Хуурамч бичиг баримттай компанийг нуун дарагдуулж явсан Д.Авирмэд хятадуудаас 7 тэрбумыг авчихав уу, Ерөнхий сайд аа!

5badaa763cfdd9.75127908Эдийн засгийн хямрал улам бүр гүнзгийрч, ажилгүйдэл ядуурал ихсэж, ажилгүй лааз өшиглөгчид их болсон. Төрийн албан хаагчид цалингаа нэмүүлэхийг шаардаж, жагсаал цуглаан хийнэ. Гэтэл энэ бүхний хажуугаар ажил үүрэг нь давхардсан төрийн байгууллага, төсөл хөтөлбөрүүд ихэсчээ. Тухайлбал, 2014 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хүрээнд гурван үе шаттай хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Тус төслийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Улаанбаатар хотын захиргаа хамтран 300 гаруй сая ам.доллараар санхүүжүүлсэн гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэлх дөрвөн жилийн хугацаанд дорвитой хийсэн ажилгүй хэрнээ ажилчид нь өндөр цалин хангамж авч ажиллаж байна. Уг нь төслийн гол зорилго нь хотын  гэр хорооллын дунд инженерийн шугам сүлжээ, автозам бүхий дэд төвүүдийг байгуулж, хүн амын суурьшил, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад орших юм. Нэг ёсондоо нийслэл хот маань төв хэсэгтээ төвлөрөл ихтэй. Төвлөрлөөс болж агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл ч их үүсдэг. Тиймээс хотын төвтэй адилхан дэд төвүүдийг захын хороололд байгуулж, төвлөрөл түгжрэлийг багасгах зорилготойгоор тус төсөл ажлаа эхэлсэн байгаа юм. Уг нь үүнийг хийж хэрэгжүүлж дөнгөх өчнөөн алба агентлаг байхад олон ажилтантай, өндөр цалинтай төслийн баг байгуулах хэрэг байсан уу гэдэг асуудал гарч ирж байна.

Төслийн зохицуулагчаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд ажилладаг бөгөөд төслийн баг 10 гаруй ажилтантай аж. Төслийн зохицуулагч Д.Авирмэд нь таван сая гаруй төгрөгийн цалин авдаг бол ажилчид нь гэх есөн хүн дунджаар хоёр сая таван зуун мянга болон түүнээс дээш төгрөгийн цалин авдаг гэнэ.

Анх төслийн ажил эхлэхэд төслийн зохицуулагч Д.Авирмэд санхүүгийн ажилтнаар томилогдсон байдаг. Гэвч ажилдаа хайхрамжгүй хандаж, ноцтой зөрчлүүд гаргасны улмаас 2015 оны аравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. Харин 2016 оны сонгуулийн дараагаас төслийн зохицуулагч болон дэвшиж, буцан ирсэн байдаг. Нэгэн цагт нийслэлийн ИТХ-ын хэсэг төлөөлөгч Бразил явж хөлбөмбөг үзсэн хэрэгт нэр холбогдож явсан гэх мэдээлэл шуугиан болж байсан.

Гэвч ажилдаа хайнга хандаж халагдаж хүртэл явсан Д.Авирмэд болон түүний хэсэг нөхөд томоохон төсөл хөтөлбөрүүдийн зохицуулагчид болж толгой эргэм дүнтэй тендэр, төслүүдийг будлиантуулж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн дэд бүтцийг сайжруулах ажлын автозам барих, дулааны шугам татах ажлын тендэр энэ сарын 15-ны өдөр нээгдсэн. Тендэрт 6.2 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлтэй дотоодын нэг компанитай 9.0 сая ам.доллараар ажил гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн БНХАУ-ын Людвиг Прайффер”, Прайффер Лэйпзингийн хамтарсан түншлэл өрсөлджээ. Хачирхалтай нь тендэрийн дүн гарахад өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн Хятадын хамтарсан түншлэл ялж, хямд үнээр чанартай гүйцэтгэх санал өгсөн дотоодын компани туршлага багатай гэсэн хөгийн шалтгаанаар ялагдсан байх юм. Өөрөөр хэлбэл, тендэрт 2.8 сая ам.долларын илүү өртгөөр ажиллана гэсэн Хятадын компани ялжээ.

Энэмэтчилэн дотоодын компаниа дэмжихгүй өндөр үнэтэй хийж гүйцэтгэнэ гэсэн хятадын хамтарсан компанийг шалгаруулж байгаа нь яах аргагүй тендэр будлиантуулж, авлига авчээ гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм. Хэлж байгаа шалтгаан нь ч үнэнд нийцэхгүй.

Үнэндээ 2.8 сая ам.доллар гэдэг бол долоон тэрбум наян есөн сая төгрөг. Энэ их мөнгөөр олон бүтээн байгуулалтын ажил хийж болохоор. Гэтэл энэ их мөнгө бүтээн байгуулалтад бус хэн нэгний халаас руу урсан орж буй нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, төслийн багийн зохицуулагч Д.Авирмэд болон түүний хэсэг нөхөд ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн хардлагыг төрүүлж байна. Зөвхөн энэ жишээ ч бус өмнө нь ч ийм будлиантуулсан ажлыг хийж явсан гэдэг мэдээлэл байдаг. Тодруулбал, Баянхошуу дэд төв дэх барилгын ажлын гүйцэтгэгч “Эх тэргүүн” хэмээх компани барилгын ажил гүйцэтгэгчээр сонгогдсон хэдий ч тус компани гэрээт хугацаандаа ажлаа дуусгаагүй байжээ. Ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн компани ажлаа эхлэхээсээ өмнө банкинд тодорхой хэмжээний мөнгө байршуулж, хэрвээ үүргээ биелүүлээгүй бол түүнийг нь улсын төсөвт оруулахыг зөвшөөрдөг байна. Гэтэл “Эх тэргүүн” гэгч компани хуурамч бичиг баримт ашиглан барилгын ажлаа дуусгаагүй хэрнээ уг мөнгийг банкнаас чөлөөлж, өөрсдөө авсан нь банкны баримтаар нотлогдсон хэмээдэг. Гэвч энэ бүхнийг төслийн зохицуулагч Д.Авирмэд мэдсээр байсан хэрнээ нуун дарагдуулж, тус компанитай гэрээг сунгасан гэсэн яриа гарч, хэвлэлээр шуугьж байсан.

Тэгэхээр энэмэтчилэн удаа дараагийн үйлдлээр өөр хэчнээн хэмжээний мөнгийг халаасалж суугааг шалгах цаг нэгэнт болж. Цаашид тус төсөл дээр олон ажил хэрэгжинэ. Төлөвлөгөө ёсоор төслийн хүрээнд дэд төвүүдэд 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 оюутан суралцах боломжтой МСҮТ, бизнес инкубатор төв, дулааны станц, усан сан, авто зам болон үйлчилгээний төв бүхий 50 айлын орон сууц зэргийг барихаар төлөвлөсөн. Тэгвэл бүтээн байгуулалт бүр дээр зарлагдсан тендэрийг будлиантуулж ашиг унагаад байвал хэчнээн хэмжээний мөнгө хэн нэгний халаасанд орж өврийг нь түнтийлгэх вэ. Улс орны эдийн засаг хямарчихсан, элгээрээ хэвтчихээд байгаа энэ үед ийм хэмжээний мөнгийг тавьж туугаад байж боломгүй санагдана. Тендэр тутмаас долоон тэрбум наян есөн сая төгрөг завшаад байвал улс орон хөгжил хэрхэн урагшлах вэ. Тэртусмаа эргэн хүүтэйгээр төлөгдөх зээлийн мөнгө шүү. Тиймээс Д.Авирмэдээр толгойлуулсан авлигын утсан хүүхэлдэйт эл төслийн багийг яаралтай татан буулгаж, өмнөх будилаант тендэрүүдийг эргэн шалгаж улсыг хохиролгүй болгоно уу, Ерөнхий сайд аа. Шударгаар ажлаа явуулж чадахгүй өндөр цалинтай төслийн багийнхнаар яах вэ билээ. Тэдний цалинг хүртэл Азийн хөгжлийн банкинд буцаан төлөх ёстойг эрхбиш мэддэг байлтай. Төрийн байгууллагууд өөрсдөө энэ төслийн ажлаа аваад хийж хэрэгжүүлээд явах чадамжгүй байна гэдэг дэндүү хөөрхийлөлттэй.

Эх сурвалж: “Нийгмийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих