Залилан мэхлэгч Г.Өлзийдүүрэнгийн өмгөөлөгчөөр ажиллаж байна
Саяхан болж өнгөрсөн МӨХ-ны хурал дээр олон зуун мянган өмгөөлөгчийн өмнө өмгөөлөгчдийг ёс зүй, сахилга хариуцлагатай байх талаар мэдэгдэл хийж байсан МӨХ-ны ерөнхийлөгч Б.Ганбаатар залилан мэхлэгч Г.Өлзийдүүрэнгийн өмгөөлөгчөөр ажиллаж байна
Хохирсон болоод алдаж, эндсэн иргэд ямар учраас өмгөөлөгч хөлсөлдөг вэ. Хуулийн хүрээнд хохирсон эрхээ хамгаалуулах, хууль, эрх зүйн талаарх мэдлэг, ойлголт дутуугаа өмгөөлөгчийн мэдлэгээр нөхөж, хамгаалуулах гэж, гэм буруугаа үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд мөн өөрийн гэмт үйлдэлдээ өмгөөлөгчийнхөө тусламжтайгаар зүй ёсны бөгөөд тохирсон хариуцлагыг хүлээх гэж хөлсөлдөг. Энэ ч үүднээс хуульч, өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хамгаалуулж болох бүх эрх зүйн боломжийг хуулийн хүрээнд тодорхойлж, тэр дагуу өмгөөлдөг. Энд онцлох өөр нэг чухал зүйл нь үйлчлүүлэгчийнхээ гэм буруутай үйлдлийнх нь хариуд хуулийн хүрээнд хүлээх хариуцлага, ял шийтгэлийг нь үнэн зөвөөр хэлж, ойлгуулах нь өмгөөлөгчийн ёс зүйн нэг эрхэм үүрэг мөн. Гэвч үйлчлүүлэгчийнхээ гэм бурууг өөгшүүлж, “Би үүнийг зохицуулж, хариуцаж чадна. Ямар ч асуудлыг ял шийтгэлгүй гаргаад өгчихнө” гэх мэтээр итгэл төрүүлэн, зарим тохиолдолд прокурор, шүүхийн танил талдаа нөлөөлөх байдлаар хуульч, өмгөөлөгчийнхөө ёс зүйн болоод бусад хууль, үүрэг, хариуцлагыг уландаа гишгэдэг тохиолдол цөөнгүй гардаг болсон. Үүний нэг жишээ нь сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаж буй “Эрдэнэ зам” компанийн гэх хэрэг гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Тодотговол, “Эрдэнэ зам” компанийн захирал гэгдэж буй Г.Өлзийдүүрэнг өмгөөлж буй өмгөөлөгчдийн баг түүнд гэм бурууг нь хэлж ойлгуулах бус хууль бус үйлдлийг нь улам өөгшүүлж, бүр хамтдаа луйвар хийх боломж хайж оролдож, санаархаж байгааг хохирогч талаас анхааруулсаар байгаа юм. Учир нь Г.Өлзийдүүрэн гэгч нь “Бишрэлт” Группийн охин компани “Эрдэнэ зам” компанийг группийн удирдлагуудад итгэл олох замаар арга мэх зохион төөрөгдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бүх хувьцаа, эд хөрөнгийг завшсан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэгэн билээ. Тэрбээр “Эрдэнэ зам” компани “Бишрэлт холдинг” компанийн охин компани гэж явдаг, компанийн хувьцааг МАН-ын гишүүн эзэмшиж байгаа болохоор Ардчилсан нам засаг барьж байгаа нөхцөлд тендерт шалгарах боломжийг хааж байна. Үүнээс болоод энэ компани нэг ч тендерт ялахгүй байна. Тиймээс “Эрдэнэ зам” компанийн хувьцаа эзэмшигчдийг өөрчлөх хэрэгтэй” гэж удаа дараа хэлж ятгасанаар “Бишрэлт холдинг” ХХК-ийн захирал, өөрийн дүү Д.Энхжаргалын хувьцааг нь зуун хувь эзэмшиж байгаа “Нью Даниста Рөүд Энд констракшн” компанийн мэдэлд “Эрдэнэ зам” компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн байдаг. Гэхдээ эргээд компанийн хувьцааг 100 хувь эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр эрх үүргийг шилжүүлэн өгсөн байна. Гэсэн ч удалгүй Г.Өлзийдүүрэн нь мөн л “Бишрэлт холдинг” компанийн захиралд хандаж, “Эрдэнэ зам” компанийг хувьцааны хамт миний нэр дээр 100 хувь шилжүүлчих. Том тендерт ялах боломжтой болчихоод байна. “Бишрэлт холдинг” болон “Нью Даниста Роүд Энд констракшн” компани шаардсан үед компанийн хувьцааг 100 хувь, үл маргах журмаар буцааж өгнө гэжээ. Ингээд 2016 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэнгээр бичгээр баталгаа гаргуулан, гэрээ байгуулж “Эрдэнэ зам” компанийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх энгийн хувьцааны хамт Г.Өлзийдүүрэнд шилжүүлэн өгсөн байна. “Бишрэлт холдинг” компани ингэж л Г.Өлзийдүүрэн гэгчид 20 тэрбум гаруй төгрөгийн хувьцаатай компаниа бэлэглэлийн журмаар “Нью Даниста Рөүд Энд констракшн” компаниар дамжуулан өгчээ. Өөрөөр хэлбэл, энэ явдлаас хойш тус компани Г.Өлзийдүүрэнгийн мэдэлд очиж, компаниа буцаан авах гэсэн “Бишрэлт” холдингийнхон хууль, хяналтын байгууллагын үүд сахих болсон байна. “Ажилтай болох, олон зуун ажилчдын эрх ашгийг бодох хэрэгтэй” гэх үгсээр хууран мэхэлж өөрийн болгосон этгээдээс охин компаниа олж авах гэж “Бишрэлт” группийнхэн хоёр шатны шүүхээс “Эрдэнэ зам” компани нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн охин компани мөн” гэсэн шийдвэр хүлээн авсан ч Г.Өлзийдүүрэн давж заалдсаар байгаа аж.
Г.Өлзийдүүрэн найзынхаа өмч хөрөнгийг луйвардахын тулд бусдын зовлонг ашиглаж “Нью Даниста Рөүд Энд констракшн” ХХК-ийн захирал Д.Энхжаргалын гэнэтийн үхэл зовлонг ашиглаж бусдын өмчийг өөрийн хэмээн жишим ч үгүй хэлж, давж заалдсаар байгаагийн цаана Монгол Улсын хууль тогтоомжийг ёсчлон мөрдөх үүрэгтэй хуульчид, өмгөөлөгчид байгаад юм. Өөрөөр хэлбэл, нэр бүхий өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ хууль бус зүйл хийснийг нь мэдсээр байж өөгшүүлж, хамгаалсаар байгаа гэсэн үг.
Тодруулбал, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар 10 орчим өмгөөлөгчийн хамт Г.Өлзийдүүрэн гэгчийг өмгөөлж байгаа аж. Зүй нь бол Монголын хууль ёсыг сахиулах үүрэг, хариуцлага хүлээсэн хуульч, өмгөөлөгч, тэр дундаа өмгөөлөгчдийг толгойлж байгаа хүний хувьд бусдыгаа үлгэрлэн манлайлж, өндөр ёс зүйтэй байж, үйлчлүүлэгчийнхээ гэм бурууг хэлж ойлгуулж, зөв жишиг тогтооход үлгэрлэх ёстой баймаар. Түүнийг ямар хэрэгт, хэрхэн ажиллаж байгааг шинэ залуу төдийгүй бусад хуульч ажиглаж, харж байгаа байх. Б.Ганбаатарыг туршлагатай өмгөөлөгч гэдгээс нь гадна Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч хэмээх нэр хүндтэй албыг хашиж байгаагийн хувьд бусдадаа хэрхэн үлгэрлэхийг харах л үлдлээ. Тиймээ. Олон зуун мянган өмгөөлөгчдийн ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн байхад МӨХ-ны ерөнхийлөгч Б.Ганбаатарын энэ үйлдэл хэрхэн нөлөөлөх вэ? Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар бусдын итгэлийг ашиглан найзынхаа компанийг залилан мэхэлж авахыг санаархаж буй Г.Өлзийдүүрэнг хэрхэн өмгөөлж байгаа, түүнийг хуулийн хүрээнд зөв өмгөөлөл үзүүлж чадаж байна уу гэдгийг олон мянган өмгөөлөгчид харж байгаа. Энэ зөв үлгэр дууриалал, манлайлал мөн үү.
Б.ТӨМӨР
URL: