М.Энхболд: АТГ-ын даргыг чөлөөлбөл хууль зөрчинө
УИХ-ын нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлаж, АТГ-ын дарга Х.Энхжаргалд хариуцлага тооцохыг шаардсан. Үүнийг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж, саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Улмаар УИХ-ын даргын зөвлөл дээрх асуудлыг хэлэлцээд, Хууль зүйн байнгын хороог хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Гэвч Байнгын хорооны ирц хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ энэ асуудлыг онцлон тайлбарлалаа. Тэрбээр “ УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.
Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг.
Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.
Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье” гэсэн юм.
Б.Анир
URL: