Буруутан нь “Бурмаагийн хууль” уу

15385619815bb497bd29a2e

Улстөржих, талцалын шинэ шалтгаан нь УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуультай холбоотой гарсан ҮХЦ-ийн дүгнэлт болоод байна. Сөрөг хүчнийхэн  “МАН ҮХЦ-тэй хуйвалдаж ийм шийдвэр гаргуулсан” гэх өнгө аястай үгийг санаатай санамсаргүйгээр амнаасаа унагасан нь нэг бус удаа.

Мягмар гарагт  УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо цэцийн саналыг хүлээж авах эсэх асуудлаар хуралдсан. Энэ хурал дээр гишүүн Б.Пүрэвдорж  “Ардын намынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа цэцээр ийм шийдвэр гаргуулсан” хэмээн хадуурч давхина билээ. Яг үнэндээ энэ тойргийн нөхөн сонгуульд МАН ялах ялагдах нь улс төрд онцын хамааралгүй бөгөөд гагцхүү намуудын сонгуулийн өмнөх рейтингийг л ямар нэг хэмжээгээр илэрхийлэхээс хэтрэхгүй.

УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Хаянхярваа ярилцлагадаа “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг МАН-ын бүлэг  хэлэлцсэн. МАН-ын бүлэг энэ асуудлыг дахин хэлэлцээд, Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн” гэжээ. ҮХЦ-тэй хуйвалдсан нь үнэн ингэж хэлэхгүй л дээ. Байнгын хорооны хурал ч ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Цааш ийм хандлагаар үргэлжлэх байх.

Энэчлэн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл Хэнтийн нөхөн сонгууль  цаг хугацааны хувьд наашилж болдогоороо болно. Үүнийг заавал улстөржүүлэх шаардлага байхгүй. Энэ сонгууль хойшлох, урагшлах нь аль нэг намд ашигтай аль эсвэл алдагдалтай гэх зүйл байхгүй. Гагцхүү тэнд сонгогчдын төлөөлөл, төрийн эрх мэдэлд оролцох иргэдийн эрх зөрчигдөж байгаа гэх талаасаа сонгууль хуулийн хүрээндээ болоосой гэсэн хүлээлт байгаа юм.  Энэ бол асуудлыг харах анхдагч өнцөг.

Нөгөө талаасаа нэг тойргийн нөхөн сонгуульд парламент болон ҮХЦ ийм зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа нь хууль тодорхой бус, яаж тайлбарлахаасаа шалтгаалан өөр өөр гаргалгаа байж болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хууль яв цав бус, салаа утга, хоёрдмол санаа агуулж байна гэсэн үг.

Тэгэхээр буруутныг хуулийн зохицуулалтаас хайх нь ажил хэрэгт илүү тустай байж таарна. Ер нь ч дээрхи хэлэлцүүлгийн явцад гишүүд ийм байр сууринаас хандсан нь илүүтэй.

Тэгвэл тэр “хэргийн эзэн” нь Сонгуулийн хууль. Монголд эрх зүйнхээ зохицуулалтын хувьд хамгийн тогтворгүй хувьсамтгай хууль бол Сонгуулийн тухай хууль.  Энэ хууль сонгууль бүрийн өмнө ёс юм шиг өөрчлөгдөж ирсэн байх юм. Хуулийг өөрчилнө гэдэг цагийн шалгуураар шалгагдсан боловсронгуй  зохицуулалтыг нэмж тусгаж,  болж бүтэхгүй байгааг нь сайжруулах зорилгыг агуулдаг. Энэ утгаараа олон дахин өөрчлөгдснийг нь тооцож үзвэл Сонгуулийн хууль хамгийн төгс төгөлдөр нь байх учиртай.  Гэвч тийм биш аж.

Өнөөгийн хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулийг 2016 оны сонгуулийн өмнөхөн яаран сандран баталсан. Гэхдээ хуулийг боловсруулахад Монголын улс төрийн намуудын идэвх оролцоо багагүй байсан юм даг. 2015 оны 12 дугаар сард баталсан энэ хуулийн суурь нь 2012 онд  шинэчлэн баталсан Сонгуулийн байсан юм санж. Түүнийг улстөрийн хүрээнд “Бурмаагийн хууль” хэмээн нэрлэдэг.

Энэ тухайд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг… Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу” гэжээ.

Монголын улс төрд  Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэсэн гурван  сонгууль бий. Эдгээр сонгуулийг тус тусад нь хуулиар зохицуулдаг байсныг  нэгтгэж нэгдсэн нэг хуультай болсон. Энэ нь хуулийн зүйл заалт төөрч мунгинах бас нэг шалтгаан болж байгаа аж. Хамгийн таагүй нь үүнийг дагасан улстөржилт шуурч байгаа явдал.

Парламент, ҮХЦ болон цаашлаад УИХ-д суудалтай намуудын байр суурины хайчин гал дунд байгаа тэр заалт бол “Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаа  өгөх” тухай  зохицуулалт юм. Харин энэ заалт нөхөн сонгуулийн тухайд цаг хугацааны тулгалтад ороод байгаа нь энэ.

УИХ-ын намрын чуулган хэлэлцэх асуудлын нэг нь Сонгуулийн тухай хууль. Дээрхи мэт “зэс нь цухуйгаад” байгаа заалтууд өөрчлөгдөх нь тодорхой байх. Харин бүр хууль зөрчин байж /Сонгууль болохоос 6 сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх ёсгүй/ 2016 оны 05 дугаар сарын 5-ны өдөр өөрчлөн зассан “Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна” гэсэн заалт бий. Энэ зохицуулалт Үндсэн хуульд бас бий. Тийм болохоор тогтолцооны хувьд, тухайлбал пропорционал элементүүдийг Сонгуулийн хуулиар оруулж ирэх боломж хэр байгаа вэ?

Хожим хойно энэ сэдэв бас нэг улстөржих шалтгаан болохгүй биз гэсэн болгоомжлол байна.

 М.Нэргүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих