Америкийн томоохон банкууд кибер халдлагад өртөх нь ихэсчээ
АНУ-ын эрх баригчид “Bank of America”, “Citigroup”, “JPMorgan Chase” болон “Wells Fargo” гэх мэт томоохон банк, санхүүгийн байгууллагуудад хандаж хууль бусаар системд нь нэвтрэх оролдлогуудад бэлэн байхыг зөвлөсөн байна.
Энэ нь сүүлийн ганцхан долоо хоногийн хугацаанд Америкийн томоохон хэд хэдэн банкны эсрэг хийгдсэн кибер халдлагын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмж юм байна.
“The Wall Street Journal”-ынхан энэ тухай мэдээлсэн бөгөөд хакерууд банк санхүүгийн байгууллагуудын компьютерийн сүлжээн дэх хамгаалалт сул газруудыг эрж хайж байгаа нь тодорхой хэмээн тэмдэглэсэн байна. Холбооны эрх баригчид түүний дотор АНУ-ын Сангийн яамныхан банк санхүүгийн байгууллагуудад системийнхээ хамгаалалтыг чангатгаж, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.
Томоохон банкуудын мэдээллийн санд хууль бусаар халдсан хэрэг гарвал энэ нь зах зээлийг тогтворгүйжүүлэхэд хүргэнэ гэж болгоомжилж байгаа юм. Мөн өнгөрсөн есдүгээр сард мэдээллийн аюулгүй байдлын шинжээчид сүүлийн нэг жилийн хугацаанд хакерууд криптовалют нууцаар үйлдвэрлэхийн тулд бусдын компьютерийг ашиглахын тулд хорт программ хангамжийг илүү ихээр хэрэглэх болсныг анхааруулжээ.
URL: