аж. “Энд найман жил амьдрахад асар их өөрчлөлт гарч байна. Дугуйн олон зам бий болж, 24 цагийн турш үйлчилдэг автобус, трамвайн чиглэлүүдийн тоо нэмэгдэж, хаягдсанд тооцож байсан хотын олон хэсгийг сэргээн заслаа” гэж “Spoiled queen” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Виктория Скиба хэлжээ. V зуунд дарс, усан үзмийн улс байсан Унгар өдгөө нэрийн шар айраг, гудамжны хоолоороо алдаршиж байна.
Хаа сайгүй кафе шинээр нээгдэх болж. Энэ салбар хөгжсөн нь тус улсыг Европын Холбоонд нэгдсэний дараа гадаадын компаниуд ороход тус болсон гэнэ. Ажлын шинэ байрууд бий болж, унгар хэлгүй гадаадын иргэд олноороо тус улсыг зориход хүргэсэн. “Хямд баар олширч, жуулчдын хөлд дарагдсан нь орон сууцны түрээс тэнгэрт хадахад хүргэжээ. Тиймээс Будапештийг зорихын өмнө үнийг нь судлахгүй бол илүү зардал гаргана” гэж В.Скиба анхааруулав.
СОЁЛ, УРЛАГААР ТЭРГҮҮЛСЭН ХОНОЛУЛУ
Хавай муж улсын нийслэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд дээрх жагсаалтад үсрэнгүй амжилтад хүрч, АНУ-ын амьдрахад хамгийн таатай хот болжээ. Соёл, урлагийн салбарт энэ хот хамгийн өндөр оноо авсан гэнэ. Дэлхийн эдийн засаг өсөж, Хавайд урьд байгаагүй хот маягийн амьдралын хэв маяг нэвтрүүлсэн нь ийм амжилтад хүргэлээ хэмээн Хонолулугийн оршин суугчид ВВС-д ярив.
“Эцсийн эцэст эрх баригчид ч, бизнес эрхлэгчид ч, оршин суугчид ч хотоо хөгжүүлэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрсөн” гэж Хавайд насаараа амьдарсан, үл хөдлөх хөрөнгийн “Howard hughes corporation” компанийн олон нийттэй харилцаагаа хөгжүүлэх асуудал хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Тодд Апо хэлжээ. Хонолулуд төмөр замын сүлжээ байгуулахад хамгийн том хөрөнгө оруулалт авсан бөгөөд 2020 онд нээгдэнэ. Галт тэрэг тус хотын ажил хэргийн төвийг түүнээс хойш 30 гаруй км зайтай орших жижиг хотуудтай холбох юм.
Энд ажиллаж, амьдрахаар Япон болон Азийн орнуудаас голдуу гадаадын иргэд олноороо очдог. Арьсны өнгө, ёс заншил үл харгалзан бүх хүнийг Хонолулу урьдаг. “Энд амьдралаа энх тунх, тавтай байлгахын тулд бид бүхнийг хийхийг хүсэж байна” гэж Нью-Йоркоос саяхан шилжиж ирсэн, “Howard Hughes corporation” компанийн ерөнхийлөгч Саймон Триси тэмдэглэлээ.
ТАЙПЭЙД ХҮҮХДҮҮД ХАМГИЙН ХҮНДТЭЙ НЬ
Амьдрахад хамгийн тохь тухтай хотуудын жагсаалтад Тайпэй шат ахисаар байгаа бөгөөд тус хотын эрх баригчид дэд бүтэц, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд идэвхтэй хөрөнгө оруулж буй. Метроны сүлжээ хотын бараг өнцөг булан бүрийг холбож, олон улсын нисэх буудалд хүрч байгаа. Эндээс дэлхийн бараг бүх улс руу нисэх боломжтой.
“Эрүүл мэндийн салбар нь үнэхээр гайхалтай гэж Канадад өссөн хүн ярьдаг. Тодруулбал, “alien resident” буюу тус улсад байнга оршин суугч гадаадын иргэн гэсэн статустай болбол нутгийн оршин суугчийн адил шүдний зэрэг эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээ нь ч үнэтэй биш” гэж гэж Оттавагаас энд ирсэн хуулийн зөвлөх Шэннон Уотсон тэмдэглэжээ. Боловсролын салбар нь ч мөн адил. АНУ-аас ирсэн, “Wild hearted words” медиа бизнес зөвлөгөө өгдөг компани нээсэн Эуди Тсуэй охиноо Монтессори сургуульд оруулсан гэнэ.
Тэднийх сурагчдаа хооллож, хятад хэл заадаг гэнэ. Тайпэй хотод хүүхдүүд дуртай. Тиймээс залуу гэр бүлд Тайвань хосгүй газар. “Галт тэргэнд зорчигч олон байсан ч хүүхэд харагдвал суудал тавьж өгдөг” гэж Э.Тсуэй ярьжээ. Энд ажиллахад хятад хэлний мэдлэгийн тодорхой түвшний шаардлага тавьдаг хэдий ч нутгийн оршин суугчид их найрсаг, англи хэл сайн мэдэхгүй байсан ч гадаадын иргэдэд хэзээд тусалдаг хэмээн Жуди Тсуэй онцолсон юм.
ОЛОН ҮНДЭСТНИЙ СОЁЛ ЦОГЦОЛСОН ХОТ
Шинэ Зеландын хамгийн хойд нутгийн энэ хот “Economist intelligence unit”-ийн жагсаалтад байнга дээгүүр байр эзэлдэг, өнгөрсөн 10 жил үргэлж шат ахиж байв. “Окленд хотод олон үндэстний соёл цогцолж, улам хөгжсөөр буй. Абориген, ази, өрнөд, саяхнаас өмнөд америк соёлын нөлөө хүчтэй болж буй. Энэ нь янз бүрийн орны рестораны бизнес цэцэглэж, Хятадын цагаан сар, Энэтхэгийн Дивали зэрэг соёлын наадмыг байнга зохион байгуулж байна” гэж гэр бүлийн амралтын “Hands up holidays” агентлагийн зөвлөх, тус хотын уугуул Кристофер Хилл ярилаа.
Сүүлийн жилүүдэд Окленд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээгээ үлэмж сайжруулж, хувийн сургууль, эмнэлгийн чанар урьдын адил улсынхаас илүү байгаа аж. Энд тэмдэглэхэд, дээд боловсрол нь хэдийд ч тэргүүн зэрэгтэй байдаг. Гэхдээ тус хотод дэд бүтэц зэрэг сайжруулах зүйл бий. “Окленд өргөөшөө тэлж байгаа нь нарийн төлөвлөлтгүйг илтгэнэ. Харин замын түгжрэлийг сүүлийн үед үр ашигтай шийдэж, нийтийн тээврийн систем сайжирсаар байна.
Гэсэн ч хотын иргэд түгжрэлтэй эрэг орчмын дүүргүүдэд амьдрах уу, эсвэл эргээс хол аж төрж, ажилдаа түргэн очих уу гэдэг сонголтыг хийх хэрэгтэй болсон” гэж К.Хилл анхааруулжээ. Оклендын амьжиргааны түвшин хямд биш. Саяхан хувийн орон сууцны үнэ өндөр үзүүлэлтээр дэлхийд дөрөвдүгээрт жагссан байна. Улмаар гадаадын иргэдэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглох шийдвэрийг нутгийн эрх баригчид гаргахад хүрсэн гэнэ.
Өнөөдөр сонин
URL: