Багшийн цалинг нэмэхийн тулд спортын төсвөөс хумслах нь
Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсан тэмцэл Засгийн газрын байр суурийг нэлээд ганхуулсны эцэст хоёр тал тохиролцоонд хүрсэн. Эхний ээлжинд цалин нэмэхэд шаардлагатай 15 тэрбум төгрөгийг Сангийн болон БСШУСЯ өөрсдийн нөөцөөс гаргахаар болсон билээ. Гэхдээ энэхүү шийдвэр бусад салбарт сүүдрээ тусгана чинээ даанч санасангүй. Төсөв танах шийдвэрийн гол хохирогч нь спортын салбар болоод байна. Уг нь үр ашиггүй зардлаа танах байдлаар шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ол гэсэн үүрэг даалгавар дээрээс өгсөн байж таарна. Гэтэл нэг салбарын ажилчдын цалинг нэмэх гээд нөгөө салбарын санхүүжилтийг өм цөм хасаж орхижээ. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж буй арга ядсан алхам гэж үүнийг л хэлэх байх. 2019 он бол олимпийн өмнөх жил. Бид айсуй олимпод хэдэн төрөлд хэчнээн тамирчинтай орж, ямар амжилт үзүүлэх ерөнхий дүр зураг чухам 2019 онд тодорно.
Хийх бэлтгэл их, оролцох тэмцээн олон учраас олимпийн угтвар жилд спортын салбарт ахиу мөнгө төсөвлөж ирсэн байдаг. Биеийн тамир, спортын газрын (БТСГ) зүгээс токиогийн олимпийн бэлтгэлээ одооноос чамбайруулахын тулд 24 тэрбум төгрөгийн төсвийн саналаа Сангийн яаманд хүргүүлжээ. Гэтэл үүнийг нь 9.7 тэрбум болтол нь танаж орхисон гэнэ. Бүр 2018 оны төсвөөс ч бага мөнгө хуваарилсан гэсэн үг. БТСГ-ын дарга Ц.Шаравжамц өөрийн facebook-тээ энэ талаар бичсэний дараа маш олон хүн дургүйцлээ илэрхийлсэн байв. Хамгийн чухал жилийн төсвийг яагаад хассан талаар асуухад яамны нэгэн дарга нь “Олимпоос медаль авах хүний тоо угаасаа цөөхөн. Тийм болохоор бусдад нь мөнгө зарцуулж яахын.
Гарцаагүй медаль авах 6-7 тамирчнаа л тэмцээнд нь оруулна биз” гэсэн ертөнцөөс тасарсан хариулт өгчээ.Түүнийхээр бол бид Токиогийн олимпт долоон тамирчнаа дагуулж очоод долоон медальтай ирэх юм байна л даа. Спортыг бага ч гэсэн гадарладаг хүн бол ийм тайлбар сонсоод шууд стрессдэх байх. Гэвч бодит байдал дээр иймэрхүү нөхөд төсөв мөнгийг дур зоргоороо хассан шиг сууж байна. Энэ талаар БТСГ-ын дарга Ц.Шаравжамцаас тодруулахаар залгатал ам нээх тун дургүй байна. “Ах нь одоо төсөв мөнгөний талаар яримааргүй байна. Ямар ч байсан нэг тоо батлагдах байх” гэхээс өөрийг хэлсэнгүй. Хэдийгээр газрын дарга нь мэдээлэл өгөхөөс татгалзсан ч БСШУСЯ-ны эх сурвалжтай холбогдож, зарим зүйлийг тодруулав. Өдгөө манай улс спортын 17 төрлөөр 170 тамирчин, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй шигшээ багийг барьж байгаа.
• 2019 оны төсвийн нийт орлого 9.7 их наяд төгрөг байхаар тооцсон нь жилийн өмнөхөөс бараг хагас их наядаар өссөн дүн.
• Дарга нар үргүй тансаглалаа хасахын оронд улам нэмчихээд спорт хэмээх том салбарын төсвийг өм цөм хасаж байгаа нь харамсалтай.
• Шигшээгийн бүрэлдэхүүнд багтдаг спортын төрлийг 32 болгон нэмж, тамирчдын тоог 500-д хүргэхээр төлөвлөж байв.
Тэгвэл ирэх оноос шигшээгийн бүрэлдэхүүнд багтдаг спортын төрлийг 32 болгон нэмж, тамирчдын тоог 500-д хүргэхээр төлөвлөжээ. Үүнд сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол, хоккей зэрэг багийн спорт багтаж байгаа юм. Ийнхүү хамрах хүрээг нэмснээр цөөн хэдэн төрөлд олимпийн медаль найддаг байдлыг арилгаж, спортыг жигд, хүртээмжтэй хөгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Харин одоо төсөв танагдсан болохоор дээрх зорилго мөрөөдөл төдий болон хоцрох нь. Хүмүүс спортыг үр ашгаа өгдөггүй, дандаа зардал гаргаж байдаг хэмээн ад үзэх нь бий. Нэг талаар тийм. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзвэл спортын үр нөлөөг юутай ч харьцуулшгүй.
Спортын төрөл хөгжихийн хэрээр одууд төрнө. Үүнийг дагаад хүүхдүүд хичээллэж эхэлнэ. Олимпийн жилд жүдо, чөлөөт, боксын секцэнд хүүхдүүд багтахаа больдог нь чухам үүнтэй холбоотой. Мэдээж тэд бүгдээрээ мэргэжлийн тамирчин болж, олимп дэлхийгээс медаль авахгүй. Гэхдээ спортоор хичээллэсний ачаар ах захаа хүндэлдэг, багаар ажиллах чадвартай, бие бялдрын хөгжил сайтай, эрүүл саруул, зөв хүн болж төлөвшдөг юм. Жигтэйхэн сахилгагүй, байнга зодоон цохион хийж явдаг байсан хүүхэд спортоор хичээллэж эхэлснээсээ хойш тун сайн төлөвшсөн олон жишээ бий. Сүүлийн үед спортын ач холбогдлыг ойлгодог хүний тоо эрс нэмэгдэж байгаа. хүмүүс амралтын өдөр уул руу гардаг боллоо.
24 тэрбум төгрөгийн төсвийг 9.7 тэрбум болтол нь танажээ
Дугуй их унаж байна. Ширээний теннис, бадминтоноор хичээллэх хүн зөндөө болсон. Сагс, волейбол, хөлбөмбөг бол угаас хичээллэгч олонтой төрөл. Олон хүн сонирхож байгаа спортыг улс аль болох бодлогоор дэмжиж, хичээллэх нөхцөл бололцоогоор нь хангаж өгөх л хэрэгтэй. Тэгж байж монголчууд эрүүл саруул, өвчин зовлонгүй болно. Энэ хэрээр эм тарианд зарцуулдаг үргүй зардал багасна. Эмнэлгийн ачаалал буурна гээд нийгэмд үзүүлэх спортын дам нөлөө их. Харамсалтай нь төсөв баталж буй дарга нар дунд үүнийг ойлгох хүн байдаггүй бололтой. Айсуй 2020 оны олимпоос бид зөвхөн алтан медаль хүлээж байгаа. Бээжингээс хойш хоёр олимп дараалан аваргагүй ирсэн болохоор энэ удаа заавал алт авах хүндхэн даалгавар манай тамирчдад тулгарч буй. Хэрэв шаргал өнгөтэй медаль авчихвал монгол түмэн яаж баярлахыг төсөөлөөд үзээрэй. Гэхдээ спортод зориулах төсвөө ингэж танаад байвал токиогоос том амжилт хүлээнэ гэж горьдолтгүй болох нь. Засгийн газар хэдхэн хоногийн өмнө 2019 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Төсвийн нийт орлого 9.7 их наяд төгрөг байхаар тооцсон нь жилийн өмнөхөөс бараг хагас их наядаар өссөн тоо. Тэгвэл энэ мөнгөний 0.2 хувийг спортын салбарт хуваарилж өгөөч гэж хүссэн ч хүлээж аваагүйгээр үл барам бараг гурав дахин хасаж орхисныг юу гэж ойлгох вэ. Улс орны эдийн засаг сайнгүй байгааг бүгд мэднэ. Тиймээс бүсээ чангалах шаардлага бүгдэд тулгарч байгаа. Гэхдээ сайд дарга нар хэмнэлт хийнэ гэж ярьдаг хэрнээ үрэлгэн зардлаа улам өсгөсөөр байгааг манай сонин өмнө нь хөндөн бичсэн. Төрийн албаныхны эд хогшил, тавилга, байр сав, гадаад дотоод томилолт, утас унааны мөнгө зэрэг урсгал зардал гэхэд 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдчихээд байгаа. Зөвхөн эд хогшил буюу өмнө нь хэрэглэж болоод байсан ширээ сандал, компьютер зэргийг акталж, зурагт буйдангаа шинэчлэхэд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулсан баримт нь бэлээхэн байна. Уг нь манай төрийн түшээд хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлж, бусдад үлгэр дуурайл болох учиртай. Гэтэл үргүй тансаглалаа хасахын оронд улам нэмчихээд спорт хэмээх том салбарын төсвийг өм цөм хасаж байгаа нь дэндүү харамсалтай.
Г.Баярсайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
зөв мангар тамирчид гэртээ л хэвтэж бай