У.Хүрэлсүх “Хүргэн Дэнзэн”-тэй болжээ

712-153861976910-4-2-550x3002012 оны сонгуулийн дараа АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн. Тэрээр хоёр жил гаруйхан ажиллаад огцорсон юм. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуяг, түүний танхим муу ажиллаж байгаагүй. Олон ажил эхлүүлсэн маш “хөдөлгөөн”-тэй Засгийн газар байв.

Гэвч сонгуулийн бүрэн эрхийн талд очоод “онхолдчихсон” нь бараг л ганцхан шалтгаантай гэдэг. Тэр нь Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй холбоотой.
Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэнгээ дураар нь тавьчихсан юм. Хүргэн Г.Дэнзээнгийн уусан идсэн, буруутай буруугүйг энд ярих гэсэнгүй. Харин ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдоод хамт олноо хэрхэн бужигнуулж, ийш тийш яаж үсчиж байсныг хэлэх гэсэн юм. Энэ тухай ЗГХЭГ-ынхан, харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүд, ер нь улс төрийн хүрээнд лав мартаагүй байна лээ.
“Үгүй ээ мөн том дуугарсан залуу байсан шүү. Н.Алтанхуяг даргыг унахад ч хувь нэмрээ оруулсан хүн дээ” гэж ярих хүн захаас аваад л энэ улстөрчдийн дунд байна.
Г.Дэнзэн ч “…Долоон жилийн өмнө одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хамтарч ажиллъя” гэж санал тавьсны дагуу төдийгөөс өдий хүртэл ажиллаад явж байна. Тэр үед Н.Алтанхуяг дарга ч Ерөнхий сайд байсангүй, би ч хүргэн нь гэж хэлэгдэх тухай зүүдэлсэнгүй явж. УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулсаны дараа намын удирдлагууд надад хандан “Дэнзээн чи Хэрэг эрхлэх газар ажиллаж байсны хувьд дэд даргаар ажиллаж, Төрийн албаны хяналт, шалгалтыг зөв голдиролд нь оруулаатхаач” гэсний дагуу залуу хүний хувьд энэ ажлыг хийе, болж бүтэхгүй байгаа юмтай нь тэмцье гэж л энэ албыг хүлээж авсан” гэж ирээд л ярина шүү дээ.
Тэр эрчээрээ ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг ажлаа өг гэж шахлаа, тэр дарга руу ингэж ярьжээ гээд л хэл амнаас салалгүй явсаар нэг том асуудалд холбогдоод “яваад” өгсөн. Чухамдаа энэ нь л Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягт маш том хар толбо нааж өгсөн юм. Хүн тэжээвэл юу гэдэг билээ дээ. Тийм л юм болсон.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэл­сүхийг бас “хүргэн Дэнзэн”-тэй болсон байна гэж яриад эхэллээ.
Тэр “хүргэн Дэнзэн” нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ гэнэ. Энэ залуугийн ааш аяг, үг үйлдэл эгээ л зургаан жилийн өмнөх Г.Дэнзэн шиг болоод байгааг Төрийн ордноор нэг яриад удлаа. Сүүлийн үед “…Ордны яриа ортой” гээд байдаг болсон.
Б.Бат-Эрдэнийг томилсон процессоос л “хүргэн Дэнзэн” эргэж ирснийг харж болно гэж байна. Түүнийг Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаас ЗГХЭГ-ын дэд даргаар томилсон. Яг тэр хурлаар өмнөх дарга Б.Даажамбыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн тухай ЗГХМА-наас мэдээлсэн байдаг.
Уг нь  Б.Даажамба өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн ч тэр сул орон тоон дээр нь Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлах ёстой. Сонгон шалгаруулалт явагдаж дуусах хүртэл ажлыг нь өөр хүн түр хариуцаж байх хуультай юм байна.
Гэтэл Б.Даажамбыг явуулахдаа хаанаас ч юм, ямар “сонгон шалгаруулалт”-аар ч юм Б.Бат-Эрдэнийг шууд л зөрүүлээд томилсон байгаа юм. Улс төрд ингэхийг “хаалгаар биш тооноор орж ирэх” гэдэг байна.
Хэрэв Б.Бат-Эрдэнэд ЗГХЭГ-ын дэд дарга болох хүний шаардлагыг тавих юм бол эхнийхдээ л годройтох бололтой дог. Учир нь ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах ажил, албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, санхүү татварын чиглэлээр мэргэшсэн хүн очих шал¬гууртай юм байна.
Харин мань Б.Бат-Эрдэнэ насаараа намын ажил, хувийн бизнес хийж явсан байх юм. Тэрээр 1999-2001 онд “Excel Travel” ХХК, 2001-2002 онд “Airlink” ХХК-ийн Ерөнхий менежер, 2003-2010 онд “Silk road” ХХК-ийн Ерөнхий захирал, 2010-2011 онд “JCI Монгол”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2015 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 оны нэгдүгээр сараас 2015 оны зургадугаар сар хүртэл Шадар сайдын зөвлөх, 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга, 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх, 2017-2018 онд “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-ийн тэргүүнээр ажиллаж байжээ.
Намтраас нь харвал Б.Бат-Эрдэнэ төрийн албанд хоёр жил ажилласан үгүй юу л юм байна. Тэгэхээр сонгон шалгаруулалтад орсон бол яагаад ч тэнцэхээргүй нөхөр байгаа юм.
Гэсэн хэрнээ Б.Бат-Эрдэнэ одоо том гэж жигтэйхэн. Б.Бат-Эрдэнэ томилогдож очоод л  ЗГХЭГ-ын дэд даргын ажлын байрны тодорхойлолтыг өөрийн таалалд нийцүүлэн түүгээрээ Төрийн албаны зөвлөлийг дарамталж эхэлсэн байна. Одоо энэ орон тооноос болж Төрийн албаны зөвлөл лайгаа эдэлж байгаа мэдээлэл бий.
Товчхондоо, Б.Бат-Эрдэнэ жинхэлчих санаатай дарамтлаад л, нөгөөдүүл нь баталгаа­жуулахгүй татгалзаад нэлээд уджээ.
Үүнээс гадна Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргын албан тушаалд оногддог зарим төрийнг өмчит компанийн ТУЗ-д орж ажилладаг юм байна. Харамсалтай нь ТУЗ-д биш гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм шиг өдөр тутмын ажилд орж “самраад” зүгээр байлгадаггүй аж. Энэ тухай дараа өгүүлэх болохоор энэ удаад орхиё.
Б.Бат-Эрдэнэтэй холбоотой өөр олон мэдээлэл бий.
Юутай ч улс төрийн хүрээд, МАН-ынхан “У.Хүрэлсүх хүргэн Дэнзэнтэй болчихлоо” гэж ярьдаг болов.
Харин ЗГХЭГ, харьяа агентлаг, төрийн өмчит компанийнхан ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг “Сэрэлт” кинон дээр “…Чи аль газраас миний охины толгойг залгих гэж ирсэн амьтан бэ” гэдэг шиг агуулгаар өөр хоорондоо шивэр авир гээд удлаа.
Б.Дамдин-Очир
http://www.sonin.mn/news/politics-economy/95677

URL:

Сэтгэгдэл бичих