КАДДАФИЙГ ХӨНӨӨСНИЙГ ЦЭРГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

МОСКВА./РИА Новости/. Олон улсын эрүүгийн шүүх Ливийн удирдагч асан Муамар Каддафийн амийг хөнөөснийг цэргийн гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэж байгааг ерөнхий прокурор Луис Морено-Окампо илэрхийлэв. Энэ тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.

Ливи улсыг 42 жилийн турш удирдсан Муамар Каддафи Сирт хотод Үндэсний шилжилтийн зөвлөлийн /ҮШЗ/ цэргийнхний гарт олзлогдож амиа алдсан юм. Каддафийн хамт түүний хүү Муатасем болон Батлан хамгаалахын сайд асан амь үрэгджээ.

«Каддафийн үхэл бол заавал тодруулах ёстой асуудлуудын нэг юм. Учир нь түүний амийг хөнөөснийг цэргийн гэмт хэрэг гэж үзэж болохуйц ноцтой сэжиг бүхий таамаг байгаа» гэж Морено-Окампо мэдэгдсэн байна.

Мөн цэргийн гэмт хэрэгт тооцож болохоор бүх хэргийг тэр дундаа ҮШЗ-ийн талынхны үйлдсэн байж болзошгүй хэргүүдийг мөрдөн шалгахыг хүссэн захидлыг Ливийн эрх баригчдад илгээгээд байгаа тухайгаа ерөнхий прокурор ярилаа.

Д.Жаргал

montsame


URL:

Сэтгэгдэл бичих