“Feiye” компанид үйлдвэрлэсэн тоолуурыг хилээр нэвтрүүлэхгүй байхыг үүрэгджээ
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоонд загварын туршилтад хамрагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн Швед, ОХУ, Япон, ХБНГУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ба гурван фазын 69 загварын тоолуурыг ашиглаж байгаа. Тэгвэл үүний 54 загвар буюу 78.3 хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн тоолуурууд байдаг аж.
Манай улсын зах зээлд сүүлийн гурван жилд БНХАУ-ын “Feiye” компанид үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хувьсах гүйдлийн статик ватт цагийн нэг фазын DDS 169 загварын, гурван фазын DTS 169 загварын тоолуурууд хуурамчаар нийлүүлэгдсэн нь эрчим хүчний алдагдал гаргаж буй гэнэ. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хохирч буйг таслан зогсоох зорилгоор СХЗГ, “УБЦТС” компани хамтран уг загварын электрон тоолуурт магадлан тогтоох баталгаажуулалт хийхэд импульсээ алдаатай гаргадаг, гүйдэл, хүчдлийн хэт ачаалал даадаггүй, гэмтсэн тохиолдолд бүртгэгч хязгааргүй тоолдог зэрэг зөрчил илэрсэн байна.
Энэ нь “Идэвхтэй эрчим хүчний хувьсах гүйдлийн статик ватт цагийн тоолуур шалгах арга хэрэгсэл” MNS 5090:2005 стандартын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдож, Монгол улсын “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Тоолууртай холбоотой асуудлыг СХЗГ-ын Хэмжил зүйн Техникийн хорооны хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч оролцуулан хэлэлцэж СХЗГ-ын даргын тушаал гаргалаа. Ингэхдээ Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, загварын туршилтад тэнцэж улсын бүртгэлд бүртгэгдсэн БНХАУ-ын “Feiye” компанид үйлдвэрлэсэн нэг фазын DDS 169, гурван фазын DTS 169 загварын электрон цахилгаан тоолууруудыг улсын анхдагч баталгаажуулалтад хамруулахыг энэ оны гуравдугаар сараас хоригложээ. Мөн Монгол Улсын хил, гаалиар нэвтрүүлэхгүй байх талаар Гаалийн Ерөнхий газарт мэдэгдсэн аж. Харин одоогоор хэрэглэгчдийн ашиглаж байгаа улсын баталгаажуулалтад хамрагдаж, гэрчилгээ олгосон тоолуурыг төлбөр тооцоонд үргэлжлүүлэн ашиглах, стандартын шаардлага хангахгүй байгаа тоолуурыг ашиглалтаас хасах талаар холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Уг тушаалын хувийг Аймаг, Нийслэлийн МХГ, Хилийн мэргэжлийн хяналтын албадад хүргүүлэн, хяналт тавьж ажиллах үүрэг өгчээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд БНХАУ-ын “Feiye” компанид үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны хувьсах гүйдлийн статик ватт цагийн нэг фазын DDS 169, гурван фазын DTS 169 загварын тоолууруудыг шинээр худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: