Зэрлэг амьтдыг аврах боломж гарлаа

42820826_1408563619246848_1181390798407598080_nТал хээр, говь цөлийн бүсийн дагуу зэрлэг  амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс 2015 онд төв Азийн орнуудаас анх удаа баталсан билээ. Үүгээр зогсохгүй Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Стандартчилал хэмжил зүйн газар баталлаа. Ингэснээр Монгол орны аль ч хэсэгт авто, төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстой болжээ. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн, цоохор ирвэс зэрэг олон зэрлэг амьтдын нүүдлийн зам, амьдрах орчинд саад учрахгүй байх боломж бүрдэж байгаа юм.

Нүүдлийн зэрлэг амьтдад ямар аюул ойрхон байгаа вэ?

Амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь авто болон төмөр зам. Монгол Улс нийт 1088  км урт төмөр замтай. Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваачих нь тэр. Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо маш цөөхөн үлджээ. Харин нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүрэг одоохондоо тааваараа бэлчиж явна. Гэхдээ энэ сүрэг төдийгүй бусад тууртнууд удахгүй зүүн бүсэд өрнөх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтаас болж мөхөж мэдэх аюул хэдийнэ хаалга тогшиж эхлээд байна.

Зүүн чиглэлд тавих төмөр зам нүүдэллэдэг амьтдад жинхэнэ аюул учруулахаар байгаа билээ. Учир нь, Даланзадгадаас Чойбалсан хүртэл тавих төмөр зам социализмын үед таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хааж таарах нь. Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орохоор бүр хавханд орсон юм шиг таг хаагдах төлөвтэй байгаа юм. Цагаан зээр бол Монголын бахархал болохоор амьтан. Бид л тоодоггүй болохоос нутагт нь нэг төрлийн амьтан олон зуун мянгаараа нүүдэллэдэг улс дэлхийд цөөн. Цагаан зээр ган зуд болоход бэлчээрээ дагаж олон км нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. Гарах гэж зүтгэсэн нь торонд олон арваараа өлгөгдөж үхдэг. Ганц цагаан зээр ийм хүнд байдалд ороод байгаа юм биш. Шинээр барих төмөр зам хулан, хар сүүлтийн нүүдэлд бас л саад болохоор байна.

Одоогоор тодорхойлоод байгаа чиглэлээр баруун бүсэд тавих дэд бүтэц Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бэлчдэг дэлхийд өөр хаана ч байхгүй монгол бөхөнгийн гол тархац нутгийн яг дундуур нь гарч байна. Өөрөөр хэлбэл, монгол бөхөнгийн нүүдлийг хааж байгаа юм.

Үүн дээр босоо тэнхлэгийн авто замууд ашиглалтад орж байгаа гэхээр нүүдэллэдэг амьтдын ирээдүй тун бүрхэг болов. Нэгэнт улс орны эрх ашгийг хойш нь тавихгүйгээс хойш төмөр болон авто зам барьж л таарна. Харин энэ ажлыг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр яаж хийх вэ, хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх баталгааг одоогоор хэн ч өгч чадахгүй байна. Хэрвээ одоогийн төслөөр явах юм бол цагаан зээрийн сүрэг ес хуваагдана. Хулан долоо, хар сүүлтийн сүрэг мөн долоон хэсэгт  хуваагдах төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байна. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

Говийн бүсэд барьсан авто зам хулан, хар сүүлтийн нүүдэлд төмөр замын торноос дутахгүй аюул учруулж байгаа юм. Нүүрс зөөдөг тэр олон зуун машины дуу чимээ, тоос шороонд ямар ч амьтан зам хөндлөн гарч чадахгүй дайждаг.

Зэрлэг амьтдыг аврах боломж гарлаа

Стандарттай боллоо, одоо хэрэгжүүлэх хэрэгтэй

Дээр дурдсан олон бэрхшээлийг улс орнууд нүхэн болон гүүрэн гарц байгуулах замаар шийдсэн байдаг. Улс орон  хөгжиж, санхүүгийн бядтай болохын хэрээр нүүдлийн амьтдад зориулж олон төрлийн гарц байгуулснаар амжилтад хүрсэн нь цөөнгүй. Монгол орны хувьд ойрын жилүүдэд уул уурхай дагасан эдийн засгийн хөгжил жин дарах нь тодорхой болсон тул зэрлэг амьтдаа хамгаалах зайлшгүй шаардлага гараад байгаа юм. Стандарттай болсноор нүүдэллэдэг амьтдын хамгааллын зөв эхлэл тавигдлаа гэж байгаль орчны салбарынхан ам сайтай байна.  Гэхдээ шинэ стандарттай болсноор бүх асуудал шийдэгдэж байгаа юм биш. Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замын өргөст торыг авах уу, үлдээх үү, тэнд шинээр гүүрэн, нүхэн гарц барих эсэх нь маргаантай, тодорхойгүй хэвээр үлдэж байна. Эрдэмтэн, судлаачдын ярьснаар  амьтдын нүүдэлд саад болдог төмөр замын өргөст торыг манайд зөвхөн мал оруулахгүй байх талыг нь харж хийсэн байдаг ажээ. Торыг авсны дараа галт тэргэнд мал дайруулвал нөхөн төлбөрийг хэн өгөх вэ, хариуцлагыг хэн хүлээх вэ гээд олон асуулт гарна. Хамгийн гол нь, төмөр замын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх талтай гэдэг. Хүнээ бодох уу, амьтнаа бодох уу гэдэг салаа сонголт ч гарч ирнэ. Зохицуулах асуудал цөөнгүй байна. Тиймээс шинээр барих төмөр замд энэ алдааг давтаж болохгүй гэж эрдэмтэд урьдчилан сануулж байгаа юм.

Зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах асуудлыг гаднын орнууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдсэн байдаг ажээ. Жишээ нь, нүхэн гарцыг нэлээд өргөн хэмжээтэй хийдэг. Өөрөөр хэлбэл, цаад тал нь тэнгэр нэвт харагдахаар тийм хэмжээг сонгодог юм байна. Зэрлэг амьтад ийм газраар чөлөөтэй нэвтэрч гардаг нь олон улсад нотлогджээ. Ийм гарцуудыг шинэ стандартын дагуу Монголд хийх байх.

Монгол Улс байгаль хамгаалах чиглэлийн олон улсын томоохон конвенциудад нэгдсэн байдаг. ХБНГУ-ын Бонн хотноо 1979 онд байгуулсан Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) тухай  томоохон конвенц байдаг. Үүнд манай улс элсчихсэн, дүрэм журмыг нь дагаж биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ шинээр төмөр зам барихдаа урьдын алдааг давтаж нүүдэллэдэг амьтдын сүргийг дахиад л тасалчихвал Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унах  эрсдэлтэйг мартаж болохгүй.

Юутай ч шинэ стандарттай болж чадлаа. Төмөр болон авто зам барихдаа амьтдад зориулж заавал гарц байгуулахаар  болсон нь өөрөө том амжилт юм. Хууль нь байна, гашуун жишээ нь ч  байна. Одоо Стандартчилал хэмжил зүйн газрынхан стандартын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах үлдлээ. Ялангуяа шинээр барих төмөр замд энэ стандартыг хэрэгжүүлэхэд хяналт тавих нь маш чухал юм.  Компаниуд ч энэ тал дээр идэвхи зүтгэл гаргаж стандартын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах цаг болжээ.

Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу филисофийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг билээ.

Э.Хүрэлбаатар


URL:

Сэтгэгдэл бичих