”Үхлийн” гудамжнаас эхэлсэн шөнийн сурвалжлага
Гурав хоногийн дараа идэр ес эхэлнэ. Гэр хорооллын дээгүүр нүүрсний хар хөх утаа униартан баруун хойноосоо салхинд цохиулан их хотын төв рүү манан мэт хөвнө. Энэ их утаа амьсгал давхцуулан, хоолой гашуу оргиулах аж.
Өвөл бүхэн л их хотын агаар ийм байдаг болохоор цээжнээс хар цэр ховхорч, уушгиар өвчлөгсдийн тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр л… Агаарыг бохирдуулах хорт утаа шөнийн цагаар сүнс мэт хотын тэнгэрийг бүрхэн байдгийг энэ шөнө л мэдлээ. Гэхдээ манай сурвалжлах хэсгийнхэн хорт утааг бус хотын гудамжинд хөлдөж, гэмтэгсдийг сурвалжлахыг зорилго болгосон юм. Монголын хүн амын 50 гаруй хувь амьдардаг нийслэлийн минь шөнийн өнгө, амьдралыг аялгуутай зүйрлэх юм бол гуниг харууслын эгшиг гэлтэй. “Нарантуул” худалдааны төвийн нэг өдрийн ажил тарж, хөдөө орон нутгийг зорих ачааны болон нийтийн тээврийн машин аян замдаа гарлаа. Нэг үгээр хэлбэл “Нарантуул” худалдааны төвийн хөл хөдөлгөөн зогсож үдшийн бүрий буужээ. Халдвартын эмнэлэгийн өмнөх автобусны буудал л дүүрэн хүнтэй харагдана. Энэ газрыг зарим нь “Үхлийн гудамж” гэж нэрлэдэг ажээ. Учир нь “Нарантуул” зах дээр өдрийг өнгөрөөдөг гэр оронгүй хүмүүс, архичдын дийлэнх нь шөнийн цагаар Халдвартын эмнэлэг, “Нарантуул” зах хоёрын хооронд осгож амь насаа алдах, эсвэл тахир дутуу болдог юм байна. Биднийг очиход Халдвартын эмнэлгийн буудал дээр хоёр согтуу хүн уначихсан хэвтэж байлаа. Тэднийг татаж босгоод гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч өөрсдөө татгалзав. Хөдөлгөөнт эргүүлийхнийг дуудаж өгье гэтэл бас л дургүйцлээ илэрхийллээ. Хоёулаа очих оронтой, идэх хоолтой байж очихгүй гэх нь сонирхолтой. Нэгийг нь автобусанд суулгаж өгөөд нөгөөг нь суулгах гэтэл хөлийнх нь шөрмөс татаж нэлээд сандаргалаа.
Ойртвол архины эхүүн үнэрт хамар сэтрэх шахна. 40 гаруй насны хоёр хүн хоолны мөнгө олно гэж өглөө гэрээсээ гарсан нь энэ юм байна. Харин ходоодоо найруулсан спиртээр баярлуулчихаад халаасандаа нэг ч төгрөггүй буцаж байгаа нь харамсалтай. Иймэрхүү согтуу, хөлчүү хүмүүс хотын хүн амын хэдэн хувийг эзэлдэг бол гэж бодохоор бухимдал төрнө. Ар гэрт нь хэчнээн хүүхэд өлөн зөлмөн, аавыгаа ирэхийг хүлээж, хөлийн чимээ чагнан үе үе хаалга уруугаа харж суугаа бол. Эрүүлдээ түлээ нүүрс, хоол ундны юм цуглуулж ирнэ гээд гэрээсээ гарсан аав нь сархад зоогчлочихоод хоёр хөл дээрээ тогтож ядан зогсох нь нэн эмгэнэлтэй. Автобусны буудлын өмнөх дэлгүүрийн эзнээс зарим зүйл тодруулахад үнэхээр л “Үхлийн гудамж” ч юм уу гэж бодогдлоо. Энэ орчимд хүйтний улирал эхлэхээр жилд доод тал нь таван хүн осгож үхдэг гэнэ. Мөн 10-20 гаруй хүн хуруу гараа тайруулж, цагдаа, эмнэлгийн ачаар амьд үлддэг байна. “Нарантуул” гэж- овсгоотой нэгийг нь хөлжүүлдэг, арчаагүй нэгийг нь үхэл рүү илгээдэг газар бололтой. Араасаа ордог ихэнх хэсгийг нь цөм цохиод хаячихсан бетонон хашааны үүднээс эхлээд мөрийтэй тоглоомчид, “найрка” уудаг хүмүүс, айл амьтны хаягдал цуглуулж түүнийгээ ганц хоёр зуун төгрөгөөр борлуулах гэсэн бага гарын наймаачид эмх цэгц муутай эзэгтэйтэй айл шиг хөглөрнө.
Шөнийн эхлэл өглөө байдаг. Өглөө нь “Нарантуул” дээр 200 төгрөгтэй ирсэн архичин байгаа мөнгөөрөө нэг шил “найрка” авч уугаад л ажлаа эхэлнэ. Магадгүй тэр нь шөнө осгох, үхэх ч аюулд хүргэж болох юм. “Нарантуул”-ын ойролцоохь “Үхлийн гудамж”-наас хөдөлсөн бид “Барс” зах, Вокзал хавиар ажлаа үргэлжлүүллээ. Санасныг бодвол энэ хавиар арай л амгалан юм. Амьдралын зорилгогүй архичин ч гэлээ хүн л юм хойно дулаан газар бараадаж хоноглохоор ийш тийш явсан бололтой. Баасан гаригийн шөнө эсвэл байгууллагуудын шинэ жил болж байгаа болоод ч тэрүү хотын гудамжинд цагдаагийн шөнийн эргүүлийнхэн сайн ажиллаж байсан. Хаана л явна хөдөлгөөнт эргүүлийн машинууд гэрлэн дохио гялалзуулан давхиж харагдана. Гэр оронгүй тэнэмлүүдийн өдрийг өнгөрөөдөг газар нь “Нарантуул”, “Хархорин”, “Хүчит шонхор” зэрэг зах. Тиймээс шөнийн бор хоногийг түүнийхээ ойролцоо өнгөрөөнө. Иймээс бид “Хархорин” захын ойролцоо байрлах хэд хэдэн цайны газар, 24 цагийн дэлгүүрээр орлоо. “Хархорин” үйлчилгээний төвийн ард байрлах “Хаан бууз” нэртэй цайны газар 24 цагийн үйлчилгээтэй аж. Тиймээс тэнэмэл гэх тодотголтой хүмүүс уг цайны газар орж ирж дулаацах, унтах тохиолдол их гардаг юм байна. “Хаан бууз”-ынхан үйлчилгээний газар болохоор тийм хүмүүсийг оруулж ирээд орогнуулаад байх дургүй. Орж ирсэн хүмүүс тэр дороо л хөөгдөөд гарчих юм. Харин 03:00 цагаас хойш бага насны хүүхэд юм уу, тахир дутуу хүмүүсийг хаалганыхаа орчимд байлгадаг “хүн чанартай улс” ажээ. Тэр хумүүс нь ч бараг сурчихсан гэхэд болно. Цагаа болохоор орж ирээд ямар ч хэл ам хийлгүй усан халаагуурын хажууд цаас дэвсэн цагиргалж хэвтээд л унтчихдаг бололтой. Ер нь I хороолол орчмын гэр оронгүй хүмүүсийг тухайн газар нутагт үйлчилгээний ажил эрхэлж байгаа байгууллага, хувь хүмүүс бүгд таньдаг болчихсон юм байна. Зарим “тэнэмэл”-үүд хогийг нь асгаж, гаднах орчинг нь цэвэрлэчихээд орж хоноглодог ажээ. Тухайлбал “Хаан бууз”-анд байрлах нэг хүүгээс лавлавал, тэрбээр гурав дахь жилдээ энэ хавиар тэнэж, хүний хаягдал хоол идэж, гуйлга гуйж өдрийг өнгөрүүлж байгаа юм байна. Аав, ээж гэх хүн байхгүй. Хамаатнууд нь эрж хайж гэр орондоо аваачих нь бүү хэл хүүг хараад өөрсдөө зугтдаг гэнэ. Тиймээс түүнд хүнд итгэх итгэл гэж байхгүй болсон бололтой. Эв нь таарвал хулгай хийдгээ ч нуусангүй. Цагдаагийнхан түр саатуулах байр, хүүхдийн асрамжийн газар хүргэж өгдөггүй. Тийшээ ч очих хүсэл байдаггүй ажээ. Энэ орчинд гардаг эргүүлийн цагдаа нараа таньдаг болчихсон аж. Тэр ч бүү хэл хоёр ч удаа хулгайн хэрэг илрүүлж өгсөн тухай ярьсан юм. Харин хулгайч барьж өгсөний “шагнал” болгож цагдаа нар хариуцсан газраасаа хөөж туудаггүй байна. Хүйтний улиралд хамгийн их ачаалалтай ажилладаг байгууллагын нэг нь “Түлэнхийн төв”. Тиймээс энэ эмнэлгийн дэд захирал Б.Бат-Оргилтой ярилцлаа.
-Шинэ он дөхөхөөр архидан согтуурах үйлдэл ихэсч осгож амиа алдах хүний тоо олширдог. Өнөөдрийн байдлаар танай эмнэлэгт осголттой хэчнээн хүн ирээд байна вэ?
-Манай эмнэлэгт хоногт дунджаар 30-50 хүн хүргэгдэж ирдэг. Өвлийн улирал болохоор осгосон, хөлдсөн байдаг. Архиндаа дийлдэж, хөдөлж чадахаа больсон нэгнийг эргүүлийн цагдаа нар манай эмнэлэгт хүргэж ирдэг юм. Эрүүлжүүлхийнхэн “Осгосон байна” гээд авдаггүй. Гэтэл тэр хүн нь согтуу л байдаг. Тэгээд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд эрүүлжүүлэн өглөө нь гаргадаг. Нөгөө талаар манай эмнэлэг эрүүлжүүлэх байр шиг л болдог гэх үү дээ. Харин осгосон болон хөлдсөн хүмүүсийг эндээ үлдээж эмчилдэг юм. Шаардлагатай гэвэл мэс ажилбар хийдэг.
-Осгоогүй хэр нь согтуу хүмүүс танайд шөнө бур хонодог уу?
-Шөнө бүхэн л орилсон, хашгирсан хүн ирдэг. Хааяа нэг нам, жим өнгөрдөг шөнө бий. Гэхдээ тун ховор.
-Хамгийн түрүүнд хүний аль эрхтэн хөлддөг вэ?
-Хөл, гарын хуруу, хамрын үзүүр, чих зэрэг эрхтэн хамгийн эхлээд хөлдөнө. Хуний мөс муудсан өнөө үед халамцуу, согтуу яваа хүнийг цохиж унагаад хувцсыг нь тайлаад авчихдаг. Тэр бүү хэл архи уугаагүй эрүүл явж байгаад хувцас хунараа дээрэмдүүлж түүнээсээ улбаалан хөлдсөн хүмүүс ч ирдэг. Гудамжинд цохиулчихаад ухаан алдчихсан хэвтэж байхад нь харсан хүн “Нөгөө л гудамжны архичид” гэж бодоод тоодоггүй. Түүнээс болж гар, хөлөө тайруулах нь бий. Мөн унадаг, татдаг өвчтэй хүмүүс осгож хөлддөг. Тийм хүмүүс хараа хяналтгүй газар ганцаараа явж байгаад гэнэт өвчин нь хөдлөөд татаад уначихдаг юм билээ. Үүнд сэтгэцийн өвчтэй хүн ч багтана. Учир нь сэтгэцийн өвчтэй хүн даарч байгаагаа мэддэггүй. Хашаа, байшингийн буланд бээрчихсэн сууж байхад нь эргүүлийн цагдаа олж авчирна. Ийм хүмүүс манай эмнэлэгт нэг, хоёр cap ч болдог. Учир нь гэрээ мэддэггүй болохоор холбогдох хүн олдтол нь байлгадаг юм. Тиймээс хүйтний эрч чангарч буй өнөө үед иргэд маань хэвтэж, сууж байгаа хүнийг согтуу, эрүүл байх нь хамаагүй холбогдох байгууллагад мэдэгдэх хэрэгтэй.
-Танай эмнэлэгт гар, хөлөө тайруулсан хүн олон эмчлүүлж байгаа юу?
-Олон бий. Гар, хөл улмаар дөрвөн мөчөө тайруулсан хүн ч байгаа. Пүрэв гаригт гэхэд л зургаан хүн хагалгаанд орсон. Гар, хөл нь харлаад тайрахаас өөр аргагүй болчихсон хүмүүс байсан. Манай эмнэлэгт орон гэргүй, тэнэмэл олон хүн эмчлүүлж байна.
-Дунджаар хэдэн насныхан байдаг вэ?
-Голдуу залуучууд байдаг. Шинэ жил ойртох тутам оюутан, сурагчид ирэх нь ч бий. Ер нь хэн ч осгож, хөлдөж болно. Орон нутгаас ч хүмүүс ирдэг. Малдаа явж байгаад осгох ч юм уу, аль эсвэл жолооч нар хээр суугаад хөлдөх тохиолдол их гардаг.
-Өвчнөө даалгүй нас барах тохиолдол хэр байдаг вэ?
-Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ амьтай байж байгаад нас барах тохиолдол их шүү дээ. Хамгийн гол нь хүмүүс архиа хэтрүүлэн хэрэглэхийг л болимоор байна.
-Дөрвөн мөчөө тайруулсан гэр оронгүй хүнийг танай эмнэлэг асрамжид өгдөг үү?
-Тийм хүний асуудал маш хүнд. Өөрөөр хэлбэл, асрамжийн газар авдаггүй. Ер нь авах байгууллага олддоггүй юм. Бид тийм хүмүүсийг эмнэлэгтээ өвөлжүүлээд хавар болохоор нэг, нэг тэргэн дээр суулгаад л явуулахаас өөр аргагүй. Өвөлжихдөө өрөөнд архи уугаад байдаг юм. Тэр бүү хэл асрагч, сувилагчдыг загнаад зориудаар орондоо бие засдаг. Маш их хүндрэлтэй, хагас зэрлэгшчихсэн хүмүүсийг л эмчлэх гэж зүтгэж байна шүү дээ. Жаахан ширүүхэн хандах юм бол “Энэ эмч, сувилагч намайг зодлоо, аллаа” гэж орилоод хамаг хүний анхаарал татна. Хүмүүс “Болиоч Та нар. Хөөрхий амьтныг яах нь вэ. Тангараг өргөсөн эмч хүн байж” гээд л бөөн юм болно шүү дээ.
-Танайх өөр бусад эмнэлэгтэй холбоотой ажилладаг уу?
-”Энэрэл” эмнэлэгтэй холбоотой ажилладаг. Тэднийд хүргэгдэж ирсэн хүмүүс манай эмнэлэгт хагалгаанд ордог. Харин манай эмнэлэг оронд нь хөнгөн эмчилгээтэй гэр оронгүй хүмүүсийг тийш нь шилжүүлэх тохиолдол байдаг.
Гудамжинд алхаж явахад хоёр гарынхаа хурууг тайруулчихсан хэн нэгэн өмнөө 50 төгрөгийн үнэтэй шар тор тавьчихсан буруу, зөв хоолойгоор янз бүрийн дуу хольж дуулахтай олон таардаг. Уг нь эцэг эх нь тэр хүмүүсийг эрхтэн бүтэн төрүүлж, өндийлгөсөн. Гэтэл өөрийгөө хайрлаагүйгээс, ээж аавынхаа заяасан цогц биеийг тахир дутуу болтол нь хар ус гударсан хүнд бид хэчнээн төгрөг өгөөд, хэчнээн их анхаарал тавиад ч нэмэргүй болсон мэт санагдана. Хатуухан хэлбэл энэ хүмүүсийг нөгөө ертөнц рүү шууд л илгээчихвэл амар биз. Ингэж хэлэх нь зүйд нийцэхгүй л дээ. Хүний эрх, хууль тогтоол яригддаг нийгэмд сэтгүүлч хүнд ингэж хэлэх нь бүү хэл бодох ч эрх байж болохгүй. Гэхдээ л хөлдсөн эрхтэнд нь аргагүйн эрхэнд мэс ажилбар хийчихээд дулаан байрандаа өвөлжүүлээд гаргадаг дээрх эмнэлэг ямар асрамжийн газар биш дээ. Тэгээд ч эмнэлгийн өвчтөний ор хүрэлцэхгүй өнөө үед хөөгөөд л гаргахаас биш яах ч билээ. Үүнд хүний эрх хөндөгдөж байна гэж хэлэх буруу мэт санагдана. Архичин ч гэсэн үр минь гэдэг эхийн сэтгэлээр улс орны удирдлагууд “архи”-чидаа нэгэнт л орон гэртэй болгож хараа хяналт тавихгүйгээс хойш хүний эрх яриад ч яах юм билээ.
Эр, эмээ ч ялгахгүй болтлоо согтсон бололтой
“Хархорин” захын арын замын уулзвар дээр гурван согтуу машины өмнүүр гүйж ороод мөргүүлж цагдаа шүүх дээрээ тулан хэрэлдэж байхтай бид таарав. “Аксент” маркийн автомашины жолооч залуу “Зөөлөн явж байхад Та нар урдуур гүйсэн шүү дээ. Тэгээд зориуд машины урд унаа биз дээ” гэх. Согтуучууд энэ үгийг нь огт тоож байгаа шинж алга. Зөв, буруугаа хэлэлцэн хэрэлдэж байхад азаар эргүүлийн хоёр цагдаа ирэв. Согтуу хүүхнүүд хараал урсгахын зэрэгцээ “Муу новшнууд минь цагдаатайгаа нийлээд хүн алах нь уу. Чаддаг юм бол тэг. Ямар ч байсан Та нараас мөнгө салгана” гэж дайрч жолооч, цагдааг ялгалгүй цохиж, хэл амаар доромжилно.
…Хөл нь дэлхийгээ олохгүй тэмтчиж…
Хэл нь тагнайгаа олохгүй дультчиж… хэмээх шүлгийн мөр энд яг тохирох мэт. Хоёр хүүхний нэг нь өөрийнхөө эр, эмийг ч ялгахаа больтол согтсон бололтой. “Ахын дүү битгий хуцаарай. Би эрүүл байна. Намайг яахаараа дайрдаг юм бэ” гэж орилоно. Их удвал биднийг хүртэл зодох янзтай болов. Хэрэг явдлын учрыг хоёр цагдаагаас асуувал “Дүрмээрээ явж байсан машины урдуур өөрсдөө гүйж орчихоод мөнгө нэхээд байгаа юм. Тэгээд бас согтуу. Уг нь энэ жолооч салахын тулд 10 мянган төгрөг өгье гэсэн чинь дайраад салахгүй байна” гэв. Ямартай
ч биеэ авч явах чадваргүй ч нүдэнд нь мөнгө харагдсан бололтой. “Дайруулж байгаад хэдэн төгрөг салгах гэсэн согтуу хүн шөнийн цагаар олон байдаг” хэмээн цагдаа нар ярьж байлаа. Согтуу хүүхнүүд үүнээсээ болж эрүүлжүүлэхийн хаалга татах нь дамжиггүй боллоо. Эргүүлийн хоёр цагдаа оройноос хойш хэд хэдэн хүнийг эрүүлжүүлэхэд хүргүүлж, мөн олон хүнийг харгалзах хүнийх нь хамт гэрт нь хариулсан гэнэ. Энэ шөнө хүмүүсийн хэлдгээр “Баасан ахын төрсөн өдөр” болохоор ийм үзэгдэл хотын гудмаар л нэг байлаа. Тэр дундаа оюутан, залуус архидан согтуурах, маргалдан зодолдох бол байх л ёстой асуудал мэт. Ер нь хүн төрөлхтөний цорын ганц дайсан нь архи согтууруулах ундаа болсон гэлтэй. Тэр дундаа манай улсын хүн амын олонхи нь архинд живсэн гэж хэлбэл хилсдэхгүй л болов уу. Манай улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэр байдаг аж. Олон улсын судалгаагаар тухайн орны нэг хүнд ногдох архины жилийн хэрэглээ есөн литрт хүрвэл үндэсний хэмжээнд аюул учирлаа хэмээн үздэг байна. Гэтэл Монголд өнөөгийн байдлаар нэг хүний жилийн хэрэглээнд 28 орчим литр архи ногдож байгаа нь аюул нүүрлээд зогсохгүй бүр аюулын харангыг чихэн дээр нүдээд байгаа юм биш үү. Энэ тухай манай сонин маш олон удаа бичиж байгаа ч албаны хүмүүсийн сонорт хүрч буй эсэхийг нь мэдэхгүй юм. Хүйтний эрч чангарсан ойрын өдрүүдэд нийслэл болон орон нутагт золгүй байдлаар амиа алдах тохиолдол нэмэгдсэнийг цагдаагийн байгууллаагынхан ч хэлж буй. Энэ шөнө ч “Түлэнхийн төв”-д архи хэтрүүлэн хэрэглэж осгосон хүмүүс ирсээр л… Ийнхүү шөнийн Улаанбаатар маань архичдын хот болоод уджээ.
Траншейны “танк”-ууд орцонд хутга гарган танхайрсаар л байх уу
Сүүлийн”-үед траншейны -гэгдэх “тэнэмэл”-үүд орон сууцны орц бараадаж хонодог болжээ. Ингэхдээ оршин суугчдыг айлгах, сүрдүүлэх нь хэрээс хэтэрч байгаа. Иймэрхүү эрх дураараа авирлагчид “Хархорин” захын хойд байрууд болон Цамбагаравын ойролцоохь орон сууцуудаар цуглардаг гэнэ. Бид тэр хавиар очсон боловч “бөбөөчид” буюу хүмүүсийн хэлдгээр “танк”-ууд цуглаагүй байлаа. 32 дугаар байрны 9, 10 дугаар орцонд байсан хэдэн “танк”-ыг цагдаа нар бариад явсан тухай орцны жижүүр нь хэлсэн юм. Мөн эдгээр “танк”-ууд “Хархорин”-ы урд талын дулааны шугам сүлжээ барааддаг сурагтай. Харин тэд амрах газраа очихоосоо өмнө үүр цайтал хулгай, дээрэм хийдэг бололтой. Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байранд тэнүүлчид хоноглодог тухай өмнө нь тэндхийн оршин суугчид ярьж байсан. Үүний дагуу 02.00 цагийн үед тус байранд очив. Уг байрны доод гараашид оршин суугчдын машины зогсоолыг зохицуулан оруулдаг гурван залуу ажиллаж байлаа. Тэдний хэлснээр есөн давхар байрны голынх нь орц түгжээтэй болохоор хоёр талынхад нь “танк”-ууд хоноглодог гэнэ. Шөнө дунд, үүрээр, заримдаа бүр өдөр ирж ордог аж. Тэд таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй ирдэг бөгөөд хөөж туусан хүнийг “Ална шүү. Бид бол шийдсэн улс” хэмээн дарамталдаг гэнэ. Тэр ч бүү хэл өмнө нь гараашид ажиллаж байсан нэг залуу тэдний нэгэнд нь хутгалуулсан байна. Жижүүр залуус “Танк”-уудыг түрүүхэн хөөгөөд явуулсан. Хөөгөөд гаргах гэхээр хутга гаргаж байна билээ.
Бидэнд ямар бие хамгаалах зүйл байх биш. Цагдаа л дууддаг юм. Ингэхдээ цагдаа нар ирдэггүй хэмээж байв. оршин суугчдыг нь хэрээс хэтэрч байгаа. Иймэрхүү эрх дураараа авирлагчид “Хархорин” захын хойд байрууд болон Цамбагаравын ойролцоохь орон сууцуудаар цуглардаг гэнэ. Бид тэр хавиар очсон боловч “бөбөөчид” буюу хүмүүсийн хэлдгээр “танк”-ууд цуглаагүй байлаа. 32 дугаар байрны 9, 10 дугаар орцонд байсан хэдэн “танк”-ыг цагдаа нар бариад явсан тухай орцны жижүүр нь хэлсэн юм. Мөн эдгээр “танк”-ууд “Хархорин”-ы урд талын дулааны шугам сүлжээ барааддаг сурагтай. Харин тэд амрах газраа очихоосоо өмнө үүр цайтал хулгай, дээрэм хийдэг бололтой. Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байранд тэнүүлчид хоноглодог тухай өмнө нь тэндхийн оршин суугчид ярьж байсан. Үүний дагуу 02.00 цагийн үед тус байранд очив. Уг байрны доод гараашид оршин суугчдын машины зогсоолыг зохицуулан оруулдаг гурван залуу ажиллаж байлаа. Тэдний хэлснээр есөн давхар байрны голынх нь орц түгжээтэй болохоор хоёр талынхад нь “танк”-ууд хоноглодог гэнэ. Шөнө дунд, үүрээр, заримдаа бүр өдөр ирж ордог аж. Тэд таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй ирдэг бөгөөд хөөж туусан хүнийг “Ална шүү. Бид бол шийдсэн улс” хэмээн дарамталдаг гэнэ. Тэр ч бүү хэл өмнө нь гараашид ажиллаж байсан нэг залуу тэдний нэгэнд нь хутгалуулсан байна. Жижүүр залуус “Танк”-уудыг түрүүхэн хөөгөөд явуулсан. Хөөгөөд гаргах гэхээр хутга гаргаж байна билээ. Бидэнд ямар бие хамгаалах зүйл байх биш. Цагдаа л дууддаг юм. Ихэнхдээ цагдаа нар ирдэггүй” хэмээж байв. Тэднийг дагаад есөн давхарт нь гартал ус татдаг моторны гэх сараалжин торон хаалгатай нэр өрөө байх аж. Тэнд цаасан хайрцаг задлаад дэвсчихсэн, шээсний үнэр нь хамар сэтлэм байлаа. Мөн шар айрагны шил, хагасалж уусан ундааны сав зэрэг байгаа нь саяхан “танк” байсныг гэрчилж буй хэрэг. Зарим үед хэт согтсон “танк” айлын хаалга налж унтаад онгойлгуулахгүй зовлон болдог гэнэ. Үүнийг эрхэм дээдэс дариухан арга хэмжээ авч зохицуулахгүй бол айлын жаахан хүүхэд, эмэттэйчүүд ч гэмт хэргийн хохирогч болоход ойрхон байна буc уу.
Сурвалжлагыг В.Нэргүй, М.Наранболд
URL: