УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт санал хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хувьд УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн сонгогдсон тойрог Сэлэнгэ аймагт ажиллаж, тариаланчидтай уулзсан байна. Энэ үеэр хөдөө аж ахуйн бодлого, үйл ажиллагааны талаар хөндсөн олон тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлага байна гэж үзсэн байна. Тиймээс дараах саналаа ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлжээ.
Үүнд:
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэх асуудал:
ТЭДС-аас олгодог будааны урамшууллыг Борлуулалтын орлогоор тооцож 10%-ын НӨАТ авдгийг судлан, НӨАТ-аас чөлөөлөх талаар Сангийн яаманд санал оруулах.
ТЭДС нь аж ахуй нэгжүүдийн хүчин чадалд тохирсон техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх урт хугацааны бодлоготой болох.
Ганд өртсөн жил тариаланчдын ТЭДС-гаас авсан зээлийн хэмжээг багасгадаг, чөлөөлдөг байх зохицуулалт хийх.
Тариалангийн талбайг хашаажуулах зорилгоор сонгон шалгаруулалт явуулан 1 км хашааг 8.3 сая төгрөг буюу хэт өндөр үнээр барьж, тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэн өгч байгаа асуудлыг таслан зогсоож, хашаа барих ажлыг зах зээлийн бодит үнээр гүйцэтгүүлэх.
Нийлмэл бордоог импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрлийг тариаланчдад олгох эрх зүйн зохицуулалтыг сайжруулах.
Тариаланчдын улаанбуудайг төр худалдан авах асуудлыг цаашид судлан улаанбуудайн доод үнийг урьдчилан тогтоодог байх асуудлыг шийдвэрлэх.
Буудайны шинжилгээний хөндлөнгийн, хараат бус лаборатори байгуулах ажлыг судлан шийдвэрлэх.
Тариан талбайд хэрэглэж байгаа хорын зарцуулалтад хяналт тавих, ашигласан хорын савыг устгах, дахин ашиглахгүй байх аюулгүй ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах
ХХААХҮЯ-ны импортын квотын Улаанбуудайн оруулж ирэх хугацаа нь тариаланчдын гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай нийлүүлэх хугацаатай давхцаж дотоодын улаанбуудайн үнийг унагадаг байдлыг арилгах. Дотоодын улаанбуудайн нийлүүлэгдэж дууссаны дараа квотын Улаанбуудайн хэмжээг тогтоодог байх зохицуулалтыг хийх.
Газар тариалангийн асуудал эрхэлсэн бие даасан Засгийн Газрын агентлагтай болох асуудлыг судлах хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Иймээс ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг дээрх асуудлуудыг судлан хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллээр хариу өгөхийг хүссэн байна.
URL: