Мэргэжлийн сумогийн 70 дахь Их аварга Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол болов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын ажиллагаа Токио хот дахь Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр буюу 2018 оны есдүгээр сарын 30-нд боллоо.
Харүмафүжи Даваанямын Бямбадорж 2001 онд 16-хан настайдаа мэргэжлийн сумо бөхийг сонгон барилдаж эхэлсэн бөгөөд 2004 оны 11 дүгээр сард дээд буюу Макүүчи зиндаанд дэвшиж байсан билээ. Тэрбээр дээд зиндаанд есөн удаа түрүүлсэн байна. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Ёкозүна /Их аварга/ цол хүртэж байсан юм.
Энэхүү зодог тайлах ёслолд 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр энэ цаг үеийг эзэлсэн 69 дэх Харүмафүжи Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нартай дэвжээнд гарч, сүүлчийн удаа “Ёкозүна дохё-ири” ёслолыг хийжээ. Үүний дараа аваргын үсийг нь хөндсөнөөр Харүмафүжи мэргэжлийн сумо бөхийн замналаа албан ёсоор дуусгалаа.
Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч Японы мэргэжлийн сумогийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн юм. Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгдсэнээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол-2” сургуулийг Яармагт барьж байгуулан, өнгөрсөн есдүгээр сарын 1-нд нээсэн. Тэрбээр зураг зурах авьяастай бөгөөд Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргажээ.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: